Peak.mn
10 сарын 24, 2023
Монгол Улс энх тайван, шударга ёс цогцлоохыг зорьж буй НҮБ-ын зорилгод нэгдсэнээс хойш 62 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд бид алдаа, оноотой он жилүүдийг туулсан ч тавьсан зорилгоосоо ухралгүй, ардчиллаа бэхжүүлж чадсан билээ. Тиймээс өнөөдөр тохиож буй НҮБ-ын өдрийг тохиолдуулан тогтвортой хөгжлийг дэмжигч Peak.mn сайт НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишратай ярилцлаа.
НҮҮДЭЛЧИН ӨВ СОЁЛ НАМАЙГ МОНГОЛ РУУ ХӨТӨЛСӨН
-Хойд Солонгосоос Монголд ирж ажиллаад, хоёр орны ахуй, амьдралыг харьцуулж бодсон болов уу. Монголчуудын хувьд хойд солонгосчуудаас ялгах гол онцлог юунд байсан бэ?
- Би 2017 оны есдүгээр сард анх Монголд ирсэн. Өмнө нь Хойд Солонгост НҮБ-ын суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан л даа. Хоёр орныг холбосон банкны систем бий болгох боломж байна уу гэдгийг судалж яваад, Монголд ирсэн. Тэр долоо хоногтоо Тэрэлжид малчин айлд хонох завшаан тохиож, монгол соёлтой танилцаж байлаа.
- Нүүдэлчин монгол соёл өвөрмөц бөгөөд гадныхны сонирхлыг ихэд татдаг. Малчин айлд хоносон өдрөө дурсаад, тухайн үед төрсөн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
- Тэр үеэ дурсаад, хөгжилтэй түүх ярьж өгье. Намайг анх малчин айлд ортол сүүтэй цай хийж өглөө. Манай нутагт цай бор өнгөтэй байдаг учраас гайхаад цүнхнээсээ дүрдэг цай гаргаад аягатай цай руу хийчхэв. Тэгээд амстал шорвог байх юм. Тэгэхээр нь цүнхнээсээ дахиад ёотон гаргаад хийчхсэн.(инээв) Сүүлд нь л монголчуудыг сүү, идээгээр цай сүлдгийг мэдэж авсан даа. Хамгийн гоё нь сүүтэй цайтай хамт идсэн шинэхэн өрөм боорцогны амт.
Тэр орой нь малчин айлын эмээ надад зориулж хонины махаар хуушуур хийж өгсөн. Шинэхэн хайрсан хуушуурын амттайг ээ. Орой нь унтах гээд гадаа хэвтэж байхдаа тэнгэрт түгсэн түм буман оддыг ширтэж, гоо үзэсгэлэнг нь биширч хоносон билээ.
Удалгүй би Хойд Солонгос руу буцсан. Тэнд миний ажиллах хугацаа дуусах үеэр надаас хаашаа явмаар байгааг минь асуухад би шууд л "Монгол" гэж хариулсан. Ингээд би Очирваань бурханы ивээлээр Монголд томилогдож ирсэн дээ. (инээв)
Монгол харьцангуй нээлттэй, ардчилсан улс
- Хойд Солонгосоос Монголд ирж ажиллаад хоёр орны ялгааг юу гэж дүгнэсэн бэ?
- Хоёр улсын ялгаа мэдэгдэхүйц их гэдэг нь ажиглагдсан. Үнэндээ Хойд Солонгост тогтвортой хөгжлийн зорилтуудыг мөн чанараар нь хэрэгжүүлж, нийгмийн хөгжил ярих боломжгүй. НҮБ-аас тавьсан зарим хоригоос шалтгаалан бидний ажил ихэвчлэн хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд л төвлөрдөг байлаа. Харин Монголд яг эсрэгээрээ тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-д нийцсэн ажил явуулахад маш таатай орчин угтсан. Ялангуяа энэ чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллах боломж ихтэй, харьцангуй нээлттэй орон гэж хардаг. Жишээлбэл Монгол Улс дараагийн 30 жилийн хөгжлөө “Алсын хараа- 2050” бодлогоор тодорхойлж, баталсан.
