Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
10 сарын 18, 2025
Монголын ойжуулалтын салбарт амьдралынхаа ихэнхийг зориулсан ахмад ойн инженер, байгаль орчны гавьяат ажилтан С.Тангадтай ярилцлаа.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
Миний хань жимс түүх дуртай хүн байсан. Нэг өдөр жимсэнд яваад хоосон сагстай ирэхийг нь хараад “Дахиж хоосон ирүүлэхгүй юм шүү” гэж бодсон. Тэгээд л ханиа өөрийнхөө хашаанаас дуртай жимсээ түүгээд идэг гээд хамгийн анх үхрийн нүдний мод тарьж байв. Тэгж л миний мод тарих ажил эхэлж байсан бол одоо манай хашаа 3 мянга орчим модтой болжээ. Тиймээс өөрийгөө мянгат малчин гэдэг шиг мянгат модчин гэж хэлэх дуртай. Хүмүүс манай хашаанд орж ирээд “Ой дотор явж байгаа юм шиг байна” гэдэг юм.
Мод тарьснаар ойр орчимд гарах эерэг өөрчлөлт их ээ. Нэг жишээ гэхэд л сүүлийн жилүүдэд манай хашаанд ятуу, алаг тоншуул, шаазгай ирдэг болж байна. Хавар өглөө эрт хөхөө донгодхыг сонсохоор цаанаасаа сэтгэл баясаад ирнэ. Хэдийгээр жижигхэн өөрчлөлт мэт боловч энэ бол байгаль эх тэнцвэржиж, амьд экосистем бүрэлдэж байгаагийн шинж юм.
Ургуулсан модныхоо дунд алхахад сэтгэл тайвширч, агаар нь хүртэл хүнийг ариусгадаг. Мод тариад, амь орж, ногоорч байгааг нь харах миний хувьд хүүхэд өсөж торниж байгаатай л ижил санагддаг.
Алтарт Тужийн нарсны анхны шанг татсан хүн бол С.Тангад гуай…
Би ойн инженер мэргэжилтэй. Монголын ойжуулалтын салбарт амьдралаа зориулсан хүн. 1970-1972 онд Дарханы техник мэргэжлийн сургуульд багшилж байхдаа анхны ойжуулагч мэргэжилтнүүдийг бэлтгэж гаргаж байв. Тэр үед шавь нартаа “...ингэж ойжуулдаг юм шүү” гээд Тужийн нарсны анхны шанг татаж байсан юм. Өдгөө хүн бүхний сэтгэлийг татаж, уулга алддаг алдарт Тужийн нарсыг миний боловсруулсан технологиор ойжуулж байна.
Ой модны гол онцлог нь байгалийн нөхөн сэргээгдэх амьд баялаг. Харин уул уурхайн баялаг тийм биш. Нэг л ашиглавал дахин сэргэдэггүй шүү дээ. Гэхдээ нөхөн сэргээгддэг гээд хамаагүй тайрч, цавч гэж байгаа юм биш. Байгалийн баялгаа ашигласан бол нөхөн сэргээх ажлыг заавал хийдэг байх хэрэгтэй. Ингэхдээ мэргэжлийн хүмүүстэй хамтарч зөв технологиор тарьж ургуулж чадвал Тужийн нарс шиг хэд хэдэн ой мод ч ургуулж болно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.