УИХ-ын чуулганы хуралдаанаар Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг баталлаа. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын 23 гишүүн уг тогтоолын төслийг өргөн барьсан юм.

Нийслэл Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 48 орчим хувь нь амьдарч, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 125 мянган аж ахуйн нэгжийн 75 хувь нь төвлөрч ажилладаг. Түүнчлэн нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 24 их наяд 683 тэрбум төгрөгт хүрсэн нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 66.7 орчим хувьтай тэнцэж байгаа аж.

Хэдийгээр Улаанбаатар хот нь 1.6 сая орчим хүн амтай дэлхийн 400 гаруй хотын нэг болоод байгаа ч хүн амын төвлөрөлтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ, хүртээмж хангалтгүй, авто замын ачаалал хэтэрсэн. Айл өрх, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаан, дулааны тогтвортой эх үүсвэрээр хангах, замын түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгож хөгжүүлэх асуудлыг харгалзан уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Нийслэлээс энэ удаагийн УИХ-д нийт 23 гишүүн сонгогдсон бөгөөд тэдэнтэй Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогт нарын гишүүд нэгдэж, нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хамтран зүтгэхээр санал нэгджээ. Уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 39 гишүүний 51.3 хувь нь дэмжсжн юм.