УИХ-ын гишүүн С.Жавхлан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон ард нийтийн санал асуулга явуулах эсэх тухайд өөрийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл явцын дунд шал өөр болсон. Хамаг амин судас нь алга болж саармагжаад бантан болчихлоо. Та бүхэн санаж байгаа бол анх Засгийн газрын тогтвортой байдлыг хангах, эрх хэмжээ нь төрийнхөө дээр гарсан намыг цэгцлэх талаар ярьсан шүү дээ. Анх хууль санаачлагч нар нь ч надтай уулзахдаа шал өөр зүйл ярьж орж ирэхэд нь дэмжсэн. Одоо эргээд хартал яг дэвшүүлж тавьсан амин чухал зүйлүүдээ гээчихлээ. Эцэстээ УИХ хууль тогтооно гэж гарсан хэрнээ бид мэдэхээ байлаа, та нараасаа асууя гээд явж байна. Энэ чинь өөрөө УИХ ямар ч чадамжгүй болсныг харуулж байгаа хэрэг. Би уг нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ормоор байна гэдгээ хэлсэн ч ямар ч хариу ирээгүй. Хавар энэ талаар ярьж эхэлж байхад л  "Та нар ганцхан сонгууль тойрсон зүйл битгий хийгээрэй, Монгол Улсын язгуур эрх ашгийг хараарай" гэдгийг сануулж л байсан.

Ер нь улс төрийн нам гэдэг чинь ёстой улсын ажлыг нам гацаадаг юм байна. Аргагүйдэж ард түмнээсээ асуухаар болжээ. Асуухад ч буруудах зүйл алга. Ард нь асар олон тэрбум төгрөгийн зардал яригдаж байгаа бололтлй. Гэхдээ одоо цаг нь биш шүү дээ. Өвөлжилтийн бэлтгэл, ханиад томуу, утаа гээд янз бүрийн асуудал яригдаж байхад татвар төлөгчдийн мөнгийг хий хоосон хийсгэчих хэрэг үү. Асуух байсан бол хавар ул суурьтайгаар асуучихгүй яасан юм. Эсвэл дараа хавраас асуучихаж болно шүү дээ. Ингэж их мөнгө гаргах гээд байгаа бол тэр их төсвийг өнөө эх орондоо хайртай, сонгуулиар мөнгө тараадаг баячууд гаргаг л дээ. Ерөнхийлөгч нь ч, эрх барьж байгаа намын дарга нь ч эвлэлдээд бүх зүйлийг зангидаад энэ зүйлээ ярих ёстой. Магадгүй цаг нь болоогүй бол дараагийн үе өөрчлөг л дээ.

УИХ тарна гээд байгааг ойлгохгүй байна. Хэрэв тарах гэж байгаа бол ард түмнээс түмэнтээ уучлалт гуйгаад дараагийн халаадаа өгнө гэж үнэнээ хэлж хариуцлагаа хүлээх ёстой.

Миний өгсөн хуулийн төсөл хоёр сараас хойш сураг алга.  Бараг жил дамнах шахуу явсан ч яригддаггүй. Энэ хуулийн төсөл ЖДҮ-чин, офшорчин, түмэн олны мөнгийг хулгайлдаг нэр бүхий хомхой сэтгэлтнүүдийг цэгцэнд оруулж УИХ-д гаргахгүй гэсэн санаа явж байгаа.Ийм утга агуулгатай хуулийг хэлэлцэхээс өмнө тарна гэдэг их л айж байгаагийн шинж.

Одоогоор надад ямар нэгэн намын үнэмлэх байхгүй. Шударга иргэдийн эвслээс надад санал тавьсан. Бид хэд хэдэн газраар хамт явсан, дараа нь нам байгуулах талаар яригдсан. Би тухайн үед нь нэг зүйлд санал нийлсэн ч нөгөө зүйлд зөрчилддөг, тиймээс та бүхэн намаа байгуулаад намын хөтөлбөрөө аваад ирвэл би өөрийн шийдвэрээ гаргая гэж хэлсэн.