Сурвалжлага: Эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдлын төлөөс

Цаг бусаар алдсан хүүхдийн тоогоор толгой цохиж буй орнуудын нэгэд монгол ордог гэвэл дэгсдүүлсэн хэрэг болохгүй. Өнгөрсөн жилд гэхэд 2 анги хүүхэдгүй буюу 60 гаруй хүүхэд зам тээврийн ослоос болж амь насаа алджээ. Суудлын даруулга зүүлгэж, зориулалтын суудалд суулгаагүйгээс энэ гунигт явдлууд улбаатай.

ГССҮТ-д нас барсан хүмүүсийн 76.5 хувь 0-5 насных. Тэдний ихэнх нь түлэгдэлтээс болж энэ хорвоог орхисон байдаг. Үүнээс гадна цоожтой хаалганы гэртээ эндсэн, цонхоороо унасан гээд золгүй тохиолдлууд нэмэгдэнэ. Амиа алдсан тохиолдлын дийлэнх нь эцэг эхийн хараа хяналт муутайгийнх, хайхрамжгүй байдлынх гэдгийг эмч мэргэжилтнүүд сануулсан ч байдал хэвээрээ. 

Амь насаа алдаагүй ч гэсэн эрүүл мэндээрээ хохирч алтан гартай эмч нарын ачаар аврагдаж байгаа нь үүнээсээ дутахгүй олон.Хүүхдийн залгисан эд зүйлс: Балны хошууны хамгаалалт, зоос, ээмэг, чихэвчний зөөлөвч, энгэрийн зүү, шрупп зэрэг зүйлс

Өнөө л хэнэггүй зангаараа “Эргээд харсан чинь халуун тогоо татчихсан”, “Ээмгээ зүүх хооронд хүүхэд аваад залгичихаж”, “Мөлхөж яваад аяга таваг угаалгын шингэн, хувцас цайруулагч, уксус уучихлаа”, “Цагны батерей амандаа хийгээд тоглож байсан юмаа, өвөө, эмээ нь хардаг ….”   гэсэн тайлбарыг эмнэлэгт хандсан эцэг эхчүүд хөврүүлсээр байна. 

Тиймээс бид Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн мэс заслын тасгийг зорилоо. Бидний ярилцлага эцэг эхчүүдэд чиглэсэн тул Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Л.Ганбаяр хүсэлтийг минь уриалгахан хүлээн авав. Хэдэн хүн ч гэсэн үүнийг ойлгож, үр хүүхдээ аюул ослоос сэргийлж байвал болох нь тэр гэж тэр хэлсэн.

Тасгийн коридороор энд тэндээ боолт хийлгэсэн хүүхдүүд гүйлдэцгэнэ. Арай томхон жаалууд аав ээжийгээ харуулдаж суугаа бололтой, эргэлтийн бяцхан цонхон дээр байсхийгээд очих юм. Бас ч гэж тасаг хооронд тоглох талбай, тийм их биш ч бага насны хүүхдийн өнгөлөг тоглоомуудтай тул хүүхдүүд тэрүүхэндээ бужигнан тоглоцгооно. Өвчиндөө шаналах үрсийг энэ хэсэгхэн орон зай бага ч болов сатааруулдаг бололтой.

Хэвтрийн дэглэм сахиж байгаа хүүхдүүд орондоо гар утсаар тоглож өдрийг өнгөрүүлдэг гэлээ. Өвдсөн ч, гэмтсэн ч хаа явсан газраа яаж ийгээд л тоглох, инээд баясал дагуулах хүүхдийн араншин гэж. Үнэндээ тэд хэдхэн өдрийн өмнө л хагалгаа хийлгэсэн, хордож сандаргаж ирсэн юм.

Намайг очиход Өвөрхангай аймгаас ирсэн 10 настай хүү үзүүлэв. 

Байсхийгээд л ханиалгах энэ хүү анх сарын өмнө шахуу балны хошууны өмнөх жижиг цагаан хуванцар санамсаргүй залгижээ. Арын ширээний хүүхэд гэнэт түлхчихсэн чинь гэдсэнд орчихсон доо гэж хүү хэвлүүхэн ярьж сууна. Тухайн үед эмчид үзүүлтэл өтгөнөөр нь гарсан гэжээ. Гэвч түүнээс хойш байнга ханиалгаж хатгаа гэж андуурагдан оношлуулсан байна. Ингээд хот руу ирж Хүүхдийн ерөнхий мэс заслын тасагт амьсгалын дуранд үзүүлж тэрхүү хуванцар цагаан мөгөөрсөн хоолойд шигдэж орсныг мэджээ. 

