Баян-Өлгий, Дорнод аймагт сураггүй алга болсон хүүхдүүдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын малчин С-ийн 3 настай хүү Н гэрийнхээ орчим голын эрэг дээрээс сураггүй алга болсныг томилогдсон ажлын хэсгийнхэн эрэн хайж байгаа юм.

Мөн 8-ны баасан гарагт Дорнод аймгийн Сэргэлэн суманд нутаглаж буй иргэн Х-ийн охин 2 настай У ээжтэйгээ хамт малын бэлчээрт явж байгаад сураггүй алга болсон гэх дуудлагын дагуу аймгийн цагдаа, онцгой байдлын газар болон холбогдох албаныхан, ар гэрийнхнээс нь бүрдсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг хайж байна. 

Хэрэг гарах үед хүүхдүүд хөдөө хээр харгалзах хүнгүй явж байжээ. Эцэг, эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулах, анхаарал, сэрэмж алдсанаас хүүхэд төөрөх, зүггүйтэн тоглож яваад гол, нуурын усанд живэх зэрэг тэдний амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Өнгөрөгч онд эцэг, эх, асран хамгаалагч нь хариуцлага алдсаны улмаас хоёр хүүхэд осгож, таван хүүхэд усанд живж нас барсан харамсалтай хэрэг гарч байсан.

Иймд эцэг, эхчүүд та бүхэн урин дулааны цагт хүүхдийн хамт гол, нуурын эрэг, уул хадтай газраар аялж, зугаалахдаа тэдний аюулгүй байдлыг сайтар хангах, хөдөө, хээр малын бэлчээрт бага насны хүүхдийг ганцааранг нь явуулахгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.