Түүний эхний 10 жилийн төлөвлөгөө болох дунд хугацааны зорилтын агуулга, хүрээ ТХЗ-уудыг хэрэгжүүлэх зураглалтай нийцэж байсан. Тийм учир бид хамтран Тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээг баталсан. Энэ баримт бичигт ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд хэн, ямар үүрэгтэй оролцох вэ гэдгийг нарийн тодорхой зурагласан гэж хэлж болно.
- Монголд тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт хангалттай байж чадаж байна гэж та бодож байна уу?
- Бид Засгийн газартай хамтран ажиллаж, Монголд ТХЗ-ын зорилгуудын хэрэгжилт ямар явцтай байна вэ гэдгийг судлан 2019 болон 2023 онуудад үндэсний сайн дурын тайлан гаргасан. Энэ тайлангийн үр дүнгээ өнгөрсөн долдугаар сард болсон НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад танилцуулаад ирсэн.
Харамсалтай нь МОНГОЛД баян ядуугийн ялгаа улам нэмэгдэж байна
- Сайн дурын тайлангаас бид юуг анхаарах ёстой вэ? Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт ямар үнэлгээ авав?
- Энэ онд гаргасан тайлангаас харвал Монголд иргэдийн оролцоо, уур амьсгалын өөрчлөлийн үр нөлөөг багасгах, энх тайван шударга ёсыг цогцлоох зэрэг хэд хэдэн үзүүлэлт өссөн байна.
Харин эсрэгээрээ буурсан нэг үзүүлэлт нь тогтвортой хөгжлийн хамгийн эхний зорилго буюу ядуурлыг бууруулах зорилго юм.
Энэ нь Монголд баян ядуугийн ялгаа улам нэмэгдэж байгааг харуулж байна. Харахад Монголын нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрч, эдийн засаг өсөлттэй байгаа мэт боловч бодит байдал дээр өөр дүр зураг бууна.
- Баян, ядуугийн ялгаа нэмэгдэхэд юу нөлөөлж байна вэ? Энэ ялгаа заагийг хэрхэн бууруулах боломжтой вэ?
- Үүнд ковидын үед эдийн засаг суларсан нь голлох нөлөө үзүүлж байна. Түүнчлэн эдийн засаг зөвхөн уул уурхайн салбараас хараат байгаа нь сөргөөр нөлөөлж буй. Тиймээс эдийн засгаа солонгоруулах бодлого барьж ажиллах хэрэгтэй. Жишээ нь, бид ноос ноолуураа дотооддоо боловсруулж чадахгүй, 85 хувийг нь түүхий эдээр нь экспортолж байна шүү дээ. Үүний оронд ноос ноолуураа боловсруулж, аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах хэрэгтэй. Ингэснээр эдийн засгийн шинэ урсгал нэмэгдээд зогсохгүй ажлын байр ч бий болно.
Ялангуяа хөдөө орон нутагт зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байр бий болгох нь мөн л тулгамдсан асуудал болчхоод байна.
Дараагийн анхаарах ёстой асуудал бол уур амьсгалын өөрчлөлт. Монголын газар нутгийн 76 хувь нь доройтолд орчихсон. Түүнчлэн цаг агаарын өөрчлөлтөөс болж малчид зуданд малаа алдаж, Улаанбаатарт ирж суурьших хандлага түгээмэл болсон байна. Нийслэл хот ачааллаа дийлэхгүй байхад нэмж суурьшаад байж болохгүй шүү дээ.
Цаашилбал хот, хөдөөгийн айлууд өвөлдөө түүхий нүүрс түлж байгаа нь агаарын бохирдол, түүнийг дагасан хавдар, зүрх судасны өвчлөл зэрэг эрүүл мэндийн асуудал дагуулж байна.
Энэ мэтчилэн өнгөрсөн долдугаар сард гаргасан сайн дурын тайлангийн үр дүнд тулгуурлан бид чанартай боловсролыг дэмжих, хүнсний хангамж, уур амьсгалын өөрчлөлт, дижиталчлал, жендэрийн эрх тэгш байдал, цэвэр усны хүртээмж зэрэг зорилгууд бидний нэн тэргүүнд анхаарах ёстой сэдэв гэдгийг тодорхойллоо.
