Хүн амын тэн хагасыг бүрдүүлэгч эмэгтэйчүүд нийгмийн олон салбарт хүчин зүтгэлтэй ажилладаг. Орон нутагт ажиллаж буй чадварлаг эмэгтэйчүүд олон. 

Тэдний ажил үйлсийг тодруулах нэгэн ном олны хүртээл болжээ. “Эрдэнэт women” номын зохиогч, сэтгүүлч Т.Атарбаяртай ярилцлаа.


-Эрдэнэтийн эмэгтэйчүүд номд хот үүсэн байгуулагдсан 45 жилийн түүхэнд өөр өөрсдийн түүхийг бүтээсэн эмэгтэйчүүд багтсан гэж ойлгож байгаа.  Яг ямар түүхтэй, ямар мэргэжлийн хүмүүс багтсан бэ?

-Эрдэнэт бол илгээлтийн эздийн гараар бүтээн босгосон сэхээтнүүдийн хот гэж би хувьдаа боддог. 

Энэ ч утгаараа Эрдэнэтийн анхны суурийг тавилцсан сэхээтнүүдийн ажил амьдрал, үүх түүх, соёл руу уншигчдаа хөтлөхөд ном маань чиглэсэн гэж хэлж болно. 

Нийгмийн бүх салбарт ажиллагч бүсгүйчүүдийн төлөөллийг оролцуулахыг зорьж, өглөөнөөс үдшийн бүрий болтол хотынхоо өнгө үзэмжийг тордож, амьдралынхаа 30 гаруй жилийг Хот тохижуулах газартай холбосон бүсгүйгээс эхлээд хотын анхны бүхнийг тээвэрлэн ирсэн төмөр замын салбарт ажиллаж, зуу зуун замчдын амьдралыг хатан ухаанаар жолоодож яваа удирдагч бүсгүйн тухай үнэн түүхийг багтаасан. 

Мөн хүний алтан амийг авран хамгаалагч, хамгийн гэгээлэг үйлс бүтээгч эрүүл мэндийн салбараас нэлээдгүй зочныг урьж оролцуулсан. Ер нь уншаад, уудлаад байвал олон сонирхолтой зочид энэ номын нүүр бүрийг чимсэн байгаа. Номондоо хувь хүний амьдралын зураглалаар хотын түүхийг харуулахыг зорьсон тул редакцын хамт олны зүгээс 30-аас дээш жил хотдоо амьдарч, салбартаа мөн тэр хэмжээгээр хүчин зүтгэсэн, зүтгэж яваа эрхэмсэг бүсгүйчүүдийг оролцуулахыг хичээсэн. 

Хотынхоо 45 жилийн ойд зориулсан учраас зочдоо хүндэтгэлтэйгээр хүлээн авч, баяраа хамтдаа хуваалцсан.


-Эрдэнэтийн хувьд илгээлтээр ирсэн, газар газрын залуусын гараар боссон хот. Бас эр нөхрөө дагаж ирсэн эмэгтэйчүүд байсан байх. Хувь хүний хувьд ч гэсэн эзгүй газар хот байгуулаад амьдралынхаа гуч дөчин жилийг өнгөрүүлсэн гэхээр сонин түүхүүд их байх даа...

-Цэргийн ангид олон жил ажилласан удирдагч бүсгүй, хотынхоо анхны барилгын суурийг тавилцсан барилгачин бүсгүй, “Энэрэл” төвийн үйл ажиллагааг чадварлаг эрхэлсэн “Өндөр ээж”-ийн тухай гээд тоочвол бүгд л онцгой содон амьдралын хувь төөрөгтэй. Номонд орсон зочдыг урилгаар оролцуулсан тул их үнэ цэнтэй бүтээл болсон. 

Зочидтой ярилцаж байхад, зах зээлийн үеийн Эрдэнэт хотын амьдрал, мөн цэвэр цэмцгэр, хоолны соёлтой хот болох тухай, иргэд нь тууштай бөгөөд их хариуцлагатай хүмүүс гэдгийг сонсож, хотоороо бахархаж байсан. 


-Энэ номыг бүтээхээр болсон сэдэл, санаачилга гаргах болсон шалтгаан юу байсан бэ?

