Ажлын хамтрагчдадаа урам өгч, урагшаа тэмүүлэх стратеги сэтгэлгээ

Дөрвөн жил тутам сонгууль явагдаж засгийн эрх нь популизм амласан нэг намаас нөгөөгийн эрх мэдэлд шилжин,Монгол улсын хөгжлийн цикл нь 3-4 жилээр асар удаанаар мөлхөж байна.

Засгийн эрх авсан нам нь өмнөх намынхаа хийсэн сайн болон саар зүйлийг бүгдийг үгүйсгэн дахин шинээр бодлого тодорхойлж байгаа өнөөгийн нийгмийн тогтолцоонд СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ, СТРАТЕГИЙН МАНЛАЙЛАЛ гэж ярих нь хол хөндий сонсогдож байгаа боловч СТРАТЕГИЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ УДИРДАГЧИД нийгэм, эдийн засаг, улс төрийн бүхий л салбарт үгүйлэгдэж байгааг бид харж байна.

Стратегич сэтгэлгээтэй удирдагч гэж ямар хүнийг хэлэх вэ хэмээн уншигч та асуух байх.

Гадаад, дотоод орчны нөхцөл байдал, глобаль түвшинд гарч буй өөрчлөлтүүд, хөгжлийн хандлага, зах зээлийн динамикийг цаг алдалгүй харж дүгнэлт хийж чаддаг, тэрхүү мэдлэг чадвараа ашиглан байгууллагынхаа өсөлтийг амжилттай удирдаж чаддаг удирдагчийг хэлнэ. Судалгаанаас үзэхэд дээд шатны удирдах ажилтнуудын 10 хүрэхгүй хувь нь л стратегич сэтгэлгээтэй удирдагчид байгаа нь асар хурдтай өөрчлөгдөж буй гадаад эдийн засгийн орчинд зохицон ажиллах чадвартай удирдагчдын тоо маш хангалтгүй түвшинд байгааг харуулж байна. 

Ихэнх байгууллагын захирлууд богино хугацаанд өндөр орлого, ашиг олохын төлөө анхаарч санхүүгийн болон бусад нөөцүүдээ ч тийнхүү богино хугацаанд ашигтай ажиллахад чиглүүлэн хуваарилдаг. 

Энэ нь нэг талаар монголчуудын нүүдэлчин сэтгэхүйтэй ч холбоотой байх талтай. 

Захирлууд өдөр тутмын үйл ажиллагааны менежмент явуулахад ихэнх цагаа зарцуулж, маш олон “гал унтраах” ажлуудыг зэрэг амжуулахыг хичээдэг. Энэ төрлийн захирлууд богино хугацааны зорилтуудыг биелүүлэхдээ илүү чадварлаг байдаг ч хямралын үеийн төвөгтэй нөхцөл байдалд стратегийн чухал шийдвэрийг оновчтой гаргаж чадахгүй байгааг олон компаниудын жишээнээс харж болно.  

Стратегич сэтгэлгээтэй удирдагч нь тогтсон загвар хэв шинжээс татгалзаж, ирээдүйг том зургаар харах чадвартай. 

Үүнээс гадна гадаад орчин дахь боломжийг ашиглан богино хугацаанд зохицон өөрчлөгддөг гээд олон давуу талтай. Ийм төрлийн удирдагч байгууллагынхаа эрхэм зорилго, алсын хараанд хүрнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байж ажиллагсад болон хамтрагчиддаа урам зориг өгч хэтийн зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай санал санаачлагыг тасралтгүй авч хэрэгжүүлдэг.

Стратегич сэтгэлгээтэй алсын хараатай удирдагчдыг бусад удирдах ажилтнуудтай харьцуулахад тэд дараах ур чадварыг эзэмшсэн байдаг. 


♣Урьдчилан харах чадвар: Тэд өнгөрсөнд биш ирээдүйд төвлөрдөг. Стратегич удирдагчид салбарын хөгжлийн хандлага, өрсөлдөгчдийн явуулж байгаа бодлого, зах зээлийн хөдөлгөөнийг сайтар ажиглан, өрсөлдөөнд давуу байдлыг үүсгэхийн тулд урьдчилан харж, түрүүлж хөдөлдөг.


Асуудлыг шийдвэрлэх чадвар: Аливаа асуудлыг хэд хэдэн талаас нь харж түүнийг үүсгэсэн учир шалтгааныг тогтоохын хамт асуудлыг боломж болгох чадвартай байдаг.


