Улсын томоохон эмнэлгүүдийг онцгой нөхцөл байдлын үед ажиллахад бэлтгэж байгаа билээ. Тэгвэл Цэргийн төв эмнэлгийн онцгой нөхцөлийн үеийн бэлэн байдлыг ЭМЯ-ны мэргэжилтнүүд шалгасан байна.

Тус эмнэлэгийнхэн халдвараас сэргийлэх хяналтыг сайжруулах чиглэлээр орох, гарах бүх хаалган дээр хөтөч, харуул ажиллуулж, иргэд, үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүлгэх, гар ариутгах, биеийн халуун үзэх зэрэг хяналтыг тогтмолжуулсан байна.
Мөн 9 давхар эмнэлгийн байраа бүрэн чөлөөлж 570 ор дэлгэн ажиллуулж, 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах ажлын хуваарь гаргажээ.

Бүх тасаг, нэгжийн эрүүл мэндийн ажилтнуудад нэг удаагийн хамгаалах хэрэгсэл өмсөх, тайлах сургалт явуулсны зэрэгцээ коронавирусын халдварын үед авах арга хэмжээ, оношилгоо, эмчилгээний заавар зөвлөмж өгөх сургалт явуулж, мэдлэг шалгах тест авч байгаагийн зэрэгцээ халдвартай өвчтөн ирсэн тохиолдолд зөөвөрлөх, тусгаарлах замын схем зургийг гаргаж, тоног төхөөрөмж, машин техникээ ч бэлэн байлгаж байгаа юм байна.