Энэ зорилгуудын хэрэгжилтийг хангахад Засгийн газар, Эдийн засаг, хөгжлийн яам, олон нийт зэрэг бүх оролцогч талууд үр дүнтэйгээр хамтран ажиллах шаардлагатай байгаа юм.
Нүүдэлчин ахуй бол Монголыг дэлхийд таниулах брЭнд мөн
-Монголчууд бусад улсуудаас ялгарах давуу тал, боломж хэр ихтэй гэж та хэлэх вэ?
- Эдийн засгийн урсгалаа нэмэгдүүлэх тал дээр Монгол орныг аялал жуулчлалаа хөгжүүлэх бүрэн боломжтой гэж боддог. Монгол дуу алдам сайхан байгальтай гэдэгтэй хэн ч маргахгүй. Ялангуяа энэ сайхан баялаг өв соёл, амьдралын хэв маягаа соёлын аялал жуулчлалын хэлбэрээр хөгжүүлээд явах хэрэгтэй. Монгол гэрт ороход сүүтэй цай аягалж өгч байна. Өглөө сэрэхэд нь өрөм боорцог байна гэх мэтчилэн гаднын жуулчдын харж, сонсож байгаагүй тийм өвөрмөц соёл монголчуудад байна.
Тухайлбал, малчин айл хажуудаа гэр кэмп байгуулаад жуулчид хүлээн авдаг болчихвол ирж хоноод, мал маллах нүүдлийн соёлтой танилцаад явахдаа сэтгэл дүүрэн байх жуулчид олон бий.
Одоогоор малчдад хавар ноосоо зарах, намар махаа зарах гэсэн үндсэн хоёр л санхүүгийн урсгал байна. Тэгвэл малчин айлууд жуулчин авдаг болчихвол бүтэн жил орлоготой байх боломж бүрдэх юм.
-Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх ур чадвар, мэдлэг угаасаа бидний уламжлалт амьдралын хэв маягт байсан юм шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?
- Ихэнх тогтвортой хөгжлийн зорилгууд байгаль дэлхийтэй зөв зохицон амьдрах чадвар дээр тулгуурласан байдаг. Нүүдлийн соёлын философи бүхэлдээ энэ шүү дээ. Бидэнд байгаа бүхнийг байгаль эх өгснийг мэддэг бас ойлгодог. Тогтвортой хөгжил гэж яриад байгаа нь чухамдаа байгаль дэлхийдээ ээлтэй, эрүүл бөгөөд зөв амьдралын хэв маягийг л хэлээд байгаа юм.
“Тогтвортой хөгжил гэж зөв амьдралын хэв маягийг л хэлээд байгаа юм.
Гэвч орчин үеийн хүмүүсийн шунал дийлдэхгүй, байгаль дэлхийгээ сүйтгэж байгаа нь даанч харамсалтай. Үнэнийг хэлэхэд орон нутгийн ихэнх газарт бэлчээрийн даац хэтэрсэн байна. 25-хан жилийн өмнө малын тоо толгой 25 сая байсан бол одоо гурав дахин өссөн байна.
Энэ мэдээж бидний бий болгохоор зорьж буй тогтвортой хөгжил биш.
Малчид малын тоо толгойгоо өсгөвөл илүү ашигтай гэж бодсон байх. Гэвч бид дотоодынхоо цагаан идээний хэрэгцээг ч бүрэн хангаж чадахгүй байна шүү дээ.
Жишээ нь, дэлгүүрийн лангуун дээр байгаа барааны ихэнхийг импортын бүтээгдэхүүн эзэлж байна. Бяслаг нь Хятадаас, хуурай сүү нь Оросоос эсвэл Шинэ Зеландаас гэх мэт. Гэтэл бид чинь 3.4 сая хүн амтай, 85 сая малтай улс шүү дээ. Яагаад цагаан идээ, сүү сүүн бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг ч хангаж чадахгүй байна вэ?
Энэ чинь юу гэсэн үг юм бэ? Тиймээс малын тоо толгойд биш, илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах хэрэгтэй.
Монголчууд өөрсдийн оюун ухаандаа найдах ёстой
- Бид энэ бүхнийг өөрчлөхийн тулд юунаас эхлэх ёстой вэ?
