Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
09 сарын 09, 2024
Эрүүл харилцаатай хосууд нэгнийгээ дэмжиж, хамтрагчийнхаа оронд өөрийгөө тавьж үзэн, хувь хүний орон зайд нь халдахгүй байхыг эрхэмлэдэг. Асуудал тулгарахад хүлээцтэй хандаж, хамтдаа шийдэл олж чаддаг хосуудын харилцаа урт удаан, аз жаргалтай үргэлжилж чаддаг.
Эсрэгээрээ токсик харилцаа нь тухгүй, сэтгэлд тавгүй мэдрэмж төрүүлдэг байна.
Үүнтэй холбоотойгоор токсик харилцааны шинж тэмдгүүд хэрхэн илэрдэг талаарх АНУ-ын сэтгэл засалч Шерри Габагийн нийтлэлийг хүргэе. Токсик харилцааны хохирогч гэдгээ танин мэдэхэд хэдэн сар, магадгүй хэдэн жил ч шаардагдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ та дараах шинж тэмдгүүдээр токсик хүнтэй учирсан эсэхээ мэдэж болно.
Таныг бусдаас тусгаарлана
Токсик хүн хамтрагчаа гэр бүл болон дотнын найзуудаас нь тусгаарлаж, тэдэнтэй харилцаа тогтоох гэхэд дургүйцэх хандлагатай байдаг. Найз нөхөд нь холдож, холбоогоо багасаж л байвал түүнд таатай санагдана. Учир тэд хэн нэгнийг өөрөөсөө шууд хамааралтай байлгахыг хүсдэг.
Санаа бодлоо тулгаж, маргалдана
Гэр бүлд жижиг маргаан гарах нь байх л зүйл. Гол нь хосууд хоорондоо ярилцаж, ойлголцон, нэгнийхээ алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч, биенээ уучлах нь бат бөх, аз жаргалтай хосын харилцааг бий болгох үндэс юм.
Токсик харилцаатай хосуудын хэрүүл маргаан тасардаггүй, Гэсэн хэдий ч хэзээ ч салдаггүй.
Хэрэв та хэн нэгэнтэй хосын харилцаатай байх үедээ үл ойшоогдож буй мэдрэмж авч, хэрүүл маргаан тасардаггүй бол хосын харилцаандаа дүгнэлт хийх цаг нь болсны шинж юм. Энэ төрлийн хүмүүс ихэнхдээ зүй бус үг хэллэгээр нэгнээ доромжлох, бүх зүйлийг сөргөөр харах шинжтэй байдаг. Тэд хамтрагчийнхаа хэлсэн үг, үйлдэл бүрийг шүүмжилж, хүсэл сонирхлыг нь үгүйсгэдэг.
Үргэлж түүний зөв мэт аашилна
Токсик хүмүүс хосын харилцаанд тулгарч буй хүндрэл, тааламжгүй асуудлаас зугтаадаг. Хамтрагчтайгаа маргалдаж, үл ойлголцол үүсэхэд үргэлж энхийн цагаан тагтаа буюу гэнэн цагаан дүрд тоглодог. Тэдний хувьд хариуцлага хүлээнэ гэдэг байж болохгүй зүйл мэт санагддаг. Энэ бол токсик харилцааг таних хамгийн илэрхий шинж тэмдэг юм.
Тааламжгүй харилцаагаар шалтаглаж, таныг хуурна
Тэд бусдыг буруутгахдаа гаргууд. Тиймээс хэрүүл маргаанаар шалтаглаж хэн нэгэнтэй сээтэгнэж араар тавьж ч мэднэ. Үүний буруутан нь хамтрагч нь гэж бодно, бас хамтрагчдаа өөрийнх нь буруу юм шиг мэдрэмж төрүүлдэг.
Шуудхан хэлэхэд тэд урт хугацааны үнэнч харилцаанд тууштай бус хүмүүс тул болгоомжилно уу.
Хүчирхийлэл үйлдэнэ
Токсик хүн үерхлийнхээ эхний үед алдаа дутагдалтай, гэр бүлээс авсан хүмүүжил, ёс зүйн доголдолтой гэдгээ нуудаг. Тэд өөрсдийгөө яг л танд тохирсон төгс хүн мэтээр санагдуулах үг ашиглах, үйлдэл хийдэг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам жинхэнэ төрх нь илэрч, дээрэнгүй, бүхнийг эрхшээлдээ байлгах хүсэл нь ил гарч ирнэ. Цаашилбал, хамтрагчдаа сэтгэл санааны дарамт үзүүлэх, бие махбодын хүчирхийлэл үйлдэх өндөр магадлалтай.
Үргэлж таныг няцаана
Бусдын амар тайван байдлыг эвдэх, тухгүй байдал үүсгэхдээ тэд "МАСТЕР"-ууд. Гэвч энэ талаар, өөрийнхөө алдаа дутагдлын талаар бодохыг ч хүсдэггүй нь харамсалтай үнэн. Аливаа зүйлийг өөрийн талд шийдвэрлүүлэхийн тулд ургуулан бодсон зүйлээ бодит мэт бусдад тулгах, санаанаасаа худал түүх зохиож ярихаас ч сийхгүй хүмүүс байдаг.
Хүссэн бүхнийг нь өгөх ЁСТОЙ мэт аашилна
Нэгнийхээ хүсэж буй зүйлийг өгч чадаж байгаа нь сайн хэрэг ч хэн нэгний аз жаргалын төлөө өөрийгөө золиослох нь утгагүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүний ёс суртахуунгүй байдал, дуусашгүй хүсэл, өөрийнхөө байлгах гэсэн оролдлогууд нь залхаан цээрлүүлэлт мэт мэдрэмж төрж байна уу?
Хосын харилцаанд дээрх шинж тэмдэг ажиглагдвал хамтрагчтайгаа ярилцаж, харилцаандаа дүгнэлт хийх нь хамгийн зөв арга юм. Хэрэв урагшлах шийдвэрт хүрсэн бол хамтдаа өөрчлөлт хийхэд бэлэн байх ёстойг анхаараарай.
Эх сурвалж: psychologytoday.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.