Цэдэнбалын Цэрэндолгор
04 сарын 27, 2020
Глобал стратегийн удирдлагын институтын захирал, стратегийн зөвлөх Ц.Оюунжаргалтай COVID-19 цар тахлын үеийг ААН, бизнес эрхлэгчид хэрхэн хохирол багатай давж гарах вэ сэдвээр ярилцлаа.
-Компаниудад зөвлөх хийдэг хүний хувьд ААН-үүдийн бодит нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?
- Аюулт халдварт өвчин өмнөд хөршид гарсан цагаас хойш дэлхийн бүх улс орнуудад хурдацтай тархаж, эрүүл мэндийн тогтолцоог сөхрүүлж байна. Хүн төрөлхтний түүхэнд сүүлийн 100 жилийн турш тохиогоогүй уг тахлын улмаас дэлхийн улс орнууд эдийн засгийн тэг зогсолт хийхэд хүрч, урт хугацааны хямралт нөхцөл байдал нэгэнт үүсчихлээ.
Энэ талаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагчид дэлхийн эдийн засаг уналтад орох нь тодорхой боллоо хэмээн бичиж байна. Зарим судлаачид Дэлхийн II дайны үеийн эдийн засгийн хямралт нөхцөл байдалтай ойрхон очлоо хэмээн дүгнэн байна. Цар тахлын улмаас үүсээд буй хямралт нөхцөл байдал цаашид 18-24 сар үргэлжлэх төлөвтэй.
Аливаа улс орны эдийн засагт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн гүйцэтгэх үүрэгтэй. Тийм учраас дэлхийн улс орнуудын Засгийн газраас юун түрүүнд жижиг, дунд бизнесүүдээ онцгой анхаарч дэмжих багц хөтөлбөрийг батлаад байна.Харин манай улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөр нь жижиг, дунд бизнесүүд ажлын байраа хадгалахад болон хямралыг тэсч үлдэхэд одоогоор шууд нөлөө үзүүлэхгүй, дэм тус муутайхан байна. Зөвлөгөө өгч ажилладаг компаниуд маань ч бас хүндхэн байдалтай тулж эхэлсэн.
-Стратегич хүний хувьд хямралын үед Засгийн газраас ААН-үүдэд зориулан гаргасан бодлого шийдвэрийг хэрхэн дүгнэх вэ?
-Хямралын үед улс орнууд бодлогын хүүгээ буулгаж жижиг, дунд бизнесүүдээ дэмжиж байна.
Жишээ нь АНУ-ын Холбооны нөөцийн банк гэхэд 350 тэрбум долларыг жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээл олгож, 100 хувь баталгаа өгнө гэдгээ зарлачихсан. Ингэснээр арилжааны банкууд нь айдасгүйгээр бизнесүүдийг санхүүжүүлнэ шүү дээ. Гэтэл манайд байдал эсрэгээрээ байна. Монголбанк бодлогын хүүгээ нэг хувиар 2 удаа буулгасан ч жилийн 9 хувь байгаа нь маш өндөр хүү юм.
Уг нь Монголбанк хямралын эсрэг энэ хэцүү цаг үед бизнесүүдээ дэмжиж бодлогын хүүгээ 2-3 нэгж хувиар бууруулсан бол жижиг, дунд бизнесүүдэд илүү бодитой дэмжлэг болох байлаа.
СЭЗДС-ийн хийсэн судалгаагаар 300 сая хүртэлх төгрөгийн орлоготой бизнесүүдийн 70 хувийн борлуулалтын орлого нь буурсан гэж гарсан байсан. Засгийн газраас ААН-ийн борлуулалтын орлого нь өмнөх үеэс 50 хувь ба түүнээс доош хувиар буурсан тохиолдолд ажилтанд нь 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр заажээ.
Бусад улс орны Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хямралын эсрэг хөтөлбөр нь жижиг, дунд бизнесүүд ажлын байраа хадгалж үлдсэн тохиолдолд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр заасан байгаа юм. Гэтэл манайд борлуулалтын орлого нь 50 хувь буурсан үед л ажилчид нь тэтгэмж авах эрхтэй гэж заажээ. Энэ бол элгээр нь хэвтсэн хойно нь туслана гэсэнтэй агаар нэг сонсогдож байна.
