Глобал стратегийн удирдлагын институтын захирал, стратегийн зөвлөх Ц.Оюунжаргалтай ярилцлаа. Тэрбээр өмнө нь Хас болон Европын сэргээн босголт хөгжлийн банкинд ажиллаж байсан туршлагатай нэгэн. Сүүлийн хоёр жилд гэхэд л том жижиг нийлсэн 1000 орчим компанийн удирдлагийн баг болон дунд шатны менежрүүдийг чадавхижуулах сургалтад хамруулжээ. Ц.Оюунжаргал АНУ-ын олон улсын көүчүүдийн холбооноос гэрчилгээжсэн анхны монгол бизнесийн дасгалжуулагч, баялаг бүтээгчдийг чиглүүлэгч юм.

-Өглөө хэдэн цагт босдог вэ?

-Аль болох эрт босдог. Өнөөдөр гэхэд өглөө найман цагт сургалттай байсан учраас зургаад босч ажилдаа бэлдсэн.

-Ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

-Би өөрөө стратегийн зөвлөх учраас 3-5 жилээр ажлаа төлөвлөдөг. Энэ хугацаанд институтээ хэрхэн хөгжүүлсэн байх вэ гэдгээ томоор нь харна. Дараа нь жилдээ хувааж бизнес төлөвлөгөөгөө гаргадаг. Энэ төлөвлөгөө маань улирал, сараар, долоо хоногоор ажлаа төлөвлөж сурсан. 

-Төлөвлөгөөг нэлээн чухалчилдаг байх нь ээ?

-Төлөвлөгөө бол асар чухал. Бизнес зөвлөгөө авч байгаа хүмүүстээ сайн удирдагч болохын тулд илүү сайн төлөвлөх хэрэгтэй гэж хэлдэг.

-Танд компаниуд голдуу ямар асуудлаар зөвлөгөө авахаар ханддаг вэ?

-Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг бизнесийн докторууд гэж нэрлэдэг. Хүн болгоны өвчин хууч ондоо байдаг шиг компани болгоны асуудал бэрхшээл, давуу тал нь өөр өөр. Тухайлбал таваас дээш жил үйл ажиллагаа явуулж буй эрчимтэй өсөлтийн үе дээрээ яваа компаниудын хувьд хүний нөөц, маркетинг, санхүү нь асуудал байдаг. Харин арваас дээш жилийн түүхтэй компаниудын хувьд хүмүүсээ яаж тогтвортой ажиллуулах, байгууллагын хандлагаа яаж эрүүлжүүлэх вэ гэж ханддаг. Эхлээд маш их хэмжээний баримт дээр ажиллаж, оношлогоо хийж байж юу хийх ёстойг чиглүүлдэг.

-Нийтлэг асуудал нь юу байна?

-Менежмент, эдийн засгийн чиглэлээр мэргэшээгүй эмч, инженер, технологич, орчуулагч зэрэг мэргэжлийн захирлууд нэлээн ханддаг. Нэгэнт бизнес удирдлагын чиглэлээр сураагүй учраас яах ч аргагүй удирдлагын чадвар дутаад байдаг юм. Багийнхантайгаа хамт сургалт аваад ирэхээр компани илүү хурдацтай хөгждөг.

-Ямар бизнесменүүд компаниа илүү амжилттай удирдаж байгаа юм шиг санагддаг вэ?

-Ажилчидтайгаа сайн харилцдаг, хэрэглэгчээ сайтар сонсдог, харилцааны ур чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй захирлууд илүү амжилттай байгаа нь ажиглагддаг. Орчин үед ажиллаж байгаа хүн болгоныхоо потенциал, санал санаачилга, инновацийг дэмжиж ашигладаг компаниуд амжилтанд хүрч байна.

Эсрэгээрээ хэдийгээр өөрөө мундаг чадвартай байлаа ч хамт ажилладаг хүмүүсдээ дарангуйлсан өнгө аясаар харьцдаг, захирал нь “БИ” дээр төвлөрсөн бол тэр компани хурдан хөгжиж чаддаггүй, хүн ч тогтдоггүй. Хэтэрхий хяналтан дор хүний бүтээлч сэтгэлгээ түгжигдчихдэг.