- Энэ бүх өөрчлөлтийг бид хамтдаа л хийнэ. Зорилго бүрийг биелүүлэхэд хувь хүний оролцоо асар чухал гэдгийг онцлон хэлмээр байна. Ялангуяа бид амьдралынхаа зарим хэв маягийг өөрчлөх шаардлагатай. Монголчуудын дунд түгээмэл зарим хандлагыг өөрчлөх цаг болсон гэж бодож байна.
Жишээлбэл, нүүдэлчин сэтгэхүйд үдээс өмнө, үдээс хойш гэсэн хоёрхон л цаг байдаг учраас монголчууд цаг баримтлах тал дээр сул санагддаг.
Монголчууд Чингисийн үр удам. Маш дайчин, эрэмгий зоригтой хүмүүс шүү дээ. Гэхдээ одоо сэлмээ гаргаж ирээд, дайн байлдаанд оролцох шаардлага гарахгүй учраас энэ сайн чанаруудаа орчин үед хэрхэн ашиглаж болох вэ гэдэгт илүүтэй төвлөрөх хэрэгтэй. Ялангуяа одоо үед оюун тархиндаа найдах ёстой. Монгол яагаад заавал уул уурхайгаас хараат эдийн засагтай орон байх ёстой юм бэ?
Бид илүү бүтээмжтэй, чанартай үйлдвэрлэлт рүү л зорих учиртай. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл монголчууд улс орноо хөгжүүлж чадах бүрэн потенциалтай хүмүүс гэж би хардаг. Боловсрол мэдлэгтэй, ур чадвартай, хамгийн чухал нь бие биенээ гэдэг тусч зан чанартай.
Харин одоо хэнийг ч хөгжлийн ард орхилгүйгээр бүх монголчуудыг тэгш хамруулсан, хүртээмжтэй нийгмийг бүтээхэд зорих хэрэгтэй. Тиймээс бид бүх зүйлдээ мэргэжлийн хандаж, гаргаж буй бүтээгдэхүүнээ чанаржуулж, түүн дээрээ нэмүү өртөг шингээж, аль болох үр дүнтэй ажиллахыг эрмэлзвэл бидэнд дэлхийд санал болгох зүйл олон байна.
- Та ярилцлагын төгсгөлд монголчуудад хандаж юу хэлэх вэ?
-Монголчуудын нандигнан хайрлах ёстой зүйл бол ардчилал мөн. Өнөөдөр та бүхэнд байгаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх энэ эрх чөлөө улс орон бүрд байхгүйг ойлгох нь зүйтэй. Түүнчлэн эдийн засгаа дэмжих чөлөөт зах зээл байна.
Хамгийн чухал нь та бидэнд маш баялаг өв соёл, уламжлал бий. Нүүдэлчин соёл уламжлал хэмээх бидэнд байгаа хамгийн үнэт давуу талаа шинжлэх ухааны ололт, амжилтуудтай хослуулж чадвал орчин үед дэлхийд Монголыг таниулах үндэсний брэнд үүснэ.
Үүний тулд монгол хүн нэг бүр хамтран ажиллаж "Болгоё, хийж бүтээе" гэсэн сэтгэлээр хандвал ТХЗ-уудыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
- Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [59.153.113.242] ・ 2023.10.28 Хариулах
Ерөнхийдөө санал нийлж байна. Уул уурхайг дагасан хулгай луйвар, төрийн мафижсан гаж буруу тогтолцоо, монгол маягын коммунист дарангуйллын үр хөврөлийн талаар дуугарч чадсангүй. Энэ хүн мэдэж харж байгаа хэдий ч ярих бичих боломж хязгаарлагдмал нь тодорхой. Хоол хороох эрх ашгаа бодолгүй яахав.
Зочин [66.181.181.125] ・ 2023.10.25 Хариулах
Баярлалаа Чин сэтгэлийн, өгөөжтэй, сайхан ярилцлага болжээ
Санал болгох
1 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
2 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
3 Б.Даваасүрэн: Ахлах ангидаа эх орондоо сураад Америкийн коллежуудад хүлээн зөвшөөрөгдсөн диплом авах боломжийг бид нээлээ
4 Г.Мөнхнасан: Сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэснээр урт хугацаандаа цахилгааны төлбөр төлөхгүй байх боломжтой
5 Би нэг удаа #13: Өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн цагт л хүн хөгжиж эхэлдэг