Зохиолч Шуурай Солонго-ын "Тооролжингоо":гэж өвөрмөц содон тууж уншлаа. Түүхэн зохиол нэртэй хуулбарууд бичиж суухаар арай өөрөөр сэтгэж болохыг энэ бүсгүйн зохиол харууллаа. Жүжигчин Амараа "Бид өвөрмөц, бусдаас ялгарах үндэснийхээ юмаар дэлхийд гарах ёстой. Тийм зам мөр нээлттэй байна. Сэдэв санаа нь дууссан Холливудын кино урлагт манай түүх бол нууц эрдэнэсийн агуй" гэх утгатай үг хэлсэн. Уран зохиолд ч энэ үг хамаатай. Хаан хатны тухай улиг болсон аргаар бие биенээсээ ялгарах юмгүй хуулан бичлэг бичиж суухаар өөр өнцгөөс, гоё сонирхолтой аргаар өгүүлэх тийм санаа сэдэл дутаад байх юм.

"Тоорложин" гэх дуурийн дуучин бүсгүй цаг хугацаагаар аялагч нөхөртэй санаандгүй таарснаар үйл явдлын сонин эргүүлэгт оржээ. Санаандгүй ч гэж дээ, цаад нөхөр нь санаатай л тааруулсан байх. Өнгөрсөн түүхийг өөрчлөх боломжгүй ч ирээдүйд гарах үр дагаварт нөлөөлөх багахан засвар хийх боломжтой ч юм шиг санагдлаа. Дундад зууны Монголын хааны өргөөнд зочилж, ханхүүтэй нь учир ургуулж, загас наадуулахын жаргалыг эдлэх учиртай байж. Гэвч ханилан сууж хааны удмыг төрүүлж болохгүй. Өнгөрсөн түүхийг өөрчлөх боломжгүй учраас тэр. Тооролжин бүсгүй удганы дүрээр залран очиж төрийг самрах хар санаа сэдсэн зайранг буулган авч байна. Цус нэгт ах дүү хоёр алалцах хар хорын үрийг зайрантан цацсан байжээ. Бүсгүйн мөрөөдөл алдартай дуурийн болж, дэлхийн сонгодогуудын ариг дуулах хүсэлтэй байсан бол дундад зууны ахуй амьдралтай танилцсаны дараа энэ бүхэн өөрчлөгдөж байна.

Нүүдэлчин ард түмний өв соёл, дуу хуур бол өөрөө тэр чигтээ гайхамшиг гэдгийг ухаарч этник урлагаараа дэлхийн тавцанд гарах учиртайг олж мэдэв. Морин хуурын аялгуу, уртын дууны гайхамшигаа орчин цагийн өнгө аяст хувирган англи хэлээр дэлхий дахины сонорт хүргэх, алдрын оргилд хүрэх зам мөр нь ийнхүү нээгджээ. Тэр сонгодог дуурийн аригаа дуулж явсан бол хүн чулууны хонхороосоо хэтрэхгүй байсан биз. Мартагдсан өв соёлоо сэргээж, өөрийн өвөрмөц бусдаас ялгарах үндэсний гэх юмаараа дэлхийд гарах жүжигчин Амараагийн мөрөөдөл энэ зохиол дотор явна. Холливудад хөл тавьж "Хубилай хаан" сериалын Аригбөх хааны дүрийг бүтээсэн жүжигчин Амараа гадны кино соёлын тогоонд биеэр орж юм үзэж нүд тайлсан хүний хувьд энэ бүхнийг ажиглаж мэдсэн байх.

Балиг хааны ханхүүтэй хээрийн урцанд жаргаж хоносон Тооролжин бүсгүйн үүлэн бороо, янаг амрагийн явдлыг нэн тодорхой дүрслэн бичээгүй ч зүгээр киноны кадр мэт нүдний өмнө тодорч сэрэлд мэдрэгдэж байсан юм. Цаг хугацаар аялагчийн хувьд цаг хугацаа гэж үгүй. Хэд хоног, сар жилээр явлаа ч бодит амьдралын тэр цаг хугацаа бол өөрчлөгдөхгүй. Зоригоо эмч Тооролжин бүсгүйд сэтгэлтэй, сууя барья гэж эргүүлдэж явдаг нөхөр. Харин зохиолын төгсгөлд уртын дуугаа англиар дуулж байгаа найз бүсгүйнхээ тоглолтыг үзэж байгаа Зоригоо эмчийн баяр хөөр юутай их. Найз бүсгүй нь зургаан сартай жирэмсэн болохоор бүүр ч их догдолжээ. Харин Тооролжин бүсгүйн хэвлийд бүрэлдэж буй үр хэнийх болохыг та бараг таамаглаж байгаа биз. Ирээдүйн Ази тивийн хүчирхэг удирдагч эхийнхэн хэвлийд уртын дуугаа сонсож байна. Гоё сэтгэж байгаа юм шүү. Төв Азийн морьт нүүдэлчдийн зан заншил, өв соёл, үүх түүх, шашин суртал, бөө мөргөл, домог туульс энэ бүхэн далд нууцлаг, хөндөгдөөгүй онгоноороо байна. Орчин цагийн утга зохиолын сэтгэлгээгээр сэлбэж, шинэ арга барилаар туурвиж чадах аваас дэлхийн утга зохиолын дэвжээнд гарч ирэх нөөц боломж бүрэн байна. Зүгээр л хуучин хэв маягаар үргэлжлүүлээд байх юм бол Хүн чулууны хонхороосоо хэтрэхгүй байх.

Зохиолч бүсгүйн "Шамбалын цэнхэр салхи" бэсрэг зохиолыг уншаад бусдаас арай өөрөөр сэтгэх бичих авьяастайд урам орж зохиолын тухай сэтгэгдлээ бичсэн билээ. Тэр маань андуурал болсонгүй. Аугаа туурвилч Д.Намдаг гуай " Хамгийн муу урлаг бол тайлбарлах урлаг. Зохиолч хүнд хоёр цээр бий. Нэг нь бусдыг хуулах, нөгөө нь өөрөө өөрийгөө хуулах" гэж шавь нартаа захьсан байдаг. Үүнээс ангид байж чадвал өөрийгөө зохиолч гэж нүүр бардам бодох, хэлэх хэрэгтэй байх. Түүнээс бус хөдөлмөрч дайчин, бэст ном зохиогч, царайлаг хөөрхөн, хорь гуч дөчин ном гаргасан энэ тэр бол ёстой падлий байхгүй шүү. Нэг номын хорхойтон Г.Оюунгэрэлийн ННЛ, ЦЦХ зохиолоос нь илүү түүний нэр хүнд, гадаад төрх, бие авч байгаа байдал нь таалагддаг учраас номыг нь унших дуртай гэж байсан. Ийм байдлаар уран зохиолд хандвал зүгээр л онигоо, доог тохуу болно шүү нээрээ.

Өнгөрсөн түүхийг засаж болохгүй ч, ирээдүйд гарах үр дагаварыг өөрчилж болно. Цаг хугацааны гажилт үүсгэж чадах юм бол энэ бүхэн биелэх боломжтой. Хүний оюун санаа бол цаг хугацаагаар аялах, гэрлээс ч хурдан орон зайг туулах гайхамшигтай билээ. Бодол төсөөлөлд хязгаар үгүй.