Харин ажилчдаа ойлгож дэмждэг, хэрэглэгчээ сайтар сонсдог, ажиллагсдынхаа потенциалийг гаргаж чаддаг,  бүтээлч санал санаачлагыг нь бий болгох орчинг нь бий болговол удирдлагууд ч, компани ч сайн хөгждөг.

-Ажилчдынхаа чадварыг бүрэн ашиглаж ажиллуулахын тулд юу хийх ёстой юм бэ, олон улсын бизнесийн чиг хандлага хаашаа явж байна вэ?

-Зарим захирлууд “Би л санаачлахгүй бол манай хүмүүс шинэ санал санаачилга гаргадаггүй” гэж хэлдэг. Энэ бол ажилтнуудынхаа оюун ухааны хүчийг ашиглах боломжийг олгохгүй байгаа хэрэг. Хэдэн жилийн өмнө мэдлэгт суурилсан эдийг засаг гэж ярьдаг байсан бол одоо creative economy  гээд дараагийн үе гараад ирчихлээ. Google гэхэд ажилчдынхаа ажлын цагийн 20 хувийг компанид хэрэгтэй бөгөөд өөрсдийн сонирхлын дагуу дуртай төсөл дээрээ ажиллуулдаг. Энэ бүтээлч хандлагын ачаар Google-ийн амжилттай явж байгаа томоохон төслүүд "мэндэлсэн". 

Өнөөдөр хиймэл оюун ухааны талаар асар их яригддаг боллоо. Гар ажиллагаа, давтамжтай хийдэг ажлуудыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар роботууд хийдэг боллоо. Ойрын жилүүдэд маш олон ажлын байруудыг хиймэл оюун ухаан орлож хийх тухай яригдаж байна. Тэгэхээр ирээдүйд зөвхөн хүн хийж чадах оюун ухаан зарсан бүтээлч сэтгэлгээний ажил мэргэжлүүд л үлдэнэ гэж ярьж байна.

-Жижиг дунд бизнес, гарааны бизнес гээд компаниуд чадах чинээгээр ажиллаж байна. Тэдэнд юу дутагдаад байна гэж та хардаг вэ?

-Төр засгийн бодлого муу, зээлийн хүү өндөр гээд зовлон тоочоод байвал дуусахгүй. Харин ч бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа учраас олон боломж, давуу талууд бий. Амжилттай явж байгаа бизнесменүүд бүгд тэр боломжийг өөрт байгаа нөөцөөр хамгийн үр дүнтэй ашиглаад явж байна.  Ингэж чадсан компаниуд амжилттай явна гэдэгт би итгэдэг.

-Та бол Монголоос анх удаа олон улсын соuch буюу бизнесийн дасгалжуулагчийн гэрчилгээ авсан. Бизнесийн дасгалжуулагч болсон түүхээсээ хуваалцаач?

-Олон улсын төслүүд дээр ажиллаж байхад АНУ, Европоос Монголд ирж ажиллаж байсан асар их туршлагатай зөвлөхүүдтэй хамтран ажиллах боломж нэлээн олдсонд олзуурхдаг. 2010 онд Их Британиас ирж бидэнтэй ажиллаж байсан зөвлөхөөс барууны орнуудад зөвлөх үйлчилгээнээс гадна business coaching буюу бизнесийн дасгалжуулагч трэнд болж байгааг олж мэдсэн. Мэдээж консалтинг хийдэг хүмүүст бизнесийн дасгалжуулагч болох нь ойрхон байлгүй яахав. Ингээд АНУ-д төвтэй Олон улсын коүчүүдийн холбооноос явуулдаг сургалтанд хамрагдаж Certified business coach буюу Гэрчилгээжсэн бизнесийн зөвлөх болсон. Манай GSMI институтээс явуулдаг сургалтуудад нийтдээ 1000 орчим захиралд СЕО сургалт хийсэн. Захирлуудыг илүү сайн удирдагч болгох хамгийн шилдэг шийдэл нь бизнесийн дасгалжуулагчтай ажиллах байдаг. 

