ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өчигдөр "Дотоодын цэргийн тухай хуулийн эх бичвэр"-ийг хүлээлгэн өгөх, дотоодын цэргийн  байлдааны туг залах ёслолын үйл ажиллагаанд оролцлоо.  

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Дотоодын цэргийн хуулийг 1995 онд батлагдахад гар бие оролцож, Дотоодын цэргийг татан буулгахад сэтгэл шимшрэн сууж байсан үе надад бий.  2016 онд шинэ засаг байгуулагдсаны дараа Дотоодын цэргийн хуулийг УИХ-аар батлуулах ажлын хэсгийг ахалж, энэ хуулийг батлуулсан түүхтэй. Энэхүү ажилд гар бие оролцсон Хууль зүй, дотоод хэргийн яамныхан, өмнөх сайд, Засгийн газар болон бусад албаны хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна. 1921 онд тасгийн хэлбэрээр байгуулагдсан Дотоодын цэрэг Монголын 90 жилийн хугацаанд хариуцсан үүргээ сайн биелүүлж, ирсэн нь цаашид энэ бүрэлдэхүүн байх ёстой гэдэг амьдралын шалгуурыг давлаа. Дотоодын цэрэг цаашид үйл ажиллагаа явуулахад нь Засгийн газрын гишүүнийхээ хувьд анхаарч, дэмжиж ажиллана гэдгээ онцолж хэлмээр байна” гэв.

Дотоодын цэргийн тухай хуулийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр батласнаар Монгол Улсын онцгой чухал обьектыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй Дотоодын цэргийг мэргэжлийн цомхон бүтэцтэйгээр дахин байгуулсан юм. Энэхүү дотоодын цэргийн анги нь дотоодын үймээн самуун, эмх замбараагүй байдал болон бусад аюул осол өргөжихөөс сэргийлэх, таслан зогсоох, иргэн, төрийн байгууллага, тэдгээрийн өмч хөрөнгө, объектын аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй юм. 

Аюулгүй байдлыг хангах аливаа арга хэмжээнд дотоодын цэргийн албан хаагчид арга тактик болоод зохион байгуулалтын хувьд бэлтгэгдсэн, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр оролцож шуурхай хариу арга хэмжээ авах юм.

ХЗДХЯ