-Ном бичих болсон шалтгаан нь юун түрүүнд хотын 45 жилийн түүхэн ойтой холбоотой. Ер нь улсын хэмжээнд авч үзэхэд, эрчүүд Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж, гавьяатын тэмдэг энгэртээ зүүх нь нийтлэг байдаг. Тэгэхээр нийгэмд эрчүүдийн үйл хэргийг илүүтэй дөвийлгөх хандлага байдаг юм болов уу гэж санагдсан. Гэтэл эрчүүдтэй эн зэрэгцсэн эмэгтэйчүүд бий шүү дээ. Манай хотын түүхэнд үнэ цэнтэй үйл бүтээсэн бүсгүйчүүдээ алдаршуулсан нэг ном байсан бол түүний үргэлжлэл болгож энэхүү эмэгтэйчүүдийн номоо “өлгийдөн” авсан. Зочид маань үнэхээр сэтгэл өндөр байсан. 

Эрдэнэт хотын, уурхайчдын амьдралын онцлогийг тэд өгүүлж байсан. Тухайлбал, нөхөр нь үйлдвэрт ажиллаж, шөнө ээлждээ гарахад хүүхэд өвдөх, хүүхдээ асрах бүх л ажил эмэгтэй хүний нуруун дээр ирдэг тул даван туулах том сорил байсан тухай, нөхөр нь хүүхдээ хэдэн нас хүрснийг ч анзаарах завгүй ажилласан он жилүүдийн талаар ярьсан. Эрдэнэт орос школтой хот тул их зочломтгой, аливаад цэвэрч нямбай ханддаг, баяр ёслолын соёлтой, бялуугаа гэртээ хийдэг гээд амьдрал түүх, тухайн үеийн нийгмийн байдал, шинээр бий болсон Эрдэнэтийнхний соёл тэр хүмүүсийн түүхээс бас харагддаг.


-Манай нийгмийг бүрдүүлэгч хүн амын тэн хагас нь эмэгтэйчүүд. Эрдэнэтийн түүхийг бий болгоход тэдний оролцоог та номын зохиогчийн хувьд хэрхэн онцлох вэ?

-Орхон аймгийн нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. 

Айл гэрээр авч үзвэл ээж нар гэрийн сангийн болоод эрүүл мэнд, хөдөө аж ахуйн сайд байдаг шүү дээ. 

Үүний нэгэн адил өөрийн эрхэлсэн салбартаа эмэгтэйчүүд хэний ч олж хараагүй шинэ зүйлийг харж, ажилдаа нэвтрүүлэхийг зорьсон, шийдмэг зан, бусдын төлөөх сэтгэл зүрхээрээ аймаг, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулсныг тодотгон бичсэн

Ер нь аливаа зүйлд нягт нямбай хандаж, чимхлүүр ажлыг ч хойш тавилгүй хийдэг нь манай “Баатрууд”-ын онцлог тал байсан. 30-40 жилийн өмнө эхлэлийг нь тавьсан ажил өнөөдөр ямар түвшинд хүрснийг харж болох юм. 

Ер нь бидний амьдарч байгаа цаг үе хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй болсноос гадна хэн нэг хүний туулсан амьдралын замналыг анхааралтай сонсож, алдаа оноо, ололт амжилтыг нь унших, сонсох сонирхол, хүлээлт нийгэмд түгээмэл болсон харагддаг. 

Энэ ч утгаараа ном маань маш олон уншигчтай байлаа. Найзынхаа болоод ээж аавынхаа, ханийнхаа, даргынхаа тухай гээд олон хүн хөрөг нийтлэлийн “Баатрын” маань амьдралын замналыг унших хүсэлтэй байсныг энд хэлэх нь зөв байх. Эмэгтэйчүүд өөрсдийгөө ийм хэмжээнд сурталчилж, түүхээ аваад үлдэх гэсэн далд хүсэл байсныг ном маань илэрхийлсэн болов уу. Энэ дашрамд, тэр олон хүний хүслийг биелүүлж, номыг бүтээхэд гар бие оролцсон баг хамт олондоо маш их баярласнаа дахин илэрхийлмээр байна.


-Өөрөө удирдах тогтолцоонд эмэгтэйчүүдийн оролцоо хэр байсан бэ?

-Манай зочдын дунд Гавьяат хуульч, Төрийн соёрхолт эмэгтэй, өнөр бүлийн “Өндөр ээж”, Эрдэнэт хотын боловсролын салбарын 40 жилийн үүх түүхийг хүүрнэх Гавьяат багш, Эрдэнэтээс анх удаа усан спортын төрлөөр Монгол Улсаа төлөөлөн Олимпод хөл тавьсан бүсгүй, 30 жил эрүүл мэндийн салбарт сэхээний тасагт сувилагчаар ажилласан эмэгтэй гээд тэсвэр тэвчээрийн хат заасан, баялаг түүхтэй эмэгтэйчүүд байсан. 

