Хэд хоногийн өмнө ажил дээр маань гэнэтийн шалгалт орж ирж, биднийг багагүй сандаргав. 

Хариуцаж ажилладаг гурван төслийн маань үйл явц, орж ирсэн санхүүжилтийг хэрхэн үр дүнтэй зарцуулсныг шалгахаар хөрөнгө оруулагчид өөрсдийн биеэр хүрч ирсэн нь тэр байв. Хурлын өрөөгөөр хөл хөдөлгөөн ихтэй, цай кофе зөөсөн, энд тэнд хоорондоо мөргөлдсөн хүмүүс л байлаа. Захирал маань гаднаа тайван ч дотроо сандралтай нь илт. 

Энэ тухай түр орхиод 5 жилийн өмнөх нэг түүхийг эргэн дурсъя. 

...Их сургуулиа төгсдөг тэр жил намайг Америкад ажилласан ажлын туршлагагүй юм байна гээд сургуулийн зүгээс нэг газрын санхүүгийн хэлтэст 3 сар дадлага хийлгэсэн юм. Тэр үед сургууль төгсөхөөсөө өмнө заавал ямар нэгэн байгууллагад мэргэжлийн дадлага хийж байж төгсдөг байлаа. 

Хуваарилагдан очсон газарт маань нэгэн залуухан эмэгтэй намайг хүлээж авч, дадлага ажлыг минь удирдсан юм. 

Дадлагын хугацаанд тэрээр өдөр бүр нэг л зүйлийг надад аминчлан захидаг байлаа. Түүнийхээр “бүх зүйл баримттай, нотолгоотой байх ёстой.” 

Тэр ингэж хэлдэг байв:

- Утсаар албаны чухал зүйл хэзээ ч битгий ярь, түүний оронд имэйл бич. Хэрэв тэр хүн дараа нь би тэгж хэлээгүй гэвэл чи өөрийгөө нотолж чадахгүй, тиймээс дандаа бичгээр харилцаж, өөртөө баримт үлдээж бай. Ингэснээр чи өөрийгөө хамгаалах болно. 

- Хийсэн ажлаа заавал файлаар бас давхар цаасан дээр хэвлээд хадгалж бай. Файл уствал чамд цаасан хувилбар нь үлдэх учиртай. Хэрэв цаас алга болвол файл нь компьютерт байх ёстой.

- Хэчнээн оройтсон ч өдөрт хийсэн ажлаа заавал жагсааж бичээд харьж бай. Дараа нь хэдний өдөр юу хийснээ тэр тэмдэглэлээ хараад санах болно. Бас чамайг өндөр бүтээмжтэй ажиллахад тусална. 

- Бүх зүйлийг он сарынх нь дагуу эмх цэгцтэй хадгалж бай. Ямар нэгэн зүйл дундаас нь алга болоход чи юу гэдгийг нь шууд мэднэ. Үргэлж өөрийгөө хамгаалах үйлдлийг хамгийн түрүүнд хий. 

- Хэрэв чи ямар ч үед цэгцтэй байж чаддаг бол дарга чинь ч чамд үг хэлж чадахгүй. Цэгцтэй байдал бол чиний өөрийгөө хамгаалах “үндсэн зэвсэг” гэж хэлдэг байлаа. 

Өдөр бүр шахуу дээрх үгнүүдээ давтана, өөрөө ч маш нямбай эмэгтэй байсан. Түүний ачаар би ажил дээрээ яг тэр зарчмыг мөрдлөг болгосоор ирсэн. 

****

Тиймээс аудитын шалгалт намайг огт айлгаагүй. 

Хурлын өрөөнд бүх бичиг цаасаа барьчихсан, нэг центийн ч зөрөөгүй тайлангаа үзүүлээд зогсож байхад захирал маань их л сэтгэл хангалуун харцаар харж суусан.