- Санхүүгийн хямралын үед ямар стратеги баримтлах ёстой вэ?
-Урьд өмнө нь энэ төрлийн хямрал болж байгаагүй. Тийм ч учраас энэхүү асуудлыг яаж шийдэх вэ гэдэг дээр бэлэн модел загвар, онол алга. Менежментийн зөвлөх үйлчилгээний дэлхийн тэргүүлэх компани McKinsey & Company-иас хямралыг гэтлэх 5R стратегийг баримтлан ажиллахыг санал болгож байна.
-Хямралын үед компаниуд бизнес төлөвлөгөөгөө хэрхэн харах ёстой вэ?
-Ихэнх компаниуд бизнес төлөвлөгөөгөө өнгөрсөн оны 11-12 дугаар сард боловсруулан батлуулдаг. Тухайн үед халдварт цар тахалтай холбоотой санхүүгийн хямралт нөхцөл байдал үүснэ гэдгийг хэн ч таамаглаагүй биз ээ. Иймээс ч борлуулалтаа өсгөнө, шинэ бизнест хүч сорино гэх мэтээр өнөөх өөдрөг төсөөлөл, төлөвлөгөөгөөрөө яваад байгаа нь ажиглагдсан. Тиймээс хямралт нөхцөл байдалтай уялдуулсан санхүүгийн болон бизнес төлөвлөгөөгөө эргэн харж, нөхцөл байдлыг бодитоор харах нь чухал. Магадгүй хамгийн муу нөхцөлд ч хэрхэн ажиллах вэ гэсэн асуултад хариулж 2-3 хувилбараар харж шинээр төлөвлөөрэй.
-Байж болох муу хувилбараар ч тооцох ёстой байх нь ээ, хэрэглэгчдэдээ хэрхэн санаа тавих вэ?
-Манай бизнесийнхэн хөл хорио тавигдахаар эдийн засаг буцаад хэвийн болно, эдийн засаг өсөлттэй хэвээр байна гэсэн хэт өөдрөг төсөөлөлтэй байна. Гэхдээ энэ хүлээлтэд найдах хэрэггүй. Хямрал гэгч үр дагавар ихтэй тэр хэрээрээ удаан хугацаанд үргэлжилдэг.
Ганц хувилбар буюу зөвхөн өсөж өргөжинө гэсэн А вариант энэ удаа хэрэгжихгүй нь ойлгомжтой болчихлоо. Өнөөгийн нөхцөл байдалд зөвхөн жижиг, дунд бизнесүүд л асуудалтай тулгараад байгаа юм биш. Хэрэглэгчдэд ямар асуудал тулгарч байгааг олж харж, тэдний нөхцөл байдлыг сайтар ойлгох ёстой. Жишээ нь одоогийн нөхцөл байдал, төлбөрийн чадварт нь зориулсан хэмнэлттэй бүтээгдэхүүн санал болгох, багцаар нь зардаг байсан бүтээгдэхүүнээ жижиглэнгээр худалдаанд гаргаж болно. Хямралын үеийг боломж болгон харж янз бүрийн шинэ санаа гаргаж асар их амжилтад хүрсэн компанийн жишээ олон бий. Бас нэг анхаарах зүйл бий.
-Компанийн захирал, удирдагч хүн энэ амаргүй үед ямар зарчим баримталж ажиллах ёстой вэ?
-Хямралын нөхцөлд ажилтнууд “Манай захирал яах бол, ямар шийдвэр гаргах бол...” маш анхааралтайгаар ажиглаж байдаг. Танай компани 50 ажилтантай бол захирал таныг 100 нүд харж, 100 чих сонсож байна гэсэн үг. Алхам тутамд түрээс, урсгал зардлын төлбөр, ажилчдын цалин гээд стрессдэх шалтгаан, асуудал мундахгүй гарч байгаа. Гэхдээ байгууллагыг удирдаж, манлайлж байгаа хүн учраас сэтгэл зүйн хувьд маш тайван хүчтэй байж, бэрхшээлтэй нүүр тулан зөв шийдвэр гаргах ёстой. Яагаад тайван байх ёстой вэ гэхээр уур бухимдалтай үед тархи бүрэн ажилладаггүй учраас оновчгүй шийдвэр гаргах магадлал өндөр байдаг.
