Х.Оргил
03 сарын 16, 2021
“Цагаан цайз” роман Туркийн зохиолч Орхан Памукийг дэлхийд анх таниулсан бүтээлүүдийн нэг юм.
Тэрбээр энэхүү” романаа 1984–1985 онуудад бичжээ. “Цагаан цайз” түүний гурав дахь роман бөгөөд англи хэлнээ хөрвүүлэгдсэн анхны бүтээл нь юм. Орчуулагдан гарсан даруйд нь Нью-Йорк Таймс Бүүк Ревью сэтгүүл “Дорнод шинэ од мэндэллээ, тэр бол турк зохиолч Орхан Памук” хэмээн уулга алдсан бол Обзервер сонин түүний бүтээлүүдийг “Кальвино, Эко, Борхес, Маркес нарын шилдэг зохиолуудтай эн зэрэгцэнэ” хэмээн шагшин магтаж байв.
Романы үйл явдал XVII зуунд өрнөх агаад Венецийн нэгэн иргэнийг олзлон, Истанбул руу авчирч буйгаар эхэлнэ. Одон орон, физик, уран зургийн талаар мэдлэгтэй түүнийг ижил сонирхолтой турк хүнд боол болгон өгдөг. Эл хоёр хүн өөр хоорондоо ер бусын төстэй. Эзэн боолоосоо Венецийн тухай, Өрнийн шинжлэх ухааны тухай сурах хүсэлтэй аж. Эзэн, боол хоёр бие биеэ таних, ойлгох, бие биеийнхээ тухай хүүрнэхээр Истанбулын Алтан эвэр усан тохой руу харсан цонхтой, харанхуй, хоосон байшинд ширээний ард суугаад ярилцана. Түүх яриа, адал явдал нь тэднийг нүх сүв бүрд нь тахал ээрсэн хотын гудамжууд, нас балчир Султаны мөрөөдлийн цэцэрлэг, итгэмээргүй зэвсэг хийх төсөл болон “Би яагаад би вэ?” хэмээх асуулт руу хөтлөх ажээ.
Түүхэн агуулгатай энэхүү романыг бичих санаа зохиолчид анх хэрхэн төрснийг уншигч, судлаачид ихээр сонирхдог. Энэ тухай зохиолч “Цагаан цайз”-ын зүүдний мэт дүр зураг “Жэвдэт бэе ба түүний хөвгүүд” романаа дуусгах үед санаанд минь анх орж ирсэн” хэмээн бичсэн байдаг. Тэр үед зохиолчийн санаанд шөнө дунд цэнхэр гудамж дундуур, өөрийг нь дуудуулсан ордны зүг алхлах зөнчийн дүр буусан юм санж. “Чимээгүй байшин” зохиолоо дуусгасныхаа дараа нүдний нь өмнүүр түүхэн дүрслэлүүд хөвөрч эхлэхэд, нэгэн шүүмжлэгчийн хэлсэнчлэн “бодит амьдралаас зугтаж түүхэн зохиолд хоргодох” нь Памукт хамгийн зөв санагдаж, урт романууд дундаа нэг богино зохиол бичье гэж бодсоноор “Цагаан цайз” роман бичигдсэн ажээ.
Зохиолч энэхүү романаа “Сайн зохиолын эхлэл үлгэр шиг хүүхдэрхүү байх учиртай гэж бид бодлоо. Дунд хэсэг нь аймшигтай, төгсгөл нь хагацаж дууссан хайрын түүх шиг өрөвдөм” гэж зохиолдоо бичсэн тэр л маягаараа эхлүүлж, өрнүүлж, төгсгөжээ. Яг л үлгэр шиг боол, далайн дээрэмчид, хөлөг онгоцнууд, паша нарын тухай хүүрнэн эхэлж, “Би яагаад би вэ?” хэмээх асуултыг судалж, тахал, үхэл, хүчирхийлэл, хэрүүл, эзэн-боолын сөргөлдөөнөөр үргэлжилж, дотно нөхөрлөсөн боол, Хожа хоёр дахин уулзахгүйгээр салан одсоноор энэхүү зохиол төгсөнө.
“Цагаан цайз” роман нь Орхан Памукийн бүтээлүүд дундаас анхлан танилцахад хамгийн тохиромжтой зохиол хэмээгддэг байна.
Ташрамд дурдахад, Нобелийн утга зохиолын хорооноос Орхан Памукт “Хотын гунигт дүр төрхийн учрыг тайлахаар чармайхын зэрэгцээ соёл хоорондын мөргөлдөөн, нийтлэг онцлогийн шинэ илэрхийллийг гаргаж ирсэн” учир 2006 онд Нобелийн шагналыг хүртээсэн билээ.
Онцлох эшлэлүүд:
Цайз өндөрлөг толгой дээр байрлажээ. Туг зоосон цамхгуудад нь жаргах нарны үл мэдэг улбар туяа туссан ч цагаан өнгөтэй хэвээр. Цав цагаан, гоёмсог. Яагаад ч юм хүн ийм гоёмсог, хүрч боломгүй зүйлийг зүүдэндээ л харах биз гэсэн бодол надад төрөв.
️Ертөнцийн дөрвөн зүг, найман зовхисын хүн ард бүгд өөр хоорондоо адилхан гэдгийг ойлгохын тулд хүн заавал падишах болох ёстой юм уу?
️Амьдралын хамгийн сайхан нь зугаатай түүх зохиож, зугаатай түүх сонсох биш гэж үү?
️Өөрсдийн доторхыг уудлах, өөрсдийн тухай удаан нухацтай бодох нь бидний баяр баясгаланг үгүй хийнэ.
️Би түүнийг хайрладаг байсан. Өөрийн аргагүйдсэн, хөөрхийлөлтэй дүрээ зүүдлээд өрөвдөн хайрлах шиг; энэ дүрийн ичих сэтгэл, уур хилэн, гэм нүгэл, уйтгар гунигт боомилогдох шиг; гунигласаар амь тавих зэрлэг амьтныг хараад ичиж зовох шиг; хүүгийнхээ ичгүүргүй занд уурлах шиг; өөрийгөө мунхгаар зэвүүцэн, баясан таних шиг би түүнийг хайрладаг байсан. Гэхдээ магадгүй хамгаас илүүтэйгээр гар хөлөө шавж хорхой шиг дэмий савчиж сурсан шигээ; өрөвдмөөр биеэс минь гарах чийгийн өвөрмөц үнэрээ, ядруу үсээ, муухай амаа, үзэг барих ягаан гараа таньдаг шигээ хайрладаг байсан биз.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.