Элдэв зүйл залгих ходоодонд мэдээж аюултай. Гэвч амь насанд хамгийн аюултай нь энэ хүүгийн тохиолдол шиг амьсгалаараа ямар нэг гадны биет залгих гэнэ. Бид буруу хоолойгоор юм орчихоор яаж хахаж цахаж, тэрүүхэн зуур тэвддэг билээ дээ. Том жижиг гадны биет орчихвол бүр ч эвгүйтэж таарна. Хэрэв цагаан мөгөөрсөн хоолойг гадны биет бөглөчихвөл газар дээрээ эндэх ч аюултай гэлээ.

Хүүгийн тохиолдлын хувьд тэрхүү хуванцар нь дундаа нүхтэй тул аюул холуур өнгөрсөн хэрэг

Сургуулийн аль ч ангиар шагайхад хүүхдүүдийн нэг нь амандаа балныхаа ар урдахыг хэмлээд сууж харагддаг. Бидний үеийнхэн ч бас балныхаа арыг зажилж л суусан. Яг үүнээс л болж дээрх тохиолдол гардаг учраас хүүхдүүдэд балаа амандаа хийхгүй байхыг, яагаад аюултайг тайлбарлан ойлгуулаарай гэж Л.Ганбаяр эмч аминчлан захилаа. 

Яагаад гэвэл тухайн орсон зүйл амьсгалын эрхтэнд удаан байсны дараа авсан ч гуурсан хоолойн тэлэгддэг. Үүнээс болж тухайн гадны биет шигдсэн хэсэгт шүүс хурдаг гэмтэй гэлээ.

Эцэг эхчүүдэд сануулах зорилгоор эдгээр залгисан зүйлийг хадгалж үзүүлдэг байна.

Хүүхдийн залгисан эд зүйлс: Энгэрийн зүүлт, үсний боолт, зоос, хувцасны цахилгааны төмөр

Л.Ганбаяр эмч “Өдөрт юм залгисан хүүхэд хамгийн багадаа 2 ирдэг. Заримдаа 4-6 хүүхэд ирэх ч тохиолдол бий. Хүүхдүүд голдуу хоол боловсруулах болон амьсгалын замаа гэмтээж ирдэг. Жилдээ бараг 1000-аад хүүхэд хандаж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ залгисан зүйлийг авах гэж байгаад хүндрүүлсэн ч удаатай. Ер нь хүүхэд чинь юм залгисан л бол яаралтай ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасагт хандаарай” гэв. Сургуулийн улирлын болон зуны амралтаар дуудлага бүр ч ихэсдэг аж.

Коридорт 2 настай хүүгээ саатуулж суух ээжтэй таарлаа. Хүүгийн ээж хөл хүнд 20 гаруйхан насны бүсгүй юм. “Хүү маань даам залгичихсан. Энэ явдлаас ёстой том сургамж авлаа, хүүхдээ хаана ч явсан нүднээсээ салгаж болохгүй юм байна. Нүдэн дээр тоглож суугаад л юм залгичихсан байгаа юм даа” хэмээн зүрх түгшин ярьж сууна. Айлд очин ширээний ард ярилцан сууж байх хооронд хүү нь газар сууж хүүхдүүдтэй бужигналдан тогложээ. Хүнтэй юм ярингаа анзаарч байсан ч хүү ундааны тагаас ч шиг жижигхэн даам залгисныг айлын хүүхэд хэлжээ. Ингээд өтгөнөөр бие засахад нь гарчих байх гэж хүлээсэн ч гэдсээр нь хатгуулан 10-аад хоногийн дараа ийнхүү эмнэлэгт хандан дурангийн хагалгаанд оржээ. 

ХҮҮХДҮҮД ГОЛДУУ ЖИЖИГ БАТЕРЕЙ, СОРОНЗ ЗАЛГИДАГ

Айл болгонд жин голдуу газраар байдаг учраас хүүхэд мөлхөж очоод жижигхэн хуруугаараа оролдож батерейг гаргаж аваад залгиж дурангийн ажилбар хийлгэсэн тохиолдол олон. Цагны батерейг ч бас ийм аргаар гаргаад залгиж ирдэг байна.

Дүрс үүсгэдэг тоглоомын соронз нүхнээсээ амархан гарчихдаг талтай. Хүүхэд сониуч зангаараа тэрхүү соронзыг амандаа хийж байгаад залгичихдаг байна. 5 настай хүү 22 ширхэг соронз залгисан тохиолдол ч гарсан удаатай гэж тус тасгийнхан хэллээ. Лего буюу жижиг тоосгон тоглоом ч бас хүүхдүүд хамгийн их залгидаг тоглоомын нэг гэнэ.

