Технологийн гайхамшигууд ямар нэгэн ёс суртахууны заавартайгаа ирдэггүй

Дэн Брауны "Албингууд ба сахиусан тэнгэрүүд" зохиолын тѳрѳл жанрын хувьд уран зохиолын ертѳнцѳд цоо шинэ туршилт болсон  түүний бүтээлүүдийг шүүмжлэгчид "Триллер, оюун санааны детектив басхүү оньсого-роман " хэмээн тодорхойлсон байдаг нь учиртай.  "Энэ зохиолд гарч байгаа Ром хотын барилга хоолой, булш, бунхан, урлагийн бүтээл бүгд баримттай, яг энд ѳгүүлсэн тэр газраа оршин буй агаад ѳнѳѳдѳр ч тэнд нь харж болно. Гэгээрлийн нѳхѳрлѳл гэдэг бас л баримттай зүйл билээ" хэмээн зохиолч "Ангель ба албин" номынхоо эхлэлд дурдсан байдаг.

Тэгэхээр шинжлэх ухаан, шашин, урлагийн ѳргѳн мэдлэгтэй  Дэн Браун бодит баримтанд тулгуурлан үйл явдлыг оньсого мэт далд нууцлаг ѳрнүүлж уншигчийг гайхан айлмайруулж чаддаг  гайхалтай авьяаслаг зохиолч юмаа гэдгийг гурамсан цувралы нь уншиж үзсэн хүн бүр сайн мэдэх байхаа. 

Дэлхийг шуугиулсан бестсэллэр гурамсан бүтээлийнх нь анхдагч болсон энэ зохиол шинжлэх ухааны уран зѳгнѳлѳѳр хачирласан түүхэн бодит үйл явдлын мѳрѳѳр мѳшгисѳн гол нууцаа маш сайн далдалж, уншигчийг тѳѳрдѳг хонгилд оруулсан мэт далд айдаст автуулдаг бас л супер детективын нэг шүү!

Хүний танин мэдэхүйн эсрэг тэсрэг хоёр арга болох шашин, шинжлэх ухаан хоёр анхнаасаа л зѳрчилдѳж тэр нь яван явсаар далд ѳс хонзон болон хувирсан тэр нууцлаг үйл явдлын араас мѳшгиж, үнэн мѳнийг олохоор хѳѳцѳлдѳж буй физикч эрдэмтэн бүсгүй Витториоа,  шашны бэлгэдэл судлаач профессор Ландон хоёрын толгой эргэм адал явдлууд уншигчийг үнэндээ л маш их хорхойсуулна. Шашинд хавчигдаж далд нууц байдалд орсон шинжлэх ухааны эрдэмтдийн эртний нууц бүлэг "Гэгээрлийн нѳхѳрлѳл" гэнэт амь орж Ромын папын сонгуульд ѳрсѳлдѳх 4 -н кардиналыг барьцаалж, Ватиканы хонгилд асар хүчтэй тэсрэх шинэ зэвсэг болох антиматеритай канистрийг нуусан тухай мэдээлэл ирсэнээр эцэс тѳгсгѳлгүй мэт санагдам хѳѳцѳлдѳѳн эхэлнэ. Шашны эсрэг антихрист нууц бүлэглэл  орчин үед дахин амь орсон нь ямар учир шалтгаантай байв? Шинжлэх ухааныг дээдэлдэг "Иллюминати" гэх эртний нууц бүлгийн террорист ажиллагаа ямар зорилготой хийгээд түүний цаад жинхэнэ эзэн нь хэн бэ? гэсэн олон  асуултын хариулт зохиолын тѳгсгѳл болтол тѳѳрѳлдүүлнэ. Яг л хүний сониуч занг ѳдѳѳн хонгилд дагуулж ороод гарах гарцы нь зааж ѳгѳхгүй тѳѳрүүлж орхих мэт тийм мэдрэмж тѳрүүлдэг зохиол шүү.  

Бүхнийг бүтээгч бурханы нууцад нэвтэрч орчлонгийн зүй тогтлыг олж нээх гэсэн шинжлэх ухааны мэргэдийн уйгагүй хичээл зүтгэл, бурханы нууцыг хамгаалан үлдэх гэсэн шашны зүтгэлтнүүдийн чармайлт  эсрэгцэн олон үеийн туршид тэмцэлдсээр нэг л ѳдѳр нууц гэгч үгүй болж бурхан хэрэггүй болох, бурханы нууцыг хүн эзэмших тэр цаг ирвэл юу болох вэ?

Бурханд итгэж сүсэглэж ирсэн олон үеийнхний сэтгэл оюуныг юугаар дүүргэх вэ.

Техник, технологийн үсрэнгүй хѳгжил нь эцэстээ хүний орчлонг, хүн тѳрѳлхтѳнг мѳхѳѳх гамшиг болон хувирах юм биш биз? Яагаад гэж үү? Технологийн гайхамшигууд ямар нэгэн ёс суртахууны заавартайгаа ирдэггүй. Хүн л түүнийг ухаалгаар ашиглах арга замаа алхам бүртээ тодорхойлж байх учиртай. Гэтэл хүний мораль,  ёс суртахуун, мѳн чанар нь хэдэн мянганы ѳмнѳхѳѳс дээрдэж сайжирсан юм үнэндээ огтхон ч үгүй шүү дээ. Ухаалаг компьютер, ухаалаг гар утас, ухаалаг технологийн үр шимийг хүртэх хүн ѳѳрѳѳ улам бүр ганцаардаж, сэтгэл зүрхнийхээ нандин бүхнийг алхам алхамаар гээж, ѳрѳвдѳх хайрлах сэтгэлгүй хүн-роботууд болон хувирч байгаа үйл явц нь хүн бүхнийг бүтээгч-сѳнѳѳгч байж болох аюултай амьтан болон хувирч байгаад нь эмгэнэл нь оршино. 

