ХАРТУМ. /VOA/. Бүгд Найрамдах Судан Улсын цэргийн дэглэмийг эсэргүүцэгчдийн өрнүүлсэн жагсаал цуглааны үеэр долоон хүн амиа алдаж, 181 хүн гэмтсэн талаар тус улсын төв мэдээний агентлаг Эрүүл мэндийн яамыг иш татан мэдээлжээ.

Харин сөрөг хүчнийг дэмжигч Суданы эмч нарын төв хорооноос мэдээлснээр, таван жагсагч амиа алдсан ажээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Омар аль-Баширыг албан тушаалаас нь цэргийн хүчээр түлхэн унагаснаас хойш Суданд эмх замбараагүй байдал үүссэн юм. 

Өнгөрсөн ням гарагт Суданы олон арван мянган иргэн төрийн эрхийг иргэдийн гарт шилжүүлэн өгөхийг цэргийн зөвлөлд уриалан жагсжээ. Аюулаас хамгаалах хүчний албан хаагчид Ерөнхийлөгчийн ордон болон Хартум хотын гурван дүүрэгт цугласан олныг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг