Цэдэнбалын Цэрэндолгор
04 сарын 05, 2023
Глобал менежментийн институтын захирал, удирдлагын көүч Ц.Оюунжаргалтай ярилцлаа.
-Олон компанитай хамтран ажилласан стратегийн зөвлөхийн хувьд орчин үеийн монгол компаниуд голдуу ямар асуудлуудтай тулгарч байна гэж хардаг вэ?
- Гадаад орчин хурдтай өөрчлөгдөхийн хэрээр том, жижиг бүхий л компаниудад өөрчлөлтийн хурдтай зохицон ажиллах шаардлага тулгарч байна. Таны тавьсан асуултын цар хүрээ өргөн учир гурван хэсэгт хувааж авч үзье. Эхэлж байгаа старт-апууд, үйл ажиллагаагаа тэлж байгаа дунд хэмжээний бизнесүүд, түүнчлэн хэд хэдэн бизнесүүдтэй томоохон групп компаниуд гэж ангилаад тус бүрд нь нийтлэг байдлаар тулгардаг асуудлыг ярилцъя гэж бодлоо.
Бизнесийн зөвлөхийн хувьд харахад 20-30 жилийн туршлагатай, хэмжээгээрээ дундаас том компаниудын хувьд залгамж халааны асуудалтай нүүр тулгарч байна. Нийгэм шилжих үед залуу насандаа байгуулсан компаниудын удирдлагын ихэнх нь тэтгэврийн насанд хүрчээ.
Насны хувьд ялгаварлаж байгаа юм биш, хамгийн гол нь тэд залгамж халаагаа бодлоготойгоор бэлтгээгүй, удирдлагын баг буюу манайхны ярьж хэвшсэнээр захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд сүүлийн 10-15 жилийн турш өөрчлөлт ороогүй компаниудын хувьд цаг үетэйгээ зохицон өөрчлөгдөх, шинэчлэгдэх тал дээр асар их асуудал, сорилуудтай тулгарч байгаа нь харагддаг.
Ийм төрлийн компаниудын үүсгэн байгуулагчтай хамтран ажиллахдаа “Та өөрийнхөө залгамж халааг бэлдэх, удирдлагын багаа чадавхжуулах тал дээр юу хийж байгаа вэ?” гэж хамгийн түрүүнд асуудаг даа. Мэдээж залгамж халаагаа бодлоготойгоор бэлдээд өргөжиж хөгжиж байгаа компаниуд бий ч энэ нь маш бага хувийг эзэлж байна.
-Томоохон компаниудын хувьд онцолж ямар асуудлыг дурдах вэ?
-Дийлэнх нь залгамж халаа, "талант"/talent/-ын бодлогогүйгээс цаг нь тулахаар гэнэт гаднаас сайн хүн аваад ажиллуулчихна гэсэн шийдэлтэй байгаа нь маш том эндүүрэл.
Компани томрох тусам бүтэц нь томорч, удирдлагын олон шат дамжлага үүсэж энэ нь удирдлагын шийдвэр гаргалтын хурдад шууд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл жижиг компани байхдаа өдөртөө гаргадаг байсан шийдвэр томрох тусам хугацаа нь удааширч энэ нь өөрчлөлт шинэчлэлтэд сөргөөр нөлөөлж эхэлнэ.
Дунд хэмжээний компаниудыг харахад систем тогтолцоогоо зөв бүрдүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх, чиг үүргүүдийг удирдах манлайлагчдыг бүрдүүлэх тал даар асуудлуудтай тулгарч байгаа нь ажиглагддаг.
Харин старт-апп компаниудын хувьд бүтээгдэхүүнээ зах зээлд хэрхэн амжилттай таниулах вэ, зах зээлээ хэрхэн тэлэх вэ, үйлчлүүлэгчдийн тоогоо хэрхэн өсгөх вэ гэсэн асуудлууд нэгдүгээрт тавигддаг.
Үүнээс гадна хиймэл оюун ухаан (AI), юмсын интернет (IoT), үлэмж дата (Big Data)-г боловсруулж удирдлагын шийдвэр гаргалтад ашиглан дижитал шилжилтийг үйл ажиллагааны бүх түвшинд нэвтрүүлэх зэрэг технологийн дэвшилүүдтэй хөл зэрэгцэн алхахын тулд гарах сорилтуудтай том жижиг гэлтгүй бүх компаниуд тулгарч байна.
Бичлэг үзэх:
-Таны харж байгаагаар ямар ур чадвартай удирдлагуудтай компани илүү өсөж дэвжиж байна вэ?
- Компани амжилттай өсөж, хөгжих нь удирдагч лидерүүдээсээ шууд хамаарах нь ойлгомжтой. Удирдагч өөрийгөө хөгжүүлэх тусам компани болон бизнес нь тэр хэмжээгээрээ сайжирдаг бичигдээгүй хууль бий. Тэгэхээр эцсийн дүндээ удирдагч буюу манлайлагчаас тухайн байгууллагын амжилт шууд хамаардаг учраас захирлууд зөвхөн өнөө маргаашийн гал унтраах асуудлууд дээр төвлөрөх бус дунд, урт хугацаанд бизнесээ яаж өргөжүүлэх вэ, хүний нөөцөө хэрхэн одоогоос бэлдэж чадавхжуулах вэ, хамтын ажиллагаа, түншлэлээ хэрхэн тэлэх вэ зэрэг хөгжлийн сорилуудыг шийдэхэд цаг, нөөцөө зарцуулах нь чухал гэж үздэг дээ.
-Бодож төлөвлөхөд төвлөрч цаг гаргахгүй байна гэж үү?
-Дийлэнх захирлуудыг харахад өнөө маргаашийн асуудлыг шийдвэрлэх, богино хугацаанд ашигтай байх ажлуудад хамаг цаг, хүч нөөцөө зарцуулаад байна. Гэтэл хамгийн чухал буюу дунд, урт хугацаанд үр өгөөжөө өгөх төсөл, ажлыг тэр бүр хэрэгжүүлдэггүй. Энэ мэт чухал сэдвээр санаа тавихгүй байгаа нь яваандаа маш том аюултай нүүр тулахад хүргэдэг. Иймээс л удирдагч, захирлуудад бодож тунгаахдаа цаг гарга гэж зөвлөдөг дөө.
-Захирлуудын заавал эзэмших ёстой ур чадваруудыг дурдах бол алийг нь эхлээд онцлох вэ?
-Бизнесийн орчин төвөгтэй, олон талтай, боломж аюулууд зэрэгцэн оршиж байгаа өнөө үед захирлуудаас олон талын ур чадвар шаардаж байна. Гэвч захирлууд Холливудын кинонд гардаг супермен, супер эмэгтэй биш шүү дээ. Тэр олон ур чадварыг нэг хүн бүгдийг эзэмших ёстой гэсэн үг бас биш.
Дэлхийн шилдэг удирдагчдыг сургадаг институтээс удирдагч хүний зайлшгүй эзэмшвэл зохих 7 бүлэг ур чадвар, 18 дэд ур чадварыг онцолсон байдаг.
Тухайлбал манлайлах ур чадвар, стратегич сэтгэлгээ ба стратегиа тодорхойлох болон хэрэгжүүлэх ур чадвар, салбарын мэдлэг, туршлага болон технологийн ур чадвар, багийг чиглүүлэх болон харилцаа тогтоох ур чадвар, өөрчлөлтийг үр дүнтэй удирдах ур чадварууд юм.
Түүнчлэн тасралтгүй суралцдаг, амбицтай, зорилго зорилтуудтай, түүндээ хүрэхийн тулд нийтлэг үнэт зүйлс, алсын хараатай ажиллах ёстой. Ийм захиралтай компаниуд л амжилттай ажиллаж байна.
-Компаниудыг яг ямар шалгуураар амжилттай урагшилж байна гэж дүгнэх ёстой вэ?
-Өмнө нь компанийн амжилтыг ганцхан үзүүлэлтээр буюу санхүүгийн амжилтаар өөрөөр хэлбэл хэр зэрэг ашиг, орлого олсноор үнэлдэг байлаа. Харин орчин үеийн бизнесийн байгууллагыг гурван бүлэг үзүүлэлтээр үнэлэх болсон.
Үүнд санхүүгийн үзүүлэлтүүд ашиг орлого, хувьцаа, хөрөнгө оруулалтын өгөөжөөс гадна хэдэн ажлын байр бий болгосон, түүнчлэн байгаль орчин, нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ажлууд хийж нийгэмдээ ямар эерэг өөрчлөлтүүд авчирч байгаагаар үнэлдэг болжээ.
Тэгэхээр орчин үед бизнесийн байгууллагын амжилтыг зөвхөн санхүүгийн үзүүлэлтүүд орлого, ашиг, төлсөн татварын хэмжээгээр бус нийгэмд үзүүлж буй эерэг өөрчлөлтийн цар хүрээгээр үнэлдэг болсныг онцолмоор байна.
- Компанийн өсөлт хөгжилд нөлөөлдөг гол хүчин зүйлсийг та юу гэж үзэж байна вэ?
Гадаад, дотоод орчны олон хүчин зүйлс нөлөөлнө. Таны асуултыг нөгөө талаас нь тавиад хариулах гээд үзье. Компанийн өсөлт хөгжилд чухам юу чөдөр тушаа болдог вэ? 10-20-иод жилийн өмнө амжилттай нэр алдар нь цуурайтаж байсан компаниудын зарим нь үүд хаалгаа барьсан байхад нөгөө хэсэг нь үйл ажиллагааны цар хүрээ нь эрс хумигдсан байдалтай ажиллаж байна.
Арваад жилийн өмнө сургалт зөвлөх үйлчилгээ авч байсан бөгөөд сүүлийн үед таг холбоогүй байгаа нэгэн компанийн удирдлагатай саявтархан таарч бизнес нь хэр явж байгааг асуухад “Манайхан сургалт авахаа больсон. Сургалт авъя гэхээр дэмждэг хүнгүй болчихсон” гэдэг.
Энэ нь тухайн компанийн удирдлага болон ажиллагсад аль аль нь өмнөх амжилтдаа дулдуйдан хүрсэн түвшиндээ сэтгэл нь ханаснаас болж бизнес нь зогсонги байдалд орж, тав тухын бүсдээ ороод дасал болж тайвширчихсан, өсөж дэвжих хүсэлгүй болчихсон байгааг харуулж буй хэрэг. Ийм байгууллага амжилтдаа ташуурч өрсөлдөөнд одоо биш гэхэд тун удахгүй ялагдал хүлээнэ гэсэн үг. Ийм учраас л тасралтгүй бас хурдтай суралцаж хөгжил дэвшилтэй зэрэгцэн өөрчлөгдөн шинэчлэгдэж байх нь чухал юм.
Хамгийн гол нь тасралтгүй суралцан, сурсан шинэ мэдлэгээ хэрэгжүүлж, инновацтай шинэ санааг зоригтой туршиж, хэрэглэгчдийнхээ үнэнч туслагч нь байж, тэдний өмнө тулгарсан асуудлыг шийдэхэд тархиа ажиллуулан, өөрөөсөө өөр олон манлайлагчдыг төрүүлж байж л компани амжилттай урагшилна гэж үздэг дээ.
-Байгууллагын удирдлага болон ажилчдын дунд хамгийн их гардаг зөрчилдөөн, буруу хандлага юу байдаг вэ?
-Зарим захирлууд ажиллагсдынхаа хандлагыг өөрчилмөөр байна гэсэн хүсэлт тавьж манайд ханддаг. Үнэндээ асуудлын гүн рүү нь орохоор ажиллагсдын хандлагаас илүү удирдагч, захирлын хандлагыг өөрчлөх хэрэгтэй болдог нь нууц биш.
Удирдлагын хэв маяг захиран тушаах хэлбэртэй, байгууллагын соёл муутай, шударга бус шийдвэрийг удаа дараа гаргадаг, амалсандаа хүрдэггүй захиралтай компанид ажилтан тогтдоггүй. Харин байгууллагын соёл нь эрүүл, удирдлага нь шударга, ёс зүйтэй байдлаараа үлгэрлэдэг, хамаатнуудаа нэг дор цуглуулдаггүй, ажилчдадаа эрх тэгш боломжуудыг олгодог компаниудын ажилтнууд харьцангуй тогтвор суурьшилтай ажилладаг.
Тэгэхээр эцсийн дүндээ ажиллагсдын хандлагыг өөрчилмөөр байвал та өөрөө эхлээд өөрчлөгдөх ёстой гэж шударгаар хэлэхээс өөр арга алга. Байгууллагын соёл гэдэг удирдагчийн баримталдаг үнэт зүйлс, аливаад хандаж байгаа философи, алсын хараанаас эхэлдэг шүү дээ.
-Ажилтнуудаас сонсож байсан хэзээ ч мартагддаггүй үгс, сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Нэг компани дээр сургалт явуулж байх үеэр “Та хэд хамгийн сүүлд захирлаасаа ямар урмын үг хэзээ сонссон бэ” гэж асуутал бүгдээрээ чив чимээгүй болчихов. Сонсоогүй юм болов уу гээд асуултаа дахиад асуутал “Таны асуултыг ойлгосон л доо. Гэхдээ хамгийн сүүлд хэзээ, ямар урмын үг сонссоноо санахгүй байна” гэж хэлсэн нь мартагдаггүй юм.
Сургалт дууссаны дараа захиралтай нь уулзаад энэ талаар лавлахад “Би хүмүүсийг худлаа магтах гэж ажилд аваагүй. Тэр хүмүүс ажлаа л хийж, тохирсон цалингаа авч байгаа. Надад тэд нарыг худлаа магтаж байдаг зав ч байхгүй” гэсэн хариуг өгч билээ.
Энэ цаг үе одоогийн удирдагчдаас илүү хүнлэг, бусдыг ойлгодог сэтгэлтэй, өндөр EQ-тэй байхыг шаардаж байгааг онцолмоор байна. Яг энэ асуудлыг засах тал дээр манай захирлууд, бүх түвшний удирдах ажилтнууд анхаарах хэрэгтэй байна.
Танд урмын үг хэлэхэд сайхан байдаг шиг таны удирдлага дор ажиллаж байгаа хүмүүст ч урам зориг үргэлж хэрэгтэйг сайтар ойлгомоор байгаа юм. Удирдагч хүн юуны түрүүнд, хүн гэдэг чинь нийгэмшиж амьдардаг сэтгэлийн амьтан гэдгийг сайтар ойлгомоор байгаа юм. Орчин үеийн удирдагчаас маш олон ур чадвар шаардагдаж байгаагийн нэг нь сэтгэлзүйн боловсрол. Хүмүүсийнхээ сэтгэл зүйг ойлгож байж хандлагыг нь өөрчилж чадна гэдгээ ойлгох нь чухал.
-Тэгвэл дагаж дуураймаар сайн жишээ хэр олон байна вэ?
-Олон жишээ бий. Манай SME Менторинг хөтөлбөрт амжилттай явж байгаа жижиг, дунд бизнесүүд одоо ч хамрагдаж байгаа. Тэдний дундаас 2-ыг онцолмоор бна. Ковидын хөл хорио ид дундаа явж байхад орон нутгаас хамрагдсан компаниуд УБ-т ирж чадахгүй, бүх сургалт, менторинг 100% онлайнаар явагддаг байсан үе. Баруун нутгаас хамрагдсан хүнсний үйлдвэрлэгч компанийн удирдлагын баг хөтөлбөрт маш идэвхтэй оролцоод зогсохгүй өгсөн зөвлөмжүүдийг 100% хэрэгжүүлээд явсан.
Хөтөлбөрийн төгсгөлд тайлангийн семинар хийхэд тэр компанийн менежер: “Маш их мэдлэг олж авч өөрийгээ, ажилд хандах хандлагаа, хувь хүний хөгжилдөө асар их дэвшил хийлээ. Захиралдаа харин энэ хөтөлбөрт эртхэн хамрагдах хэрэгтэй байж гэж хэлмээр бна” гээд бүгдээрээ инээлдэж байв.
7-8 жилийн өмнө Японы хөрөнгө оруулалттай компанид сургалт зөвлөгөө өгч байлаа. Анх очиход тухайн байгууллагын халуун дотно уур амьсгал шууд л мэдрэгдсэн. Ажиллахад ч урамтай байв. Хэдэн жилийн дараа дахиад урилгаар очиж сургалт явуулахад ажилтнууд нь урам зоригтой ажилласан хэвээрээ тааламжтай сэтгэгдэл төрүүлсэн. Ер нь байгууллагын хаалгаар ороход л байгууллагын өнгө төрх, хамт олны уур амьсгал “үнэртдэг”.
Байгууллагыг хэрхэн удирдаж, зохион байгуулж байгаагаас компанийн амжилт, соёлын 90 хувь нь хамаардаг гэж үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ.
Миний хувьд санхүүгийн салбарынханд болон эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх дуртай. Эмч нар суралцах хэрэгтэй гэдгээ маш сайн ойлгодог хүмүүс шиг санагддаг. Нэгэн шүдний эмнэлгийн захирал эмэгтэй гэхэд сургалтад ганцаараа суудаггүй багаараа сургалтуудад хамрагдсан нь тухайн компанийг богино хугацаанд амжилт ахиц дэвшилт гаргахад нь ихээхэн нөлөөлсөн талаараа ярьж байсан.
Стратегич, удирдлагын көүч хүний хувьд ийм зүйлээс маш их урам авдаг. Сургалт, зөвлөх үйлчилгээнд ганцаараа биш багаараа хамрагдах нь байгууллагын соёл сайжирч бүтээмж нэмэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
-Удирдах албан тушаалтны заавар зөвлөгөө санаачилгагүй л бол зарим байгууллагын ажил зогсонги байдалд орох гээд байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэх боломжтой вэ?
-Удирдлагагүйгээр байгууллагын ажил, асуудал шийдэгдэж чадахгүй байна гэдэг нь бие даасан ажиллагсад буюу манлайлагчдыг бэлтгэж чадаагүйн том илрэл юм. Нөгөөтэйгүүр том захирлын зүгээс бусдад итгэл үзүүлэх тал дээр асуудалтай байх нь элбэг. Компанийн захирал бүр өөр өөрийн гэсэн үнэт зүйлтэй, амьдралыг харах өнцөгтэй. Бас удирдах, зохион байгуулах арга хэлбэр нь ч ялгаатай байдаг ч нийтлэг зүйлүүд ажиглагддаг.
Хүмүүсээ сургаж чадвартай болгосны дараа тухайн ажилтан ажлаасаа гарах тохиолдол байдаг. Үүнийг сайн нягтлаад анзаарах учиртай. Сургалтад суусан хүмүүс чинь гараад байна уу? Үнэхээр байгууллагын соёл хандлага дотоод дүрам журам, таны ажилчидтайгаа харьцаж байгаа харьцаанаас болоод гараад байна уу гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
Удирдах зохион байгуулах ажил төвөгтэй үйл явц. Хэрвээ ачаалал ихтэй зохион байгуулалтын шинэ түвшинд гарах ёстойгоо мэдэж байгаа тохиолдолд зөвлөх үйлчилгээг авах нь маш зөв сонголт байдаг.
Зөвлөх үйлчилгээг авснаар багадаа 3-5 жилийн стратеги бодлогоо тодорхой болгоно. Энэ нь тухайн бизнест маш том давуу талыг бий болгодог.
Стратеги гэдэг нь нэг талаасаа төлөвлөгөө нөгөө талаасаа арга мэх, бизнес модель, таны зах зээл дээр эзлэх байр суурь бөгөөд тухайн нөхцөл байдалд ямар стратеги бодож олох нь стратегичийн ухааны цар хүрээ, сэтгэлгээний онцлогоос шууд хамаарна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.