Fortune 1000 компанийн захирлуудад судалгаа хийхэд тэдний 60 хувь нь Удирдлагын коүчтэй буюу бизнесийн дасгалжуулагчтай хамтарч ажилладаг гэж хариулсан байдаг. Тиймдээ ч зөв шийдвэр гаргаж, илүү сайн лидер болж чаддаг учраас Монголд үүнийг хөгжүүлэх зорилготойгоор ажиллаж байна. 


Эхнээсээ үр дүн нь гараад ирэхээр урамтай байгаа. Сургалтанд хамрагдсан компаниуд дотоод уур амьсгалаас эхлээд стратеги төлөвлөлт, бизнесийн төлөвлөгөөтэй болчихдог.

-Хэрвээ компаниуд анхнаасаа бизнесийн дасгалжуулагчтай эхэлдэг бол хурдан хөгжих нь ээ?

-Тэгэлгүй яахав. Америкт хэсэг хугацаанд ажиллаад ирсэн танилаасаа тэндэхийн Стартап компани гэхэд таван төрлийн зөвлөх үйлчилгээ авч байгаа тухай сонслоо. Байгуулагдаад ганцхан жил болж байгаа компани шүү дээ. Хөгжингүй эдийн засагтай улс орны бизнесүүд зөвлөх үйлчилгээний үнэ цэнийг нь мэддэг учраас консалтинг ч компаниуд ч аль аль нь хурдацтай хөгждөг. 

АНУ хурдацтай хөгжсөн нууцуудын нэгийг зөвлөх үйлчилгээний салбарын хөгжилтэй нь холбож тайлбарладаг. Тийм ч учраас үндэстэн дамнасан 1000 компанийн захирлууд өөрийн гэсэн бизнесийн дасгалжуулагчтай гэсэн судалгаа бий. 

Харин манайд арай өөр хандлага байгаа нь анзаарагддаг. Бизнесийн зөвлөгөө, сургалтууд санал болгоход зарим нь манайд ийм зөвлөгөө эсвэл сургалтын хэрэгцээ байхгүй гэдэг. Ингэж хэлж байгаа захирал өөрөө сурах цаг нь болчихсон хэрэг.

-Компани үйл ажиллагаагаа явуулаад л байдаг. Чухам асуудал байгаа эсэхийг яаж олж мэдэх вэ?

-Үнэндээ энэ бол нуугдмал хэрэгцээ. Компанийн захирал өөрөө байнга суралцаж, хөгжиж чадвал тэр чинээгээрээ компани нь амжилттай явдаг. Хэрэв ямар нэг сургалт, консалтинг үйлчилгээ хэрэггүй гэж үздэг бол компанийхаа хөгжлийн хурдыг гацааж байгаа хэрэг. Машинаар 100 км-ын хурдтай явах боломжтой газар 40-өөс хэтрэхгүй явж байгаатай зүйрлэж болно.

-Монголын бизнес эрхлэгчдэд дэлхийд гарах боломж хэр байна вэ?

-Би олон улсын байгууллагын буянаар олон орнуудаар явж байсан. Казаскстанаас бусад Төв Азийн станы орнуудтай харьцуулахад Монгол улс маань хурдацтай хөгжиж байгаа. 

Манай зочлох үйлчилгээ, ресторан зоогийн газрын салбарынхан консалтинг өгөх хэмжээнд хүрчихсэн гэж хардаг шүү. Эхнээсээ ч гараад эхэлчихлээ.

-Та банкны салбарт олон жил ажилласан. Бизнес эрхлэгчидтэй ойрхон явдаг хүний хувьд төрөөс зээлийг хүү хязгаарлахыг дэмждэг үү. Энэ тал дээр таны байр суурь?

-Бизнес эрхлэгчид зээлийн хүүгээ буулгах болов уу, мөнгөний бодлого нь илүү уян хатан байх болов уу гэж хүлээдэг. Бага багаар сайжирч байгаа ч дорвитой өөрчлөлт алга. Компаниудад зөвлөгөө өгдөг хүний хувьд тэд ямар нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулж байгааг сайтар ойлгож харж байна. 

