Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан энэ сарын 17-нд буюу зөвхөн нэг өдөр тоглолт хийхээр товложээ. 

Тэрбээр энэ тухайгаа "Уран бүтээлчид маань бүгд бэлтгэлээ хангасан байсан тул тоглолтоо цуцлалгүйгээр нэг л өдөр хийх шийдвэрийг өнөөдөр өглөө гаргалаа. Сүүлийн жилүүдэд тоглолт маань дунджаар 6-9 хоног үргэлжилдэг байв. Энэ удаа ганцхан өдөр тоглохоор боллоо" гэсэн юм.

Мөн тэрбээр цахим NFT буюу дахин давтагдашгүй дижитал хөрөнгөд урлагийнхны нэгэн адилаар нэгдэж буйгаа илэрхийллээ. 

Энэ талаараа "Дэлхий даяар цахимд шилжиж байна. Үүнийг дагаад янз бүрийн асуудал гарч ч байх шиг байна. Миний хувьд дүү нартаа итгэж байна. Аливаа зүйл сайн, муу талтай. Сайн талыг нь дагаад, үйл ажиллагаа нь зөв явбал үр дүн сайнаар гарч таарна. Харамсалтай нь хийж эхлээгүй байхад нь гутаан доромжилдог, мушгин гуйвуулдаг, урмыг хугалдаг байдалд орчихжээ. Амны бэлгээс ашдын бэлгэ, урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг. Үр дүн нь жилийн дараа гэхэд тод томруун харагдана" гэсэн юм.

Сонирхуулахад дэлхий дээр өнөөдөр 2 тэрбум ам.долларын NFT дижитал хөрөнгө эргэлдэж, хөрөнгө оруулалтын хамгийн том компаниуд 100, 100 сая долларын хөрөнгийг зөвхөн энэ салбар руу оруулсаар байгаа юм.