Б.Баясгалан
03 сарын 26, 2020
Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж шийдвэр гаргалаа.
Шийдвэрийн талаар ОБЕГ-ын дарга, Улсын онцгой комиссын дэд дарга Т.Бадрал "Эрүүл мэндийн салбараас тусгаарлалтад байгаа иргэдийн тусгаарлагдах хугацааг сунгах асуудлыг тавьсан. Судалгаагаар шинэ коронавирусийн нууц үе нь 14 хоног биш 5.5-19 хоног байна. Улмаар тусгаарлагдах хугацааг хамгийн багадаа 21 болгох нь зүйтэй гэж Эрүүл мэндийн яам дүгнэсэн байна.
Иймд өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн онгоцоор ирж, тусгаарлагдаад буй 1000 орчим иргэний тусгаарлагдах хугацааг дахин долоо хоногоор сунгахаар шийдвэрлэлээ. Одоо тусгаарлалтад байгаа хүмүүс нэгэнт 14 хоног гээд төлбөрөө төлчихсөн учир сунгагдсан долоо хоногийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Цаашид тусгаарлагдах хүмүүс өөрсдөө төлбөрөө хариуцна.
Иргэдийн тусгаарлалтаас гарах хугацаа энэ ням гарагаас дуусах байсан. Гэвч долоо хоногоор сунгагдаж буй учир дараагийн нислэгүүдийг хүлээж авах боломж хомсдож байна. Тиймээс дахин гурван нислэг үйлдэх гэж байсныхаа хоёрыг нь эхний ээлжид авахаар боллоо" хэмээлээ.
Эрүүл мэндийн байгууллагаас тавьж буй дараагийн нэг шаардлага нь ажиглалтад тусгаарлагдаж буй хүмүүс нэг өрөөнд 2-4-үүлээ байна. Өвчний нууц үе урт болж буй учир нэг нь нөгөөдөө халдварлах зэргээр цаашид илүү эрсдэлтэй болно.
Иймд цаашид ирж, тусгаарлагдах байранд орж буй иргэдийг нэг өрөөнд нэг нэгээр нь байлгахаар боллоо. Одоо гурван нислэгээр 750 хүн хүлээж авна гэж тооцож байсан тул 750 өрөө хэрэгтэй болж байна гэсэн үг. Эхний ээлжид хоёр нислэгийг нь хүлээж авна.
Дээрээс нь тусгаарлагдах хугацаа сунгагдаж буй учир 750.000 төгрөгийн төлбөр нь нэмэгдээд нэг сая 50.000 төгрөг болохоор байна.
Улсын онцгой комисс эрүүл мэндийн байгууллагаас тавьж буй эдгээр шаардлагыг хэрэгжүүлэх ёстой учир ингэж шийдвэрлэлээ.
Нэг өрөөнд нэг хүн тусгаарлахад дайчилгааны хуулийн дагуу зочид буудал болон аж ахуйн нэгжүүдийг ашиглаж, хамтарч ажиллах шаардлага үүсч байна. Иймд шийдвэр гарсны дараа зочид буудлуудад албан мэдэгдэл хүргүүлж, бэлтгэл ажил хангах нөхцөл байдал үүслээ" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.