Х.Оргил
11 сарын 06, 2020
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр “Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед импортыг орлох, экспортыг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэхэд чиглэсэн мөнгө, санхүү, төсвийн бодлого хэрэгжүүлэх” гэсэн заалт шинээр нэмэх” гэж өөрчлөх санал боловсруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд эдийн засгийг төрөлжүүлэх үүрэг нь Засгийн газрынх, Монголбанк төгрөгийн, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй талаар зарчмын байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
МАН-ынханд хэлэх зөвлөгөө байна. Та нар 2012-2016 оны Засгийн газрын алдааг давтах гээд байна.
Алдаа нь юу байсан бэ гэхлээр. Монгол Улс дөрөв төсөвтэй. Монголбанк нь Сангийн яам шиг ажилладаг болчихсон байсан үе юм. Мөнгөө хэвлэж байгаад үр ашиггүй, улс төржсөн зардлуудыг санхүүжүүлсэн, тэр гай нь одоо хүртэл дуусаагүй. Үр дүнд нь бид нар ханшаа хоёр дахин алдчихсан шүү дээ.
Өнөөдөр коронавирусийн хүндрэлийн үеэр үйлдвэрлэлээ хөгжүүлнэ ээ гээд ярьж байна. Энэ зөв асуудал. Тэрийг чинь хийдэг субъект нь Монголбанк биш шүү дээ. Үүнийг Засгийн газар, Сангийн яам хийж, төсөвтөө суулгах ёстой. Та нар энэ тухай л ярих ёстой юм өнөөдөр.
Монголбанк гэдэг чинь банк биш шүү. Та нар мөнгө гэж хараад байна. Тэгвэл ёстой онигоонд орно шүү. Монголбанк гэдэг чинь төгрөгийн, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангадаг. Сангийн яам шиг төсвөөр дамжаад санхүүжүүлдэг бүтэц биш шүү. Ийм учраас энэ алдаагаа давтаж болохгүй ээ.
Аливаа төсвийн шинж чанартай бүх зардлуудыг бол төсөв л хийж байх ёстой. Монголбанк бол бизнес эрхлэхэд тогтвортой байдал, орчныг нь л хангах, инфляцийг онилж, төгрөгийн ханшаа тогтвортой байлгах л үүрэгтэйг дахин сануулж байна.
Гэтэл Монголбанк өнөөдөр ипотек, алтны хэлцэл гээд баахан ачааг өөртөө хураагаад яваад байна.Ийм байдлаар явж болохгүй ээ. Монголбанкныхан та нар ч бас эсэргүүцлээ илэрхийлэх хэрэгтэй шүү, мэргэжилтнүүдийн хувьд.
Ийм улс төржсөн шийдвэр ерөөсөө гаргаж болохгүй. Тэгэх юм бол зээлжих зэрэглэл, макро эдийн засаг унана шүү. Зах зээл рүү төгрөг нийлүүлээд ямар нэгэн санхүүжилт хийгээд явах юм бол ханш унана.
Бичлэг үзэх:
Энэ ажлыг жинхэнэ санхүүжүүлдэг бүтэц бол төсөв шүү. Төсөв дээрээ хэмнэлтээ гаргаад үйлдвэржүүлэх бодлогоо санхүүжүүлээд явна гэдэг нь эрүүл бөгөөд зөв үзэгдэл. Ийм учраас үүнийг эсэргүүцэж байна аа. Цаашид төсвийн шинж чанартай аливаа зүйлийг Төв банк санхүүжүүлэх ёсгүй. Ердөө л энэ. Ингэж байж ханш нь тогтвортой байдаг.
Өнөөдөр гадаад валютын цэвэр нөөц нь хасах руугаа орчихсон байгаа шүү. Дахиад мөнгө хэвлэмэл бид ханшаа алдана. Ингэж дахиад эдийн засгийн хямрал гарна. Төлбөрийн баланс ханшаараа дамжиж орж ирдэг юм аа.
Дэлхийн бүх хямралууд дандаа төлбөрийн балансаар, ханшаар ирдэг болчихсон шүү. Ийм болохоор элдэв улс төржсөн санхүүжилтийг төв банкан дээр хэлж өгч болохгүй.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.