Бас ажилтнууддаа ойрын хугацааны зорилгоо танилцуулж, ажиллагсадтайгаа нээлттэй харилцан мэдээллээ хуваалцах нь чухал. Ингээгүйгээс болж ажилтнууд “Захирал биднийг ажлаас халах байх. Компани цомхотгол хийх сурагтай” гэх мэт хов живийн чанартай нөхцөл байдал үүсдэг. Иймэрхүү явган яриаг зогсоохын тулд хэдэн ч ажилтантай бай удирдагч хүн өдөр болгон мэдээлэл өгч, асуудлыг байгаагаар нь нээлттэй бөгөөд шударгаар ярьж байх ёстой. ЭМЯ гэхэд иргэдэд өдөр болгон мэдээлэл өгч байгаагаас үүний ач холбогдлыг харж болно.
-Хямралын үед байгууллагыг манлайлж байгаа хүмүүст юуг чухалчилж зөвлөх вэ?
-Хэдийгээр манай улсад COVID-19 халдвар гарсан ч бусад улс орон шиг хүндхэн нөхцөл байдалд ороогүй байна. Өөдрөгөөр харвал коронавирус бидэнд элдэв зүйлд сатаарах боломжийг багасгаж, тунгааж бясалгах цаг мөчүүдийг хангалттай өгч байна. Энэ үед л цаашид юу хийх вэ, юу сурах вэ гэдгээ сайтар төлөвлөж илүү ухаалаг шийдвэрүүд гаргаж, үүнийхээ дагуу илүү ухаалаг үйлдэл хийх боломжийг өгч байна.
Цахимаар маш олон сургалтыг авах боломж нээгдчихлээ, энэ үед л сурч амжихгүй бол угаасаа цагаа зохицуулж чаддаггүй хүн юм байна гэсэн дүгнэлтийг хийхээс аргагүй нь.
Бизнес эрхлэгчдэд дэлхийн хэл болсон англи хэлийг заавал сураарай гэж байнга зөвлөсөөр ирсэн. Орчин үед 20-30-тай залуус англи хэл эзэмшихгүйгээр бизнес хийж, амжилттай явахад бэрх болчихлоо. Бүх мэдээ мэдээлэл, бизнесийн харилцаа англи хэл дээр явагдаж байна. Тиймээс яг энэ цаг үед илүү хурдан сайн суралцаж өөрийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Хөдөлмөрийн зах зээл дээр гэхэд англи хэл эзэмшсэн, эзэмшээгүй мэргэжилтний цалин хоёр дахин зөрүүтэй байгаа шүү дээ.
-Хэдийгээр зарим бизнес уналттай байгаа ч нөгөө хэсэг нь өсөлттэй гарсан байсан. Ямар салбар илүү амжилттай явж байна вэ?
- Хямралын үеийн цохилтыг хүчтэй, дунд зэрэг, хөнгөхөн авдаг гэж ААН-үүдийг ангилж болно. Түүнчлэн ямар ч хямралын нөлөөнд үл автдаг, эсрэгээр бизнес нь өсдөг салбар ч гэж бий. Тухайлбал зай барь, аль болох гэртээ байхыг зөвлөж байгаа энэ үед зарим эрүүл мэндийн байгууллагын болон онлайн дэлгүүр, хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн орлого эрс нэмэгдсэн.
Гэрээсээ онлайн сургалт авах, ном захиалах гээд өмнө нь байгаагүй цоо шинэ хэрэгцээнүүд бий болсон. Тэрхүү хэрэгцээний улмаас онлайн бизнесийн хэрэгцээ хэд дахин өсчихлөө.
Хямралаас болж компаниуд цомхотгол хийж байхад дэлхийн хамгийн том онлайн дэлгүүр болох Амазоны бизнес улам цэцэглэсэн. “Амазон” хөл хорионд байгаа иргэдэд үйлчилгээгээ хүргэхийн тулд хэдэн зуун мянган ажилтан шинээр авсан. Үүнээс харахад онлайн бизнес ямар ач холбогдолтойг, бизнесээ онлайн дээр суурилуулахын давуу талыг харж болохоор байна.
- Дижитал шилжилт хийхгүй бол уламжлалт бизнес модель халаагаа өгөх нь ээ?