Ер нь энэ мэтээр элдэв тоглоом залгих нь тун элбэг. Тухайлбал соронзтой тоглоомны соронзыг нэлээн хэд залгисан бол хоол боловсруулах замд ялангуяа нарийн гэдсэнд орохоороо хоорондоо наалдах аюултай. Ингэж гэдэсний ханыг хавчуулснаас болоод гэдсээ цоолох, түгжрэл үүсгэх аюултай. Ийм учраас яаралтайгаар мэс засал хийдэг гэв. Энэ талаар тус тасгийн эрхлэгч Л.Ганболд “Тоглоом зардаг газруудыг МХГ-аас шалгах хэрэгтэй байна. Хүсвэл бидэнтэй хамтарч шалгасан ч болно. Хил гаалиар стандарт хангаагүй тоглоомуудын оруулахыг хориглохгүй бол бяцхан үрсийнхээ эрүүл мэндийг золиосолж байна. Үнэндээ манай улсад тоглоомын стандарт мөрдөгдөж байгаа ч хангалттай биш санагддаг” гэлээ.

Насны хувьд хэлэхэд бэрх бололтой. Бор хоолонд орж дөнгөж мөлхөж яваагаас эхлээд овоо том болсон хүүхдүүд ч сониучирхаж тоглож байгаад гадны биет залгидаг байна. Долоовор хурууны чинээ урт сүлбээр зүү ч залгисан тохиолдол бий гэнэ. Гарах хүрэх, аюул эрсдэлтэй бүхнийг л хол тавихгүй бол хүүхэд ийм гэмтэй аж.

Клиникийн профессор Л.Ганбаяраас хүүхдийн залгисан зүйлс эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэйг тодрууллаа.

МӨНГӨ АЖИЛ ЧУХАЛ, ГЭХДЭЭ ТАНЫ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД ХАМГААС ЧУХАЛ

-Батерей, соронз хүүхдийн ходоодонд орвол ямар хүндрэл гарах вэ?

-Батерей бол хүнд химийн нэгдэл. Ийм учраас хүний биед орж задарна хордлого өгнө. Хордлогыг эмийн эмчилгээгээр л тайлж байна.

Батерей эсвэл зоосыг дөнгөж залгингуут улаан хоолойд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй тээглэх аюул бий. Ингэж холгосноос болоод улаан хоолойд шарх үүсдэг, соривжиж нарийсдаг цаашлаад цоорох ч аюултай. Ийм учраас бид яаралтайгаар дурангийн ажилбар хийж авдаг. Эхлээд нарийн, бүдүүн гэдсэнд орсон эсэхийг ажиглаж өтгөнөөр нь гарахыг хүлээдэг. 

-Ахуйн хэрэглээний аяга таваг угаагч шингэн, угаалгын нунтаг зэргээс хүүхдүүд хэр хорддог вэ?

-Манай эцэг эхчүүд ахуйн хэрэглээний бодисоо угаалгын өрөөндөө газраар тавьчихдаг. Мэдээж гар хүрэх газарт байрласан юм чинь 0-3 насны хүүхэд нэг мэдэхэд очоод л уучихаж байна. Үүнээс болоод хордлогод орж дотрын тасагт эмчлүүлдэг. 

Мэс заслын тасгийн хувьд уксус буюу манайхны ярьдаг орос цуу ууж хордсон хүүхдүүд ирж байна. Орос цууг жаахан залгих төдийд хоол боловсруулах замыг маш хүчтэй түлж хүүхдийг тэсэхийн аргагүй шаналгадаг. Дөнгөж өсөж байгаа насны хүүхдийн улаан хоолой нарийсаад шингэн зутангаас өөр юм идэж чадахгүй болно гэсэн үг. Уг нь хил гаалиар оруулж ирэхийг нь хориглочихсон. Гэхдээ л айл, худалдааны байгууллагуудаар үлдсэн цуу байдаг бололтой. Байсхийгээд л хүүхэд уксус ууж хордож ирдэг. 

Солонгос улсаас оруулж ирдэг цууны хувьд бага проценттой, гэхдээ л хордлого өгч хэвтэж эмчлүүлэх тохиолдол цөөнгүй.

Энэ мэтээр хүүхдүүд элдэв бодис ууж, эд зүйл залгиж байна. Харин эмч нар маань тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэдэг учраас эндэх нь ховор. Гадны орнуудад энэ төрлийн зүйл ууж хүүхдүүд хорддог ч манайхны хувьд тоо нь хэт их учраас эцэг эхчүүд хариуцлагатай байж сурах ёстой. 

