АНУ болон БНСУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг түргэтгэх зорилгоор команд-штабын “Key Resolve” болон “Foal Eagle” цэргийн хээрийн хамтарсан сургуулийг хийхгүй байхаар шийджээ. Энэ тухай “Yonhap” агентлаг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээллээс иш татан уламжлав.

Тус агентлагийн мэдээлснээр, холбогдох шийдвэрийг БНСУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд Чон Гён Ду, АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан нар бямба гарагт утсаар ярих үеэрээ гаргасан байна.

“Цэргийн хамтарсан сургуулиудыг зохицуулахтай холбоотой эвслийн шийдвэр нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг дуусгах болон түгшүүртэй байдлыг намжаах дипломат оролдлогуудыг хоёр орон дэмжихээр төлөвлөж буйг харуулж байна” гэж БНСУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ.

Америк болон Өмнөд Солонгосын төлөөлөгчид жил бүр хийдэг хамтарсан сургуулиудынхаа тоог цөөлөхөөр төлөвлөж буйгаа мэдэгдэнэ гэж “Reuters” агентлаг гуравдугаар сарын 1-нд мэдээлсэн байна.

Сөүл болон Вашингтон АНУ-ын Ерөнхийлөгч, БНАСАУ-ын удирдагч нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын дараа цэргийн хамтарсан сургууль хийх төлөвлөгөөгөө мэдэгдэхээр тохиролцсон тухай “Yonhap” агентлаг хоёрдугаар сарын эхээр Өмнөд Солонгосын Засгийн газрын эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилсан билээ. “Key Resolve” болон “Foal Eagle” сургуулийг энэ жил цөөн бүрэлдэхүүнтэйгээр хийж магадгүй гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд урьд нь мэдээлжээ.

АНУ-БНАСАУ-ын хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт өнгөрөгч пүрэв гарагт Вьетнамын нийслэл Ханой хотод дууссан билээ. Талууд уулзалтын төгсгөлд тохиролцоонд хүрч чадаагүй юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар ганцаарчилсан уулзалтууд хийсэн боловч хамтарсан баримт бичигт гарын үсэг зураагүй бөгөөд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS