Монгол Улсын эрчим хүчний систем бүрэн хүчин чадлаараа ажиллаж, гэнэтийн эвдрэл гэмтэл гарвал хотоороо халаалтгүй болж, осгож хөлдөх аюулын ирмэгт ирсэн тухай бид хамгийн сайн мэдэж байна. Гэвч шүүмжлээд л суух аж. Хэрэв хүйтний эрч -30 хэм давж буй энэ өдрүүдэд эрчим хүчний систем доголдож, томоохон эвдрэл саатал гарвал бид эрх баригчдыг шүүмжилж суусаар хөлдөөд үхчихэж болохгүй нь мэдээж. Төрийн зүгээс хэдхэн өдрийн дотор эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж чадахгүй нь ч бас тодорхой.

ОХУ-аас авдаг нийлүүлэлтээр дутуугаа нөхөж, эрчим хүчний системийг хэвийн түвшинд байлгахын тулд л энэ салбарынхан ажиллаж байна. Гэхдээ ийм зүйл болохыг тэд аль эрт мэдэж байсан. Мэдсэн ч эрчим хүчний том төслүүдээ хөдөлгөж, ашиглалтад оруулж, найдвартай эх үүсвэрийг бүрдүүлж чадаагүй нь манай төрийн байгаа байдал. Үүнийг бид хангалттай шүүмжилсэн.

Гэвч бид шүүмжилснээр, магадгүй хэн нэгнийг огцруулснаар, буруутнаар тодруулснаар ямар нэгэн эерэг үр дүн, өөрчлөлт гарна гэвэл өрөөсгөл. Иймээс хэн нэгнийг харж, шүүмжилж суухын оронд өөрсдөө шийдэл гарц хайхаас аргагүй.

Тэгвэл бид юу хийж чадах вэ?

“Эх орончид”-оосоо салах


Монголд хийж буй томоохон бүтээн байгуулалт бүр “эх орончид”-ын эсэргүүцэлтэй тулгардаг болсон. Наанаа эх орон, нутаг ус хэмээн яривч эцсийн зорилго нь яаж, ийж байгаад тухайн бүтээн байгуулалтыг зогсоох зорилготой олон хөдөлгөөн, төрийн бус байгууллагуудын үнэн төрхийг мэдэх хүртлээ бид тодорхой хугацааг тууллаа. Үүнийг эрчим хүчний төслүүдийн жишээнээс тодорхой харж болно.

Тухайлбал, Багануурын цахилгаан станцын төсөл эхлэхэд “хятад”-уудаар бариулах нь буруу гэж олны тархийг угааж эхэлсэн. Ингээд олон жил гацсан төслийн ажлыг 2022 онд үргэлжлүүлэх боломжийг Хятадын талаас гаргасан ч тухайн үеийн Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн хүлээж аваагүй гэдгийг эх сурвалжууд хэлдэг.  

Энэ бол нэг л тохиолдол. Үүнээс гадна улсын хэмжээний бүтээн байгуулалт төслийн ажил эхлэх бүрт ямар нэгэн эсэргүүцэл, хөдөлгөөн үүсдэг нь ёс мэт болсон. Гэвч бид энэ хүмүүсээ үргэлж сонгож, үгэнд нь хууртсаар явна. Харин одоо “эх орончид”-ынхоо үгэнд итгэж, өөгшүүлдэггүй хэрсүү сонгогч байх нь бидний хийж чадах эхний алхам.

Сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох

Буруутанг олох, алдааг хэн нэгнээс хайх амархан. Харин хотоороо “хөлдвөл” бид юу хийж чадах вэ? Бид нүүрсний цахилгаан станцаас өөр эрчим хүчний үүсвэртэй болох боломжтой. Энэ бол сэргээгдэх эрчим хүчний шавхагдашгүй нөөц. Дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлж, нүүрсний станцуудаас татгалзсаар байна. Манай улс ч гэсэн нар, салхины асар их нөөцтэй.

Энэ шавхагдашгүй нөөцийг зөв ашиглаж чадвал айл өрх бүр эрчим хүчнийхээ хэрэглээний тодорхой хувийг шийдэх боломжтой юм. Ингэснээр хотоороо “хөлдөх” аюулаас бид өөрсдөө тодорхой хэмжээнд сэргийлэх боломж бүрдэнэ. 

Тухайлбал, нарны зайн дэлгэц, хавтан, салхин хөдөлгүүр зэрэг эрчим хүчний шавхагдашгүй цэвэр эх үүсвэр, дэвшилтэт технологийг амины орон сууцанд ашиглах боломжтой. Ингэхийн тулд гэртээ хувийн цахилгаан үүсгүүрийн систем суурилуулах шаардлагатай аж. Үүнийг нэвтрүүлэх нь өртөг мөнгөний хувьд хямд биш ч дараагийн жилүүдэд гарах зардлыг бууруулахаас гадна үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг байна. Энэ нь нар, газрын дулаан, салхи, бичил цахилгаан станц зэрэг ямар ч хэлбэртэй байж болно.

Нарны зайн дэлгэц л гэхэд технологийн хувьд сайжирч барилгын тагт, дээвэр, шилэн цонх зэрэгт суурилуулах боломжтой болоод байна.

Мөн салхины эрчим хүчний технологи хурдацтай хөгжиж эхэлсэн. Жишээ нь амины орон сууцанд зориулсан салхин хөдөлгүүрийг худалдан авч болно. Амины орон сууцанд суурилуулсан жижиг хэмжээний салхин хөдөлгүүр нь гэр ахуйн төхөөрөмжүүдийг цахилгаанаар хангах хүчин чадалтай. Мөн бага хэмжээний эрчим хүчээр хэрэглээг хангаж, нөөц бүрдүүлэх боломжтой аж. 