Мөн Нутгийн удирдах ёсны дээд байгууллага болох Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд амьдралынхаа 20 жилийг зарцуулсан Гавьяат хуульч Цэгмэд дарга, бидний нэрлэдгээр “Төмөр хатагтай”, халамжийн бодлого Монгол Улсад хэрэгжиж эхлэхэд энэ салбарт хөл тавьсан Дулмаа дарга, банкны салбарын эрсдэлтэй үед хамт байсан Өвдөл захирал, бэлгийн боловсрол олгоход чиглэсэн олон талт ажлуудаараа “ДОХ”-ын Ганаа нэр хүртсэн Ганчимэг эмч, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж, хүүхдийг хүн болгон төлөвшүүлэхэд бие сэтгэлээ харамгүй зориулж яваа багш гээд дурдвал олон хүн байна. 


-Эрдэнэтийнхний улс төрийн сонголт дандаа онцлогтой байж ирсэн. Юунд ч баригдахгүй сонголтууд хийдэг нь сүүлийн хэдэн сонгуулиас анзаарагдаж байна. Тэгсэн атлаа эмэгтэй гишүүн гаргаагүй санагдах юм. Юу нөлөөлдөг юм бол?

-Миний бие сэтгүүлч мэргэжлээр ажилласан 16 жилийн хугацаанд 4 удаагийн бүрэн эрхийн сонгуулиар ажилласан. Энэ хугацаанд цөөнгүй эмэгтэй нэр дэвшиж байсан хэдий ч ямар нэг намын томилгоогоор ирсэн, хэнд ч танигдаагүй, тэр тусмаа Эрдэнэт хотдоо ажиллаж амьдарч байгаагүй хүмүүс байсан. Энэ нь сонгогчдыг сонголт хийх хэмжээнд хүргээгүй юм болов уу гэж сэтгүүлч хүнийхээ хувьд харж дүгнэсэн. 

Хэрвээ “лидер” бүсгүй байвал эмэгтэйчүүдийг сонгоод гаргаад ирэх боломжтой гэж хардаг. 

Мөн эмэгтэйчүүдийг улс төр, удирдах салбарт илүү сайн сургаж, тэр хэмжээнд нь чансаатай бэлтгэх ажил учир дутагдалтай байдаг юм болов уу. Уг нь олон чадварлаг эмэгтэйчүүд бий. Харин тэднийг гаргаж ирдэг арга зам, олон нийтийн хандлагыг өөрчлөх шаардлага бий санагддаг. 

2020 онд Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл сонгуульд нэр дэвшиж, нэг сарын дотор өөрийгөө таниулсан хэдий ч сонгогчдоос өндөр санал авсан. 

Эмэгтэйчүүдийн байгууллагын оролцооноос гадна олон нийтийн ажилд өөрийн чадавх, өгөгдөл, хандлагаа сайн гаргаж ирж чадахгүй байна уу даа гэж харагдсан. Дараа дараагийн сонгуульд “Сонгоход сэтгэл дүүрэн” байх нэр дэвшигч ирж чадвал эмэгтэй хүнийг гаргаад ирэх магадлал өндөр бий. 


-Өөрийнхөө талаар танилцуулна уу. Энэ ном цаашид цувралаар үргэлжлэх үү? 

-“Сэтгүүлчдийн цахим сүлжээ” ТББ-аараа дамжуулан “Эрдэнэт women” номыг бүтээсэн. Энэ ном маань үргэлжилнэ гэсэн одоогоор хүлээлт, төлөвлөгөө алга байна. 

Харин 2023 онд манай ТББ-ын зүгээс хийж бүтээх хүсэл тэмүүлэл дүүрэн, бусдад үлгэрлэгч, энэ цаг үеийн Эрдэнэтийн сор болсон залуучуудыг ном болгон эмхэтгэхээр бэлтгэлээ хангаж байна. 

Миний тухайд салбартаа 17 жил, “Номин ТВ”-д 16 жил ажилласан.


-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Энэ дашрамд, номыг дэмжин ажилласан Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний Нийгмийн бодлогын хэлтэс, төслийн багийн гишүүд болох сэтгүүлч Чинтогтох, зурагчин Баттөгс нартаа талархал илэрхийлье. Эрдэнэтчүүдийн оролцоог идэвхжүүлэх гэсэн эерэг давлагааны нэг хэсэг болж чадсандаа баяртай байна.