Төрийн албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүд хуульд зааснаар 3 сарын дотор офшор бүсэд нээсэн данс, байгуулсан компаниа хаах ёстой. Энэхүү хуулийн дагуу мэдүүлэх хугацаа нөгөөдөр буюу 1 дүгээр сарын 5-ны өдрөөр дуусч байгаа юм. Үүнтэй холбогдуулан АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэхээс тодруулга авлаа.

-Хуулийн хэрэгжилт ямаршуу байна вэ?

-Нийтийн албанд нийтийг болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтөөр Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд офшор бүсэд мөнгөн хөрөнгө байршуулах, данс нээсэн, хуулийн этгээд байгуулсан, үл хөдлөх хөрөнгө өмчлөхийг хуулиар хориглож өгсөн байгаа. Офшор бүс нутгийг Засгийн газрын хуралдаанаар 49 орныг баталж өгсөн. Энэ тогтоолоос хойш гурван сарын дотор офшор бүсээс мөнгөн хөрөнгөө татах, дансаа хаалгах, хуулийн этгээд байгуулсан бол захиран зарцуулах эрхээ бусдад шилжүүлэх, худалдах зэрэг холбогдох арга хэмжээ авах зөвлөмж чиглэлүүдээ яам агентлагуудад хүргэсэн. Хуулийн хугацаанд офшор бүс дэх асуудлаа цэгцэлсэн холбогдох албан тушаалтнууд  30 хоногийн дотор АТГ-т мэдэгдэж бүртгүүлэх ёстой. 

-Сүүлд Засгийн газрын тогтоолоор офшор бүсээр нэрлэгдэж байгаа газруудад нэмэлт өөрчлөлт орсон. Ямар газрууд нэмэгдсэн бэ?                                                                     

-Зарласан 49 офшор бүсэд Монголчуудын очдоггүй орон багтсан байсан. Үүнд өөрчлөлт оруулмаар байна гэсэн санал зарим нэгэн УИХ-ын гишүүдээс хүртэл ирсэн. Энэхүү саналыг дагуу өнгөрсөн 12 сард 15 улсыг шинэчилж өөрчлөөд баталсан байгаа. Үүнд Монголчуудын голдуу зорчдог Сингапур, Хонконг, Швейцарь, Макао, Малайз зэрэг 15 орныг шинэчлээд оруулж ирсэн. 

Эдгээр бүс нутгуудыг шинэчлэн тогтоосон учраас 3 сарын 6-ны дотор холбогдох арга хэмжээг авах ёстой. Мөн л 30 хоногийн дотор энэхүү асуудлаа АТГ мэдэгдэх учиртай.

-Мэдүүлэг гаргаж байгаа хүмүүст юу анхааруулж хэлэх вэ?

-Мэдүүлэг гаргагчдад ямар нэгэн байдлаар хамаарал бүхий этгээдтэй холбоотой зүйл заалтыг нэлээн сайн үзэхийг зөвлөнө. Хамаарал бүхий гэдэг нь тухайн төрийн албан хаагчийн эхнэр нөхөр, хадам аав ээж, ах дүү, гэр бүлийн гишүүд багтсан байгаа. 

-Офшор бүс дэх дансаа хаагаагүй бол ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Томилогддог албан тушаалтнуудыг ямар нэгэн өчиг тайлбаргүйгээр хална. Харин сонгогддог албан тушаалтан буюу УИХ-ын гишүүн, ИТХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн заалт байгаа. Хэрэв дээрх бүс нутагт ямар нэгэн байдлаар офшор бүсэд данстай, компанитай үүнийгээ мэдэгдээгүй л байх юм бол эргүүлэн татах үндэслэл болох юм.

-Ерөнхий явц ямаршуу байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар хуулийн хугацаа дуусаагүй учраас хэдэн хүн офшор бүс дэх дансаа хааж нээсэн талаарх нэгдсэн тоон үзүүлэлтийг хэлэх боломжгүй. Хуулийн хугацаа нь дууссаны дараа АТГ-аас мэдээлнэ. 

-Эдгээр офшор бүсэд хэд орчим хүн данстай байгаа бол, энэ талаарх тооцоо судалгаа бий юу? 

-Одоогийн байдлаар нарийн судалгаа алга. Бид дэргэдээ судалгаа шинжилгээний албатай. Энэ хүрээнд тоог нь хянаад явж байгаа.

-Хуулийн хугацааны дараа эдгээр бүсэд дансаа хааж нээсэн хүмүүсийг зарлах уу?

-Хуулийн хугацаа дууссаны дараа шаардлагатай гэвэл АТГ-аас эдгээр хүмүүсийн нэрсийг зарлаж болно. Яагаад гэвэл хуулиараа олон нийтэд мэдээлнэ гээж заагдсан байгаа. 

-Хэрвээ төрийн албан хаагч гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай байгаад тэр улсад данс нээлгэсэн бол яах вэ. Үүнийг хориглохгүй биз дээ?

-Энэ нь хуулиар нээлттэй байгаа. Мэдүүлэг гаргагч, түүний хамаарал бүхий этгээд нь хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор тухайн улсын банкинд данс нээлгэж болно. Гэхдээ дээрх зорилгоор мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол энэ тухайгаа Авлигатай тэмцэх газарт тухай бүр бичгээр мэдэгдэх ёстой

-Хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх хугацаа дөхчихсөн байгаа. Энэ жил хичнээн төрийн албан хаагч уг мэдүүлгийг өгөх вэ?

-Жил бүрийн 2 сарын 15-ны дотор Авлигалын эсрэг хуульд заасны дагуу төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхолын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх үүрэгтэй. Энэ хүрээнд АТГ улсын хэмжээнд орон нутгийн болон төрийн захиргааны байгууллагуудад зөвлөмж чиглэл хүргүүлээд байна. Өнгөрсөн жил Хууль зүйн байнгын хорооноос баталгааны маягтыг баталж өгсөн.

Энэ жилийн хувьд мөн цахимаар мэдээлээд баталгааны маягтаар баталгаажуулна. Энэ сарын 15 гэхэд АТГ бүх төрийн байгууллагуудаас Хөрөнгө орлогын мэдүүлэг авах албан хаагчдын нэрсийн жагсаалтыг гаргаж авахаар болсон. Ирэх сарын 15-д мэдүүлэг авах хуулийн хугацаа дуусаад 14 хоногийн дотор АТГ тайлан мэдээ ирүүлэх ёстой. Ингээд 3 сарын нэгэн гэхэд нэгдсэн тайлан мэдээ гардаг. Урьдчилсан байдлаар 39 мянга 700 орчим хүн хөрөнгө орлогын мэдүүлэг өгнө гэсэн тооцоо байна.

-Сүүлийн үед криптовалют гэдэг зүйл гарчихлаа. Үүнийг хөрөнгө орлогын  мэдүүлэгтээ тусгах уу?      

-Гадаадад данс хадгаламж данстай бол түүнийгээ мэдүүлнэ гэдэг хуулийн зохицуулалт бий.