Зургийн эх сурвалж: barilga.mn

Энэ мэтчилэн сэргээгдэх эрчим хүчний олон төрлийн эх үүсвэр бий болж, технологийн хувьд жилээс жилд сайжирсаар байна. Гэхдээ Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний үнийг зохицуулж, тодорхой түвшинд барьдаг тул сэргээгдэх эрчим хүчний зардал өндөрт тооцогдсон хэвээр байгаа юм. Хэдийгээр өндөр үнэтэй ч гэнэт нийтээрээ тоггүй болчихвол яах билээ гэх айдасгүй, найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болж чадна  гэсэн үг. 

Эрчим хүч гэдэг өргөн хүрээг хамарсан ойлголт. Цахилгааны эрчим хүчнээс гадна дулааны эрчим хүч хэмээх том ойлголтыг үлдээж болохгүй. Байшингийн хана буюу хаших хийцийн цууралт хагаралаас үүдсэн дулаан алдагдал, цонхны зай завсар гээд дулааны эрчим хүчний алдагдал мундахгүй. Орон сууцыг дулаалахгүйгээр та гэртээ цахилгаан халаагуур залгах нь эрчим хүчний үргүй зардал, өрхийн төсвийн алдагдал, эрчим хүчний системийн ачаалал, импортын цахилгаан худалдан авалт өсөх нэг шалтгаан болно гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Хэмнэх

Хангалттай эх үүсвэртэй байсан ч та хэмнэж хэрэглэх учиртай. Хэмнэх нь усан цахилгаан станц барихыг эсэргүүцэхээс илүү байгальд ач тустай.

Хүн бүр амины орон сууцандаа сэргээгдэх эрчим хүчний үүсгүүртэй болох санхүүгийн боломжгүй. Дээрээс нь нийтийн орон сууц болон гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах боломж, технологи өргөн нэвтрээгүй байна. Иймээс эрчим хүчээ хэмнэх хамгийн энгийн арга нь тогоо тохируулж хэмнэх юм.

Хэмнэлттэй хэрэглээ нь айл бүрт юуны түрүүнд эдийн засгийн хэмнэлт болж бууна. Өөрөөр хэлбэл хэмнэлттэй хэрэглэвэл та бага төлөх нь мэдээж. Айл өрхүүд цахилгаан хэрэгслээ нэгэн зэрэг ашиглахгүйгээр тогны төлбөрөө 50 хувиар бууруулж болно. Мөнгөн дүнгээр нь бодвол 40000 төгрөгийн цахилгааны төлбөр төлдөг айл 22000 төгрөгийг зарцуулах боломжтой. Сарын төлбөр нь 50 хүртэл хувиар буурна гэдгийг “Тогоо тохируулъя 17:00 - 22:00 цаг” нөлөөллийн аяны нээлтийн үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн Б.Энхжаргал онцолж байв.

Дулааны алдагдал, цахилгаан халаагуур, хэмнэлтгүй хэрэглээ зэрэг нь нэг өрхийн хувьд системд ачаалал үүсгэхгүй мэт танд санагдаж магадгүй. Гэвч нийт 680 мянга өрхийн хэрэглээний түвшинд төсөөлж үзвэл энэ огт өөр тоо гарах юм. Тухайлбал, 380 мянган айл өрхийн 10 хувь нь буюу  38 мянган айл өрх нэгэн зэрэг индүү ажиллууллаа гэж төсөөлөөд үзье. Индүүний хэрэглээ 1500 ватт буюу цагт 1,5 кВт байдаг. 38 мянган өрх оргил ачааллын цагт индүүгээ зэрэг ажиллуулахгүй байвал 50 мегаваттын цахилгаан эрчим хүчийг хэмнэх боломжтой. 

50 мвт гэдэг нь “ДЦС 3”-ийн хүчин чадлын 30 хувьтай тэнцэнэ.

Эрчим хүч хэмнэх энгийн аргууд:

  • Ширмэн плиткаа индукцийн плиткаар сольсноор сард 8000 төгрөг хэмнэх боломжтой.
  • Эрчим хүчний хэмнэлттэй лед чийдэн нь энгийн улайсдаг чийдэнгээс 80 хувь бага эрчим хүч зарцуулна.
  • Ашиглаагүй гэрлээ унтраах, мэдрэгчтэй гэрэлтүүлэг ашиглах, цагийн реле тавих зэргээр гэрэлтүүлгийн зардлыг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой.
  • Эрчим хүчний үр ашигтай A, A+, A++ тэмдэглэгээ бүхийн тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл сонгосноор цахилгааны зардлаа 15-30 хувь хэмнэнэ.
  • Үдийн цайны нэг цагийн хугацаанд нэг суурин компьютерийг унтрааснаар жилд 8900 төгрөг хэмнэнэ.
  • Компьютерийн дэлгэцийг ашиглаагүй үед нэг минутын дараа амрах горимд тохируулснаар эрчим хүч зарцуулалтыг 30 хүртэл хувь бууруулна.
  • Зөөврийн компьютер суурин компьютероос 5 дахин бага цахилгаан хэрэглэнэ.

Хийхэд арга, хийхгүйд шалтаг олдоно гэдэг. Бид бусдыг шүүмжилж, бурууг хэн нэгнээс хайж суухын оронд гэрийнхээ эрчим хүчний эх үүсвэрийн найдвартай байдлыг хангахын тулд өөрсдийн хийж чадах зүйлийг хийж хувь нэмрээ оруулах нь чухал юм.

Үүнээс гадна та цахилгаан хэрэгслээ тэжээлээс бүрэн салгаж, унтрааж хэвшвэл ахуйн осол, түймрийн аюулаас сэргийлж, амьдралын тань хамгийн аюулгүй зуршлийн нэг болж чадна.