Тайландийн магнат 26 настай охиндоо нөхөр олох болзол олон нийтэд зарласан нь олны анхаарлыг соронз мэт татжээ. Одоогийн байдлаар мянга мянган ганц бие залуус охинтой нь гэрлэхээр өрсөлдөх хүсэлтээ ирүүлээд буй аж. Шалгарсан залуу 10 сая бат (315,000 ам.доллар)-ын шагнал авахаас гадна фермерийн эзэнт гүрнийг нь өвлөн авах боломжийг олгожээ.

58 настай Арнолд Роднинг залуу охин Карнситадаа тохирох нөхөр олох саналыг анх фэйсбүүктээ байрлуулснаас хойш тасралтгүй дуудлага хүлээн авах болсон тухай AsiaOne мэдээлжээ. 

Түгээлтийн бизнесээрээ Тайланддаа тэргүүлдэг Роднингт олон мянган хүсэлт иржээ. Тэрээр өнгөрсөн даваа гарагт фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүмүүст дуудлага ирүүлэхээ зогсоохыг хүссэн зурвас бичиж, хүсэлт гаргач нарын уулзалтад дарагдсан гэдгээ хэлжээ. 

Тэрээр "Надад амрах ч цаг олдохоо больсон. Хүргэн хүү болох хүсэмжит залуусын хүсэлт 10.000 давсан" хэмээн мэдэгджээ. Утсаар нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах үр ашиггүй ажиллагаагаа зогсоож, 4 дүгээр сарын 1-нээс өөр арга зохиохоор болсон байна.

Энэ талаараа “Бүгдээрээ 4 дүгээр сарын 1-нд уулзацгаая. Та бүхэн хувцас, зайлшгүй хэрэгцээний зүйлсээ баглан, манай тариалангийн фермд гурван сарын хугацаанд байрлан, ажиллах бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гурван сарын хугацаанд тунаж үлдсэн хүмүүсийн хугацааг ганц хүн үлдэх хүртэл сунгана” хэмээн мэдэгджээ. 

Тэрээр баян, эд хөрөнгө, өндөр боловсролтой хүргэнээс илүү шаргуу, ажилсаг, тус салбарын талаар туршлага хуримтлуулах хүсэлтэй залууг эрхэмлэнэ гэнэ. Мөн хүргэн нь тамхи татдаггүй, мөрийтэй тоглодоггүй байх шаардлагатай гэсэн нөхцөлтэй аж. 



Эх сурвалж: https://nextshark.com