Сайн муу эсрэг тэсрэг чанарууд мѳнхѳд дагалдаж явах учиртай хүн гэгээрлийн дээдэд хүрэх байтугай сайн сайхан чанараасаа улам бүр холдож байгаа орчин цагт шашин шинжлэх ухаан хоёр бие биенээ үгүйсгэн сѳргѳлдѳх биш хамтдаа хүн тѳрѳлхтний сайн сайхны тѳлѳѳ эрдэм-гэгээрэлд тэмүүлэх учиртай юмаа гэж зохиогч номоороо дамжуулан хэлж байгаа санаа нь гүн гүнзгтий учир утгатай санагдаж байна. СЭРН хэмээх эгэл бѳѳмсийн газар доорхи хүрээлэн асар урт дугуй хоолойд  эгэл бѳѳмсийг мѳргѳлдүүлэн Их тэсрэлтийн бичил загварыг гаргаж авах туршилт хийж байгаа нь зѳгнѳл биш бодит үнэн юм. Материйн толины тусгал буюу эсрэг биет нь болох антиматери гэх бѳѳмс оршдог болохыг туршилтаар тогтоосон тухай уншиж байсан юм байна.

Харин матери антиматери хоёр уулзвал гэрэл гялсхийгээд л бүх зүйл дуусдаг гэнэ. Бүх юм оргүй хоосноос эхэлсэн тухай үлгэр домгууд үнэн гэдгийг шинжлэх ухаан батлах цаг айсуй мэт санагдана. Их тэсрэлтээр матери, антиматери хоёр зэрэг буй болсон боловч антиматери нь хаашаа юм бэ яваад ѳгчээ. Гүй ээ энэ ч шал тэнэг тайлбар болох гээд байна. Юутай ч үл ялих зѳрѳѳ үүссэн учраас орчлон ертѳнц одод гараг бий болж тогтвортой сайхан хѳгжсѳѳр тэрбум тэрбум жилийг элээж, хомо сапиенсууд  цэнхэр гаригийн эзэн болж орчлонгийн нууцыг нээхээр оролдож суугаа нь л үнэн шүү. Антиматери гэдэг эрчим хүчний мѳнхийн хѳдѳлгүүр  шиг л сонсогдож байна. Антиматерийг гаргаж аваад ашиглаж чадвал ганцхан дуслаар нийслэл хотыг маань эрчим хүчээр хэд хоног ч хангаж чадна гэхээр хүч чадлы нь зүйрлэх ч юм биш.  

Асуудлын гол нь цэнхэр гарагаа хэд дахин сѳнѳѳж болох атомын зэвсэг бүтээчихээд бие биенээ анаж суугаа сармагчины хойч үеийн гарт ийм үлгэрийн мэт хүчирхэг технологи орж ирвэл энэ нь авралийн од болох уу аймшигт зэвсэг болон хувирах уу гэдгийг хэн хэлж мэдэх билээ. Ёстой л бурхан ѳршѳѳг гэе дээ. Тиймээс "Шашин байхгүй бол бүх хориггүй гэсэн" гэсэн суут зохиолч Ф.Достоевскийн зѳнч мэргэн үг энэ бүхний хариулт болох нь дамжиггүй юмаа. Хорвоо ертѳнцийн нууц руу нэвтрэх тусам үлгэрт л гардаг гайхамшигууд үнэн бодит байж болохыг ухаарах тусам чанадын чанадад бурхан оршин буйг сансрын оюун санаа ѳѳрѳѳ бурхан юмаа гэсэн үзэл санаа лавширч байна. Энэ нь хүний загвартай, хүний тѳсѳѳллѳѳр буй болсон бурханы тухай яриа огтхон ч биш. Шүтээн хэрэгтэй бол нохой, муур, үхэр мѳн ѳѳрсдийн дүртэй бурханыг шүтэх нь зүйн хэрэг билээ. 

Хүний оюун санаа балчир үедээ яваа цаг үед бурханы бүтээлийн нууцаар хэт оролдох нь ѳѳрсдѳѳ ѳѳрсдийгѳѳ мѳхѳѳх аюултай юмаа гэсэн сануулга ѳгч байна. Антиматери оршин байгаа нь орчлон хорвоо эсрэг тэсрэгээс бүтсэн гэх Библийн сургаал үнэн болохыг гэрчилж байна. Харин хумхийн тоосноос бүрэлдэн буй болсон гэх буюу эгэл бѳѳмсѳѳс үүсч энерги хуримтлагдах замаар бий болсон гэх орчлонгийн суурь онолыг дэвшүүлж байгаа Буддизмын үзэл санаа үнэнд их ойр санагдлаа.  Юутай ч орчин үеийн цѳмийн физик болоод эртний шашны урлагийн талаар тун дажгүй мэдээлэл, мэдлэгтэй болоод авна шүү

Холбоотой сэдвүүд

ном дэн браун

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.