30 гарсан герман бүсгүйгээс "Та хэзээ гэрлэж, хэдэн хүүхэдтэй болох вэ?" гэж асуувал тэд инээмсэглээд дуугүй өнгөрч магадгүй. Зарим нь энэ тухай огт төлөвлөөгүй байна гэнэ. Харин бид "Хүнтэй сууж, олон хүүхэдтэй болмоор байна" гэдэг.

Ингээд л бидний амьдралын төлөвлөгөө болоо. Яаж сайхан амьдрах нь тэр үеийн тэнгэр мэдэх асуудал. Эхлээд харахад энэ нь хувь хүний үзэл бодол мэт ч сайтар ажиглавал тухайн нийгмийн хандлага, дүр төрх гэлтэй. Нийгэм өндөр хөгжихийн хэрээр эмэгтэй хүний аз жаргал эр хүн, хүүхдээс хамаарах нь багасаж, сонирхол, хобби, ажил мэргэжил нь илүү өргөжин тэлдэг. Энэ хэмжээгээр үзэл бодол нь шашин, уламжлал, мухар сүсгээс даван хальж, өөрөө чөлөөтэй сэтгэх болсон байдаг. Тэд гэр бүл, үр хүүхэдтэй байх нь яах аргагүй амьдралын нэг хэсэг гэдгийг мэднэ. Гэхдээ хэтрүүлэхгүй. 

Олон хүүхэд гэдэг сайн ээж нэрийг олох, эр нөхрөө тогтоох арга биш ээ. Тэд арай бодитой ханддаг. Хүнтэй суусан нэг нь "Олон хүүхэд ээ? Бидний цалин одоохондоо бага. Бид ердөө 4 өрөө байртай. Манай машин 3 хүүхэд суухад тохиромжгүй. Тэгэхээр 6 хүний суудалтай болгож машинаа томруулна гэсэн үг. Байраа томруулбал түрээс нэмэгдэнэ. 

Хүүхэд гэдэг чинь мөнгө шүү дээ гэнэ. Энэ нь шууд л хүүхдийг мөнгөтэй харьцуулж байгаа хэрэг биш юм. Тэдний хувьд сайн эцэг эх байна гэдэг нь хүүхдийнхээ төлөө өдөрт хангалттай цаг зарцуулдаг, курс дугуйланд тасралтгүй өгдөг, хүүхэд тус бүрдээ өрөө бэлддэг, тэдний хүссэн бүрийг биш, тэдэнд хэрэгтэй бүхнийг авч өгөхөд санхүүгийн хувьд бэлэн байдаг, тус бүрд нь хадгаламжинд мөнгө хадгалж оюутан болж амьдралаа эхлэхэд нь гарааны хөрөнгөтэй байлгадаг эцэг эхийг хэлдэг. Тэдний ойлгож чадахааргүй нэг зүйл нь олон хүүхэд төрүүлээд тэдэнтэйгээ нэг жижиг өрөөнд эсвэл байранд шавааралдан амьдрахыг хэлнэ.

Энэ бол тэдэнд хүүхдийг цээрлүүлэх гэж төрүүлж байгаатай адилхан хүнлэг биш явдал. Эцэг эхийн амьдралаас хүүхдийн амжилт шалтгаална гэдгийг тархиндаа хийсэн хүмүүс. Олон хүүхэдтэй байвал гоё гэсэн сэтгэлийн хөөрлөөр боддог хүмүүс тэд биш ээ. Хүмүүсийн боловсрол дээшлэхийн хэрээр нийгэмд мухар сүсэг, залилан багасаж, бие даасан байдал ихсэж, бүр болохгүй бол найз нөхдөөсөө мөнгө зээлнэ, эцэг эхтэйгээ цуг амьдарна, тэд биднийг харж үзэх ёстой гэх юм байхгүй болно. 

Үүнийг монголчууд бид ойлгохгүйгээр германчууд гэдэг чинь эцэг эх үр хүүхэд байж хөндий юм бэ гэж бодоцгоодог. Тэд эцэг эх дээрээ зочилж ирчихээд хажуугийн буудалд өрөө захиалж магадгүй. Учир нь тэд тэднээс болж эцэг эх нь тохигүй байна гэж боддог. Эцэг эх нь хоноорой гээгүй л бол тэд хононо гэж дайрахгүй. Үнэндээ энд эцэг эх нь хүүхдэдээ, хүүхдүүд нь эцэг эхдээ төвөг болохоос үхтлээ эмээдэг хүмүүс.