Манай бизнесүүд асар их үнэтэй эх үүсвэр татаж, олсон ашгийнхаа ихэнхийг зээлийн хүүд төлдөг. Банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой ч одоохондоо алга. Арменид дэлхийд томоохонд тооцогдох HSBC банк нээгдчихсэн байхад ажлаар очиж байлаа. Тэр үед Арменийн банкны захиралтай уулзахад гадны банк орж ирснээр зээлийн хүү буурч дотоодын үйлдвэрлэгчдэд таатай боломж олдсон гэж ярьж байсан.

-Бизнесийн ертөнцөд эмэгтэйчүүдийн оролцоо хэр байна вэ? 

-Эрэгтэйчүүдийн хүч нөлөө давамгайлсан бусад улсуудтай харьцуулахад манай улсын бизнесийн ертөнцөд эмэгтэйчүүдийн оролцоо маш сайн байдаг гэж үздэг. Харин шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага хэвээр байна.

Сүүлд Австралид магистр хамгаалсан Монголчуудын дунд хийсэн судалгаагаар төгссөн эрэгтэйчүүдийн дийлэнх нь шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа бол эмэгтэй магиструудаас маш цөөхөн байгаа тухай уншиж байсан. Төр, хувийн гэлтгүй аль алинд нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо тэгш хангагдах нь оновчтой гэж боддог доо. 

-Та өөрөө бизнесийн дасгалжуулагчтай юу?

-Би 15 жил зөвлөх үйлчилгээний салбарт ажиллахдаа 8 жил нь соach /бизнесийн дасгалжуулагч/ авсан. Одоо ч авч байгаа. 

-Эмэгтэй захирлын хувьд энэ их ажлын хажуугаар өөртөө хэр цаг зав гаргадаг вэ?

-Аль болох ажил амралтаа зохицуулахыг хичээдэг. Би өөрөө дуртай ажлаа хийж байгаа учраас ажлаасаа энерги, эрч хүч авчихдаг. Ажил маань хобби болчихсон гэх үү дээ. Цаг гарвал хувь хүний хөгжил дээрээ илүү анхаардаг даа.

-Ажил амьдралынхаа балансыг хэрхэн зохицуулж байна?

-Аз болоход сайн нөхрийн буян их юм. Нөхөртэйгээ оюутан байхдаа танилцсан. Манай хүн миний ажлыг ямар их цаг наргүй ажил болохыг, оюуны асар их ачаалалтай ажилладгийг маш сайн ойлгодог. Захирлуудад тэр тусмаа эмэгтэй захирлуудад зөвлөгөө өгдөг хүний хувьд ажил, амьдралын тэнцвэрээ хангаж явахыг хичээдэг.

Өглөө ажилдаа яарч, орой гэр рүүгээ яардаг хүнийг аз жаргалтай хүн гэж тодорхойлдог байх аа. Өөрийгөө энэ бүлэгт харъяалагдах болов уу гэж боддог.

-Ажил амьдрал дээрээ ямар зарчим баримталдаг вэ?

-Нээлттэй бөгөөд шударга бас эерэг байхыг чухалчилдаг. Ямар нэгэн зүйл худлаа юм уу буруу байвал хэзээ нэгэн цагт илэрдэг шүү дээ. Бусдад зөвлөгөө өгдөг хүний хувьд ёсзүйтэй байхыг эрхэмлэдэг. Ажиллагсдаа хөгжүүлж, тэднээс гарч байгаа санал санаачлагыг дэмжиж ажиллахыг хичээнэ. Мэдлэг чадвараа хөгжүүлэхэд байнга анхаарч түүнийхээ төлөө цаг бас санхүүгийн нөөц зарцуулж чаддаг, сурсан мэдлэг чадвараа хуваалцдаг хүмүүсийг хүндэлдэг. 

-Мэдээлэл авдаг эх сурвалж?

-Harvard Business Review сэтгүүлээс менежмент, бизнесийн сүүлийн үеийн нийтлэлийг нь унших дуртай. https://www.cnbc.com, www.forbes.com-оос бизнесийн талын сүүлийн үеийн мэдээллийг авдаг.Тэндээс Монголын бизнес эрхлэгчдэд хэрэгтэй мэдээлэл байвал тойм байдлаар орчуулж тавихыг хичээдэг. Намайг сошиалд дагадаг хүмүүс мэдэх байх.