Бидний хайр сэтгэлийн харилцаа бидэнд хэвийн мэт санагддаг. Яг үнэндээ ямар бол?
Дараах 11 төрлийн харилцаанаас эхний 10 нь хэвийн бус, хортой харилцаа тул та эртхэн засах арга хэмжээ авах, эсвэл хосуудын тийм харилцаанаас зугтах хэрэгтэй. Харин 11 дэх нь хэвийн харилцаа юм.
1. Хэтэрхий эрх чөлөөтэй
Бусдаас хараат бус байх нь мэдээж сайн. Гэхдээ хайр сэтгэлд золиос гаргаж, зөвшилцөлд хүрэх хэрэгтэй байдаг. Танд болон таны хайртай хүнд хувийн орон зай хэрэгтэй. Харин хэтэрхий эрх чөлөөтэй, дур зоргоороо аашлах нь хосууд бие биедээ татагдахаа больсныг илтгэдэг.
2. Хэтэрхий холбоотой
Бие биеэсээ хором ч холдохгүй байх нь цаашдын харилцаанд тийм ч сайнаар нөлөөлөхгүй л болов уу. Ийм төрлийн харилцаатай хосууд бие биеийнхээ бүх л цаг зав, анхаарлыг өөр дээрээ татахыг хүсдэг. Ганцаараа байх үед таагүй, тухгүй мэдрэмж төрж, өөртөө итгэлгүй болж, сэтгэл санаа нь байнга тавгүй байх нь элбэг. Энэ бүгд харилцааг сүйрэлд хүргэх магадлалтай.
3. Нэг нь давамгайлж, нөгөө нь дагадаг
Харилцаанд тань хэрээс хэтэрсэн хяналт, хорио байна гэдэг та хоёрын хооронд итгэл, ойлголцол байхгүйг илтгэж байна. Ийм нөхцөлд яаж эрүүл, эв нэгдэлтэй, харилцан бие биеэ хүндэтгэсэн харилцааг босгох билээ?
4. Нээлттэй харилцаа
Та хоёроос гадна ээж аав, ах дүү, хамаатан садан, найз нөхөд гээд бүгд оролцож, хошуу нэмэрлэдэг харилцааг хэлж байгаа юм. Асуудал бүрээ дэвэн дэлхийгээр нэг ярих хэрэггүй. Олгой хагаравч тогоондоо гэдэг шүү дээ. Хайр сэтгэлийн харилцаанд хос хоёроос өөр хэн ч байх ёсгүй.
5. Өөрийгөө золионд гаргасан харилцаа
Хайртай хүнийхээ таалалд нийцүүлэхийн тулд цагийн хуваарь, сонирхол хоббигоо өөрчилж, найз нөхөдтэйгөө хүртэл уулзахаа больсон. Өөрөөр хэлбэл хамтрагчийнхаа төлөө өөрийгөө золиосолж байна.
Нэг талаараа энэ нь сайн. Гэхдээ нөгөө хүн тань ч бас адил үйлдэл хийх ёстой. Хүн таныг ямар ч шалтгаангүйгээр зүгээр байгаагаар чинь л хайрлах ёстой шүү дээ.
6. Хортой харилцаа
Та 2 бие биедээ хайртай ч хайр сэтгэлийнхээ төлөө бие биедээ буулт хийж, золиос гаргахыг хүсдэггүй. Ор хөнжлийн асуудал дээр бүх зүйл хэвийн ч цаг хугацааг хамт өнгөрүүлэхийг хүсдэггүй. Эсвэл эсрэгээрээ.
Эрт орой хэзээ нэгэн цагт энэ харилцаа дуусгавар болно. Удах тусам шаналал нэмэгдэнэ.
7. Хөнгөн харилцаа
Та хоёрын хэн нь ч энэ харилцаанаас юу ч хүсдэггүй. Зүгээр л хамтдаа цаг хугацааг хөгжилтэй өнгөрүүлдэг. Эсвэл хэн нэгэн нь шинэ хамтрагчийнхаа "өвөрт" хуучин хайраа мартахыг хичээж байгаа.
8. Хамгийн сайн найзууд
Ийм төрлийн харилцаатай хосууд сонирхол нэгтэй, хамт байхад тайван, тухтай байдаг. Та 2 бол сайн найзууд ... тэгээд л болоо. Ямар нэгэн онцгой холбоо байхгүй.
9. Зөвхөн секс
Та хоёр сексийн хувьд төгс зохицдог. Гэхдээ түүнээс цаашгүй. Секс байхад бусад нь хамаагүй гэж бодох хэрэггүй. Зарим хос бүх асуудлаа ор хөнжлийнхөө ажлаар шийдчихдэг. Гэхдээ хүсэл, тачаал нь унтарвал яах вэ? Та хоёрын харилцаа юун дээр тогтох вэ?
10. Холын зайн харилцаа
Бие биедээ хүрч, үнсэж, тэвэрч, илбэн таалалгүйгээр харилцаагаа хадгалж үлдэнэ гэдэг маш хэцүү. Та 2 бүгдийг даваад гарч чадах уу?
11. Эрүүл харилцаа
Хайр, хүндэтгэл, ойлголцол дээр боссон харилцаа. Хосууд бие биенээ илүү сайн мэдэх, ойлгохыг хүсдэг, бие биеэ хүндэлдэг, буулт хийдэг, цагийг хамт өнгөрүүлэхийг хүсдэг.