Зейгарник эффект нь хувь хүн дуусгаагүй ажил даалгаврыг дуусгасан ажил даалгавраас илүүтэй санах хандлагыг дүрслэх сэтгэл зүйн үзэгдэл юм. 

Энэ үзэгдлийг анх 1900-аад оны эхээр ажиглаж, олон судалгаа хийсээр иржээ. 

Оросын сэтгэцийн эмч, сэтгэл судлаач Блюма Вульфовна Зейгарникийн нэрээр нэрлэжээ. 1920-иод оны үед, Зейгарник  ресторанд зөөгч нарыг ажиглажээ. Тэд төвөгтэй, ярвигтай, төлөгдөөгүй захиалгуудыг санаж байсан боловч, дууссан, төлөгдсөн захиалгыг санахгүй байжээ. Үүнээс тэрээр лабораторидоо тухайн үзэгдлийг судлахаар туршилтууд хийж эхлэхээр шийдсэн байна. 

Түүний нэг туршилтад 138 хүүхэд хэд хэдэн энгийн даалгавар, эвлүүлдэг зураг, математикийн бодлого хийж гүйцэтгэжээ. Үүний дараагаар Зейгарник хүүхдүүдийг даалгаврыг дутуу хийлгэж, гүйцэтгэхэд нь саад болжээ. Үр дүнд нь 138 хүүхдийн 119 нь дуусгасан даалгавраас илүүтэй дуусгаагүй даалгаврыг санаж байв. Насанд хүрэгчидтэй хийсэн судалгаанд ч мөн судалгаанд оролцогчдын 90% нь дуусгаагүй даалгаврыг санаж байжээ. 

Зейгарник эффектийг олон судлаачид судалж байсан бөгөөд үүнийг тайлбарлах хэд хэдэн загвар гарч байсан. Зарим онолд дуусаагүй даалгавар нь сэтгэхүйн бухимдлыг бий болгож тухайн бухимдлыг тайлахын тулд тархид даалгавар дуусгахыг сануулсаар байдаг гэж тайлбарладаг. 

Орчин үеийн соёлд энэ эффектийг олон талаар ашигладаг. Жишээлбэл сэтгүүл зүйд гарчиг, мэдээний товч байдлаар энэ эффектийг ашигладаг бол, кино салбарт трейлер үзүүлж анхаарал татдаг. ТВ шоу болон цуврал номонд энэ үзэгдэл нь гол хэрэгсэл болдог. 

Энэ үзэгдлийг бид өөртөө ашигтай байдлаар хэрэглэх боломжтойг тэр бүр мэддэггүй. Жишээ нь, бид аливаа ажил даалгаврыг гүйцэтгэхдээ өөрийн дотоод хүсэл, бодлоо үр дүнтэйгээр холбож сурснаар энэ эффектийг ашиглах боломжтой болно. 

Аливаа зүйлийг хойшлуулах хандлагатай байдаг хүмүүс ажлаа эрт эхлүүлэхийн ач холбогдлыг сурч болно. Зейгарник эффекттэй холбоотой сэтгэхүйн бухимдал нь дээрх хүмүүсийг ажлаа цагтаа дуусгахад тусална. Олон даалгавар зэрэг гүйцэтгэж чаддаггүй хүмүүсийн хувьд энэ эффектийн тусламжтайгаар бүтээмжээ нэмэх боломжтой байна.