-Ингэж элдэв хордлого авсан хүүхдүүдийн аав ээжүүд голдуу ямар тайлбар хэлдэг вэ?

-Ерөөсөө л эмээ, өвөө, ах эгч нь харж байсан. Би ажилтай гэсэн жижүүрийн хариулт өгдөг.

Мэдээж мөнгө, ажил бизнес хүн бүхэнд чухал л даа. Гэхдээ түүнээс илүү таны үр хүүхдийн эрүүл мэнд нэгдүгээрт гэдгийг манай эцэг эхчүүд ухамсарлаж ойлгоосой гэж боддог.

-Гадны орнуудад хүүхдээ хайхраагүй бол торгодог цаашлаад эцэг эх байх эрхийг нь хасдаг юм билээ.  Та олон жил хүүхдийн мэс заслын чиглэлээр ажиллаж байгаа хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Хуульд эцэг эхийн анхаарал болгоомжгүйгээс болж хүүхэд өвчтэй болсон, согтуугаар ямар нэгэн гадны биет залгиж ууж хэрэглэсэн тохиолдолд, амиа хорлох сэдлээр өөрийгөө гэмтээж хордуулсан бол цагдаагийн байгууллагад мэдээлэх ёстой, эмнэлгийн зардлыг нь ч 100 хувь өөрөө төлөх талаар заасан байдаг. 

Үүнтэй адилхан асрамж халамжгүйгээс эрүүл саруул хүүхэд өвчтэй болж байгаа тохиолдолд эцэг эхэд ямар нэгэн хэмжээгээр хариуцлага тооцоход буруу юм байхгүйгэж боддог. Үүний цаана гэр бүл төлөвлөлтийн асуудал ч сөхөгдөнө. 

Уг нь бид үр хүүхдэдээ алхам тутамдаа анхаарал хандуулж, жижиг гэлтгүй зүйлийг анхаарахад л болно. Наад зах нь орны доор хэвтсэн чихрийн цаасыг мөлхдөг хүүхдүүд олж аваад залгиад тэр нь хоолой дээрээ наалдаад амьсгалж чадахгүй хахаж цахаад ирж байна. 

-Эцэг эхчүүдэд хандан юу захих вэ?

-Хүүхдийг гэртээ харж байгаа хэн ч анхаарал болгоомжтой байх ёстой. Хүүхэд л бол хүүхэд. Сониуч зангаараа юунд хүрч болно, бүх л юмыг гараараа барина, амандаа хийнэ. Тиймээс тэдний гарах хүрэх газар элдэв жижиг зүйлс бүү байрлуул.

Гэр орондоо байгаа ариутгалын бодисоос хол байлга. Ер нь авахгүй байсан ч болно шүү дээ. Эсвэл хэрэглэдэг зүйлсээ цоожтой саванд хий, хүүхэд хүрэхгүй газар байрлуулаагүй цагт таны хүүхдийг аюул дагаж л яваа гэсэн үг.


ХОДООД ТҮЛЭГЧ МАРГАНЦ

Монголчуудын эмийн буруу хэрэглээ ч хүүхдийг хордлогод оруулах гол шалтгааны нэг. Эмээ өвөөгийнхөө даралтын эм, ээжийнхээ жирэмснээс сэргийлэх эмийг ч хүүхдүүд ууж хордсоор байна. Тухайлбал марганцыг Л.Ганбаяр эмч онцоллоо. “Марганцыг манай ард түмэн гэртээ бараг байнга байлгаад сурчихсан, хэрэглэсэн ч хүүхдийн гараас хол тавиагүйгээс болоод хордож ирсэн хүүхдийн тоо буурдаггүй” гэв. Нил ягаан өнгөтэй энэ бодис өөрөө хуурай, ширхэг талсттай. Хүүхэд залгичивал улаан хоолой ходоодны салст руу шигдчихдэг гэмтэй. Хэрэв яаралтай дурангийн ажилбар хийж тэрхүү шигдэж орсон марганцыг авч, ходоодыг нь сайтар угааж цэвэрлэхгүй бол шарх, шархлаа үүсэж ходоод цоорох аюултай. Тиймээс эцэг эхчүүдэд хандаж марганцыг гэртээ хэрэглэхгүй байхыг санууллаа.

