Цагаан хоолтнууд бүтээлч байдаг

Г.Сайнзаяа
02 сарын 10, 2021

Цагаан хоолтнууд маш бүтээлч байх шаардлага гардаг. Тэд самар бутлан сүү гаргаж, шар буурцгаар бяслаг, зайрмаг, заримдаа бүх махыг ч хүртэл орлуулах нь бий. Гэвч өндгийг орлуулсан гэхээр итгэмээргүй. 

Цагаан хоолтнууд олон жил өндөгний цагаанаар хийдэг амттангуудаас татгалзаж ирсэн. Макарон жигнэмэг, зефир, зөөлөн кексийн аль ч тэдний хоолны цэсэд байхгүй. Гэтэл 2015 онд нэгэн хувьсал болжээ. Индианагийн программ хангамжийн инженер  Гүүс Уолт цагаан хоолтон болоод удаагүй байж. Тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ еврейчүүдийн Седер баяр тэмдэглэх болоход цагаан хоолтонд зориулсан зефир хийх даалгавар авчээ. Угийн бүтээх, засварлах дуртай тэрбээр уураг, цардуул, ногооны давирхайн тухай ном товхимлуудыг хэржээ.

Нэгэн орой эхнэр нь түүнд хоёр франц тогооч турк даршилсан вандуйн шүүсээр шоколадны мусс хийсэн тухай ярьсан аж. Улмаар Уолт тус аргыг хэрэглээд үзэхээр шийджээ. Бинго. Шүүс богино хугацаанд хөөсөрч, элсэн чихэр нэмэхэд яг л өндөгний цагаан шиг гялалзсан, саатай болсон байна. Ноён Уолт энэ тухайгаа фейсбүүк дэх “What Fat Vegans Eat” группд нийтэлж бяцхан шуугиан дэгдээсэн.

Цагаан хоолтны зефирийн нууц нь тогооч нарын хатсан хэсгийг чийглэхдээ ашигладаг энгийн л зүйл байв. Ноён Уолт эл гайхалтай орцоо ус, буурцаг гэсэн хоёр латин үг нийлүүлэн акуафаба хэмээн нэрлэжээ. Акуафабагаар хийсэн туршилтуудаа хуваалцах шинэ групп Фейсбүүкт “Vegan Meringue — Hits and Misses” нэртэй нээгдсэн. Үүгээр ч зогсохгүй акуафабатай хоолны жор бүхий ном ирэх намар хэвлэгдэх юм.

Тогооч нар акуафабаг пэнкейкнээс авахуулаад төмсний нухаш гээд бүхий л төрлийн хоолонд ашиглах болжээ. Нью-Йоркийн Sir Kensington компани акуафабагаар хийсэн анхны цагаан хоолтны майонез “Fabanise”-ыг танилцууллаа.

Энэхүү орц амттай хийгээд хийхэд хялбар гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Акуафабаг ойлгохын тулд эхлээд өндөгний талаар мэдэх нь зүйтэй. Өндөгний шар бол уураг, тос, холестролын нэгдмэл. Тийм ч учраас өтгөрүүлэн, баяжуулах чанартай.

Харин өндөгний цагааны 90 хувь нь ус, 10 хувь нь уураг. Эднийг холиход уураг задран устай нэгдсэнээр хөөс үүсдэг. Улмаар хөөс амархан хагарахгүйгээр зефир, сюфле зэргийг зөөллөдөг ажээ. Акуафабагаас өмнө хөөлгөгч нунтаг, хүнсний сод болон цагаан цуу, алимны соус, нухсан гадил, газрын Чиа үрээр өндгийг орлуулдаг байлаа. Асуудлын гол нь эдгээрийн аль нь ч өндөгний чанарыг гүйцэхгүйд оршино.

Худалдаанд гардаг өндөг орлуулагч Ener-G сайжруулсан цардуул, хөрөнгөний холимгоос бүрдсэн. Үүгээр амттан хийж болдог ч картон цаас шил амтагддаг гэж хэрэглэгчид гомдолдог. Түүнчлэн зайлшгүй буцалгах шаардлагатай ажээ. Ноён МакГигийн хэлснээр акуафабагийн нууц бол зунгааралдсан уураг болон задарсан цардуулын холимог юм. Энэ нь хөөсийг амархан хагарахаас сэргийлж, сапонинс хэмээх бэхжүүлэгч химийн бодис агуулдаг байна.

Лаазалсан Нут вандуйг холигчид хийж эргүүлэхэд тэр дороо ванны хөөс шиг гялалзсан, биежсэн болдог аж. Эхэндээ вандуй ч бага зэрэг амтагдах ч болгосон хойно алга болно. Өндөгнөөс бага илчлэгтэй, элдэв таагүй амтгүй. Лос Анжелес дахь цагаан хоолны Crossroads зоогийн газар Нут вандуйн шүүсийг долоо хоног бүр хаядаг байсан. Харин одоо акуафабагаар пэнкейкийг зөөллөж, макарон хийж, коктейл ч найруулдаг болжээ. “Энэ үнэхээр гайхалтай” гэж ахлах тогооч Таль Роннен ярьсан юм.

Холбоотой сэдвүүд

цагаан хоол хоол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.