♣Нээлттэй байх чадвар: Аливаа шинэ соргог зүйлд нээлттэй байж, эцсийн шийдвэр, дүгнэлт гаргахаас өмнө хэд хэдэн хувилбарыг авч үзэн ажиллагсдаа татан оролцуулдаг байх чадвар. 


♣Шийдвэр гаргах: Урт хугацааны хөрөнгө оруулалтыг богино хугацааны ашигтай хослуулахаас гадна хэрэглэгчид болон оролцогч талуудын эрсдэлийг үнэлэх чадвар. 


♣Суралцах чадвар: Бизнес эрхлэх явцад гарч байгаа алдаа болон оноо дээрээ суралцахын хамт бизнесээ өргөжүүлэх, менежментээ сайжруулах тал дээр тасралтгүй суралцах чадвар. 


♣Манлайлагч хүнд байх ёстой суурь үзүүлэлтийн нэг нь бусдад нөлөөлөх ур чадвар юм. Стратегийн зорилго, зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд компанийн удирдлагаас түүний бусдад нөлөөлөх ур чадвар онцгой сайн байхыг улам ихээр шаардах боллоо.Ажиллагсдыгаа идэвхжүүлэн тууштай ажиллуулах, төрөл бүрийн төсөл санаачлагын хэрэгжилтэд тэднийг оролцуулах, байгууллагын дотоод болон гадаад харилцааг өргөжүүлэх зэрэг үндсэн зорилгуудыг амжилттай хэрэгжүүлэхэд удирдагчийн бусдад нөлөөлөх чадвар юу юунаас чухал.

♣Манлайлагч хүн бусдад хэр хүчтэй нөлөө үзүүлж байгаагаас түүний нөлөөллийн цар хүрээ хэмжигдэнэ. Хамтран ажиллаж буй хүмүүсийнхээ хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхол, мотивацийг мэдэрч тэдэнтэй тухайн нөхцөл байдалд хэрхэн харилцах вэ гэдгийг сайн манлайлагчид хэнээр ч заалгалгүй хийж чаддаг. 

Дүгнэж хэлэхэд стратегич сэтгэлгээг дэмждэггүй компани өнөө маргаашийн ашиг хонжооны төлөө л явдаг учраас урт хугацаанд тогтвортой ажиллах магадлал тун бага. 

Стратегич сэтгэлгээтэй байх нь цөөн тооны захирлуудад л байх ёстой ур чадвар хэмээн ойлгох нь өрөөсгөл дүгнэлт бөгөөд байгууллагын нэгж, газар хэлтэс бүр манлайлагчдыг төрүүлдэг, улмаар стратегийн манлайллыг дэмждэг байгууллагын соёлтой байх нь зүйтэй.

Стратегич сэтгэлгээтэй удирдагчид нь байгууллагынхаа давуу талууд, цөм чадавхийг гадаад орчинд гарч буй боломжуудтай хослуулан харж, оновчтой стратегийг өрсөлдөгчөөсөө түрүүлэн хэрэгжүүлснээр компаниа амжилтад хөтөлж чаддаг жинхэнэ манлайлагчид байдаг. 

Стратегич сэтгэлгээтэй манлайлагчид зах зээл дээр гарч буй өөрчлөлт, хэрэглэгчдийнхээ хэрэгцээг соргогоор мэдэрч чаддаг. Түүнийгээ бизнесийн үйл ажиллагаандаа цаг алдалгүй тусган ажиллаж чаддаг ба бусдыг ч тэр зүг рүү уриалан дуудна. Ингэхдээ тэд байгууллагынхаа алсын хараа, урт хугацааны стратегийн зорилго зорилтыг орхигдуулдаггүй.  Өөрөөр хэлбэл тэд байгууллагынхаа давуу талууд, цөм чадавхийг гадаад орчинд гарч буй боломжуудтай хослуулан харснаар оновчтой стратегийг өрсөлдөгчөөсөө түрүүлэн хэрэгжүүлж, компаниа амжилтад хөтөлдөг жинхэнэ манлайлагчид байдаг. 

Тиймээ, дээрхээс харахад манай улсын хөгжилд стратегич сэтгэлгээтэй, хүчтэй удирдагчид макро, микро аль ч түвшинд ус агаар мэт хэрэгтэй байна. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд ч, компани, аж ахуйн нэгжийн түвшинд ч ялгаагүй стратегич сэтгэлгээтэй манлайлагчдыг олон тоогоор төрүүлэн гаргаж, тэдний потенциалыг бүрэн ашиглах цаг аль хэдийн иржээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.