Энэ тасаг Монгол улсын хэмжээнд ганцхан байгаа хүүхдийн мэс заслын тасаг юм. Хамгийн амь тэмцсэн, аюул эрсдэлтэй тохиолдлууд ирдэг ч улсын хэмжээнд 30 хүрэхгүй хүүхдийн мэс заслын эмч ажиллаж буй. Гэтэл хүүхэд нь 1,1 сая гараад явчихсан гээд бодохоор хүн хүч дутагдалтай байдаг нь илт юм.  Боломжтой бол дахин нэг үүнтэй ижил тасаг, ядахдаа дүүргийн эмнэлгүүдэд хүүхдийн ерөнхий мэс заслын тусламж үзүүлдэг болох хэрэгтэй байгааг үзлэг хийж байгаа эмч нар дурдсан. Орон нутгаас эмчээ явуулж сургадаг ч 9-хөн аймаг хүүхдийн мэс заслын эмчтэй аж. Бусад аймгууд хүндэрсэн хүүхдээ яаралтайгаар илгээдэг учраас цаг алдах тохиолдол гардаг гэв.

Эцэг эхчүүд өөрсдийн хэнэггүй зангаас болж хүүхдээ бэртээж гэмтээчихээд үзэх зуур л хурдлаач гэж хаалга завсраар шамдуулж, их очер дугааарыг алгасаж тусламж үзүүлсэнгүй гэж аашилцгаах нь илт юм. Энд ирсэн хүн болгон л үр хүүхдээ үзүүлэх гэж, эмч ч хэд дахин ачаалалтай ажиллаж байгааг үл тоох. Бидний өөрөө болж байвал болох нь тэр гэсэн аминч үзлийн өчүүхэн илрэл юм уу даа. Тэрүүхэн зуур л эмчид уурлан нэг нь өргөдөл бичиж хэл ам хийн манаргаж гарав.

Энэ мэт үйл явдлын хажуугаар талархлын зурвас, дуудлага ч бас эмчийн утсанд ирснийг эмч маань хуваалцаж байлаа. Уйлаан чарлаан болж байсан хүүхэд дурангийн ажилбарын дараа цовоо сэргэлэн гүйж яваа гэнэ. Энэ бяцхан амийг хамгаалах аврах эсэхийг шийддэг хүүхдийн мэс заслын эмчийн ажил хамгийн хүнд нь юм шиг санагдсан. Хагалгаа, ажилбар амжилттай болсныг дуулгах сайхан, хэрэв эмчээс үл шалтгаалан эндэх тохиолдол гарвал тэр хүнд мэдээг эцэг эхчүүдэд дуулгах ямар хүнд бол...

Биднийг гарч явахад Л.Ганбаяр эмч мөн л яаралтай хагалгаа руу яаран алхсан. Өмнөх шөнө жижүүрлэн хоносон ч дахиад л ажилтай хэвээрээ үлдэв. 

Эмч мэргэжилтнүүд чадлынхаа хэрээр ажиллаж байна. Харин хорвоо дэлхийтэй дөнгөж танилцаж явсан бяцхан үрс маань хайхралгүй орхисон хором бүхэнд эрсдэлтэй нүүр тулж байна. Энэ бүхнээс хамгаалах хүн нь эцэг эх та өөрөө юм. Эцэс хожим нь тэд том болчихоод бие эрхтний гэмтэлдээ гутран эцэг эхдээ гомдол тээн суухыг та хүсэхгүй нь лавтай. Үнэтэй хувцас эдлэл, дээд боловсрол эзэмшүүлэхээс ч өмнө үр хүүхдийнхээ өмнө хүлээх эхний үүрэг тань хүүхдээ эрүүл энх өсгөх хуулиар хүлээгдсэн хариуцлага юм шүү.

Эцэст нь энэ хэдэн асуултыг танаас асууя

-Яг одоо таны хүүхэд хаана явна вэ, таны хүүхдийг хэн харж байгаа вэ? 

-Бага насны хүүхэд, өндөр настнаар харуулж байгаа юм биш биз?

-Цонх тагтаа хаасан уу?

-Солихоор тавьсан батерей, зүүх ээмэг бөгжөө хаана тавьсан бэ?

-0-3 насны хүүхэдтэй бол жижиг лего, соронзон тоглоомтой эсэхээ шалгасан уу?

-Танай гэрийн ус буцалгагч, халуун индүү, будаа агшаагч, халуун савтай болон данхтай цай, савтай халуун ус, тос, цахилгааны утсыг хүүхдийн гар, хөлнөөс хол байж чадаж байна уу?


Хүүхэдтэй хүн бүхэн анхааран уншаарай:

Хүүхдүүд хамгийн их бэртдэг тохиолдлуудаас хэрхэн сэргийлэхийг зөвлөж байна

Холбоотой сэдвүүд

түлэгдэлт эх нялхас

Сэтгэгдэл бичих (4)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.