-Сүүлийн жилүүдэд бизнесийн зөвлөхүүд, IT-ийн салбарынхан ирээдүйд технологи шингээгүй бизнес бүгд өрсөлдөх чадваргүй болно гэдгийг сануулсаар ирсэн. Сүүлийн үед би бизнес зөвлөгөө өгч байгаа компаниуддаа энэ тал дээр түлхүү анхаарахыг зөвлөж байна. Дижитал хувьсгал хүчтэй өрнөж байгаа орчин цагт хүссэн ч эс хүссэн ч вэбсайт, нийгмийн сүлжээний хуудас нь борлуулалтын гол платформ болох учраас анхаарч, идэвхтэй ажиллуулахаас өөр аргагүй.
Бүх цаг үед хүчтэй өөрчлөлт өрнөж байсан. Жишээ нь 140 гаруй жилийн өмнө цахилгаан эрчим хүч гарахад технологийн шилжилт өрнөж гараар хийдэг бүх ажлууд цахилгаанжсан. Тухайн үед хүн төрөлхтөнд цахилгаан эрчим хүч шинэ зүйл байсан учраас шилжилтийн үеийн бэрхшээл, сорилууд их байсан гэдэг. Гэтэл орчин цагийн хүмүүс бид цахилгаан эрчим хүчгүйгээр амьдралаа төсөөлөхгүй шүү дээ. Яг үүнтэй ижил нөхцөл байдалтай бид тулсан нь хиймэл оюун ухаан, дижитал технологи юм.
Ийм хэрэгцээ шаарддлага байгаа учраас эмч, хуульч, тогооч гэлтгүйгээр ажил үйлчилгээгээ илүү амжилттай авч явахад технологийн мэдлэг юу юунаас чухал боллоо. Та хуулийн фирм ажиллуулдаг байлаа ч онлайнаар зөвлөгөө өгч, дижитал технологи ашиглах хэрэгцээ гарч байна.
-Зээлээс зээлийн хооронд ажилладаг ААН-үүдэд хямрал хүнд тусаж байна. Үүнээс юуг нь сайнаар хүлээн авч суралцах ёстой вэ?
-Хямралын үед “Cash is King” буюу”“Мөнгө бол хаан шиг эрх мэдэлтэй” гэсэн хууль үйлчилдэг. Иймээс ААН-үүд болон хувь хүмүүс хуримтлалтай байх нь хамгийн чухал. Менежмент сайтай компаниуд 6-12 сарын тогтмол зардлаа төлөхүйц хэмжээний хуримтлал үүсгэчихсэн байдаг. Энэ нь хямралыг тооцоолоод түүнд бэлтгэлтэй байх ёстой гэсэн зарчим юм. Монголд эрсдэлийн хуримтлалтай компаниуд бий, гэхдээ тун цөөн. Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлдэг компаниуд хямралыг хохирол багатайгаар туулах боломжтой.
Бүтэн жилийн биш юмаа гэхэд ядаж зургаан сараар тогтмол зардлаа нөхөхүйц хуримтлалтай болохыг зөвлөж байна. Энэ удаа яахав ингээд өнгөрлөө гэж бодож болохгүй. Хямрал давтамжтайгаар тохиодог зүйл учраас түүнийг тооцоолох нь чухал.
Уханьд COVID-19 халдварын тархалт асар хүчтэй явагдаж, хатуу хөл хорио тогтоосон бөгөөд хүмүүс нь орон гэрээсээ ч гарч чадахгүй байсныг бид мэдээллийн сувгуудаар хангалттай харсан. Урд хөршийн томоохон хотуудад хатуу хөл хориог 2-3 сар тогтооход хятадууд хямарч сүйд болоогүй. Тэд мөнгө хадгалах эртний соёлтой, тэр нь зан заншил болоод төлөвшчихсөн хуримтлалтай ард түмэн учраас энэ хугацааг ажралгүй давлаа. Харин манайд олсныхоо хэрээр тэр байтугай олсноосоо ч ихийг зарцуулдаг нь хадгалах, хуримтлуулах соёл тааруухан байгааг харуулж байна.
-Гадаадаас монголчууд эргэн ирж байгаа нь хүний нөөцийн зах зээлийг тэлэх боломж гэж ярьж байсан. Та үүнтэй санал нийлэх үү?
-Компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлж байхад хүний нөөцийн дутагдалд орчихсон гэдгийг олж харсан. Голдуу мэдлэг боловсролтой, хөдөлмөрийн насны ид залуус гадагшаа явж ажиллаж байна. Цар тахлын улмаас эх орондоо ирэхийг хүссэн монголчуудын тоо эрс өссөн, цөөнгүй ч иргэд эх орондоо ирлээ. Энэ нөхцөл байдал эх орон гэж ямар үнэ цэнэтэй болохыг бүх Монголчуудад ойлгуулсан болов уу. Монгол залуус гадаад улс орнууд руу сурч, ажиллахаар явж байгаа нь сайн хэрэг. Харин буцаж ирээд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллан улс орноо хөгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг байвал их тустай юм даа. Гадаадад шургуу хөдөлмөрлөж, мэдлэг ур чадвар эзэмшиж, хариуцлага, сахилгад суралцан төлөвшсөн бол түүнийгээ эх орондоо хэрэгжүүлээрэй гэж хэлмээр байна.
Хийж бүтээе гэж зорьсон хүнд манай улсад олон боломж бий. Энэ улс орныг монголчууд бид л хөгжүүлэхгүй бол өөр хэн хөгжүүлэх билээ.
Сэтгэгдэл бичих (7)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [139.5.218.147] ・ 2020.11.20 Хариулах
Баярлалаа. Санаж бодох юм их байна
Зочин [66.181.161.81] ・ 2020.06.22 Хариулах
ymar orgon zar hureetei yriltslaga boloo ve amjilt
Зочин [192.82.64.234] ・ 2020.04.28 Хариулах
Манай компанийн захирал яг таны хэлсэ шиг. Дүмбийчхээд ямар ч ойлгомжгүй. Хүмүүс сандралдаж бхад хээв нэг. олж уншаасай...
Зочин [192.82.74.19] ・ 2020.04.28 Хариулах
Багшийн зөвлөгөө маш их таалагдлаа. Хэл дээр хичээнгүйлэн анхаарна аа
Зочин [122.201.31.178] ・ 2020.04.27 Хариулах
Gaihaltai onovchtoi ug hellegtei saihan zuvulguu boljee
Зочин [192.82.64.211] ・ 2020.04.27 Хариулах
Үнэхээр мундаг зөвлөгч шүү.
Санал болгох
1 Б.Чингүн: Өөхний үүдэл эсийг ялган авах эмчилгээг орчин үеийн “мөнхийн ус” гэж нэрлэж байна
2 Хүртээмжтэй ирээдүйн төлөө: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах Монгол Улсын хүчин чармайлт
3 Гадаадад тэтгэлэгтэй сурах хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ахлах ангийнханд зориулав
4 С.Пүрэвсүрэн: Өвдөгний үеийг солихоос өөр эмчилгээгүй гэж эндүүрч, эмнэлэгт очихоос халгаж явсаар хугацаа алддаг
5 ХААН Банк ногоон санхүүжилт болон ЖДБ эрхлэгчдийг дэмжихээр 40 сая ам.долларын эх үүсвэр татлаа
Холбоотой мэдээ
Нийгэм
Ц.Оюунжаргал: Ажилтнууд сэтгэл зүтгэлтэй ажиллах эсэх нь удирдлагуудын хандлагаас шууд хамаардаг
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 04 сарын 05, 2023
Амжилт & Хувь хүний хөгжил
Ажлын хамтрагчдадаа урам өгч, урагшаа тэмүүлэх стратеги сэтгэлгээ
Ц.Оюунжаргал /Стратегийн зөвлөх, удирдлагын коүч/ ・ 01 сарын 02, 2023
Нийгэм
Амласнаа биелүүлдэггүй, ажилтнаа урамшуулдаггүй захиралтай компанид хүн удаан ажилладаггүй
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 12 сарын 12, 2019
Амжилт & Хувь хүний хөгжил
Удирдлагын дасгалжуулагчтай ажиллах 20 шалтгаан
Ц.Оюунжаргал /Стратегийн зөвлөх, удирдлагын коүч/ ・ 10 сарын 20, 2018
Амжилт & Хувь хүний хөгжил
2019-2020 онд бизнестээ баримтлах өсөлтийн стратегиуд
Ц.Оюунжаргал /Стратегийн зөвлөх, удирдлагын коүч/ ・ 10 сарын 01, 2018
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.