Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, Сүхбаатар дүүргийн АН-ын хорооноос өнөөдөр намын гишүүний үнэмлэхээ гардан авлаа. Тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдоод хуулийн дагуу намын гишүүнээс түдгэлзсэн юм.

Үнэмлэхээ гардсаны дараа сэтгүүлчдийн асуусан зарим асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.

- АН уналттай байгаа энэ үед намын гишүүнчлэлээ сэргээж буй зорилго юу вэ?

- Миний харж буйгаар АН хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, баялаг  бүтээгчдийг дэмждэг, Монгол Улсад хүнд суртал бага байх ёстой гэдэг  чиглэлд явдаг, ийм үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлээ сэргээж, үүсэж бий  болсон тэр буурин дээрээ баттай зогсох ёстой гэж бодож байна. Иймд Ардчилсан намын гишүүнчлэлээ өнөөдөр сэргээж байна.

- Намын удирдлагуудтайгаа хэрхэн хамтарч ажиллах вэ, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох уу?

- Энгийн иргэн байх нь надад хамгийн сайхан байна. Ер нь Монгол Улсын иргэн байхыг хамгийн өндөр албан тушаал гэж ойлгож байгаа. Гишүүний хувьд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ажиллана. Би эх орондоо тангараг өргөсөн хүн. Эх орон дуудвал бид босож очих үүрэгтэй. Одоо жирийн иргэнийн хувьд нам, улс орныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явж байна.