БШУЯ, БЕГ, ЖАЙКА олон улсын байгууллага хамтран тусгай хэрэгцээт хүүхдүүдийн “СУРАХ ЭРХ”-ийг хэрхэн ханган асуудлаар зөвлөлдлөө. Өнөөдөр манай улсад 2021 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны 11,835 хүүхэд байна. 

Үүнээс: 

Хөдөлгөөний бэрхшээлтэй 2,422

Харааны бэрхшээлтэй 1,087

Хэл ярианы бэрхшээлтэй 825

Сонсголын бэрхшээлтэй 644 

Сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй 2,263

Хавсарсан бэрхшээлтэй 1,152

Бусад бэрхшээлтэй 3,442 хүүхэд байна. 

Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны тусгай хэрэгцээтэй 1629 хүүхдийн 63 хувь нь, 6-17 насны 8873 хүүхдийн 70.7 хувь нь боловсролын үйлчилгээ авч байна.

Цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн 70 хувь, сургуульд хамрагдаж буй хүүхдийн 73 хувь нь ердийн цэцэрлэг, сургуульд суралцаж байна. Их, дээд сургуулийн тухайд тусгай хэрэгцээт 400 оюутан, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 777 суралцагч суралцаж байна. Харин сургуулийн насны 1800 орчим хүүхэд боловсролын үйлчилгээг авч чадахгүй байгаа юм. 

Эдгээр хүүхдэд боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх чиглэлээр салбарын яамны зүгээс Боловсролын багц хуульд тодорхой заалтыг тусгаж, сургалтыг орчныг сайжруулах, тусгай хэрэгцээт боловсролын багш, боловсон хүчнийг бэлтгэх, энгийн хүүхдүүд, үе тэнгийнхэнтэй нь сургах орчныг бүрдүүлэх, олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлагыг өөрчлөх зэрэг ажлуудыг хийж байна. 

“СУРАХ ЭРХ” зөвлөлдөх уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсролын Ерөнхий газрын дарга, ЖАЙКА олон улсын байгууллага, цэцэрлэг, ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн багш, удирдлага, эцэг эх, оюутан, сурагч, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

Энэ талаар тусгай хэрэгцээт хүүхдийн эцэг эхчүүдийн нэг ийнхүү ярив.

Би хүүхдээ цэцэрлэгт өгөөд удаагүй байтал дуу хөгжмийн багш дуудаж уулзсан. Надад хүүхэд чинь аутизмтай байж магадгүй гээд, тухайн үед итгээгүй, их эмзэглэж хүлээж авсан юм. Тэгсэн хэдий ч эмчид үзүүлтэл аутизмтай гэж оношилсон. Үүнээс хойш 59 дүгээр цэцэрлэгт хамрагдаж байна. Азаарт эрт илрүүлэгт хамрагдсан. Анх хүүхэд маань гүйгээд гараа савчаад л явдаг байлаа. Тэр үед нь бага бүлгийн багш Мөнхтуяа маш сайн анхаарсан.  Сандалтай нь хүлж суулгах маягаар арга хэрэглэсэн. Одоо байнга босож гүйж байдаг нь багассан. Сууж сурсан, унтаж сурсан, өчигдрөөс хоолоо халбагадаж идэж эхэлсэн. Хараад хэчнээн баярласан гээч. Хүүхдийнхээ төлөө бүхий л сургалтад сууж явна.

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл:

Өнөөдөр бид хүүхэд ямар нэгэн асуудалтай нь оношлогдвол эмнэлгээр аваад явчихдаг.  Түүний оронд хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй гэж комиссоос тогтоосон тохиолдолд эцэг эхийг нь ТББ-тай холбож эрт мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Бусад улс оронд энэ төрлийн үйлчилгээг иргэний нийгмийн байгууллага хариуцдаг.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах багш нарыг чадавхжуулахдаа илүү төрөлжүүлэх хэрэгтэй байна.


ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх полклиникийн сонсголын эмч Д.Ариунтуяа:

Хүүхэд сайн ярьж чадахгүй байхад манай хүүхэд англиар ярьдаг ч  гэдэг юм уу, эсвэл чимээгүй байлгах гээд утас өгөөд орхидог. Энэ маш буруу. Хэл яриаг нь хөгжүүлэх амьд харилцаагүй үүсгэдэггүйгээс болж хүүхдүүдээ хэл ярианы хөгжлөөс хоцроогоод байгаа тал нэлээн ажиглагдаж байна.  Хөдөө орон нутгийн зарим иргэд “тэгж байгаад сонсгол орно биз” гэх зэргээр хойрго хандах тохиолдол бий.  Үүнээсээ болоод хүүхдээ сонсголыг оношлуулалгүй, цаг алдаж эмнэлэгт ханддаг. Аль болох эрт эмчилгээнд орвол үр дүн сайн гарна. Тухайлбал миний 20 жилийн өмнө хүүхдийнх нь сонсголыг оношилж байсан ээж энэ уулзалтад ирсэн, миний хажууд сууж байна.  Би хүүхдийг нь 4 сартайд оношилж байсан. Тэр үед дунгийн суулгац гэж байгаагүй. 2016 оноос дунгийн суулгац хийж, ахиц дэвшил гарч байна. Аль болох эрт илрүүлж хяналтандаа авч, эмчилгээ хийх нь чухал.

Сонсголгүй боловсрол ТББ-ын тэргүүн А.Баасанжав: 

Тусгай сургуулийн багш нар дохионы хэлийг өөрсдийн хэл шиг эзэмшсэн байх шаардлагатай. Хүүхдүүдийн хэлж байгааг ойлгож, бурууг нь залруулж ойлгуулах ёстой хүн өөрөө хүүхдүүдийн хэлж байгааг ойлгох хэмжээний дохионы хэлний мэдлэггүй байна. Дохионы хэлээр хичээл оруулдаг болохыг шаардснаас хойш бүтэн таван жил өнгөрчээ. Энэ хугацаанд чадвараа сайжруулахыг хүссэн хэн ч дохионы хэлний чадвараа өндөр түвшинд хүргэх боломжтой л байсан. Өнөөг хүртэл хэвэндээ байгаа нь багш нарын хандлага, сэтгэл дутсаных. Манай улсад сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн ганцхан сургууль байгаа нь 29-р сургууль. Энэ сургуульд жилд ойролцоогоор 300 гаруй сонсголгүй сурагчид суралцаж, 20 гаруй сурагч төгсдөг.

Баянгол дүүргийн 13 дугаар цэцэрлэгийн арга зүйч н.Болор-Эрдэнэ:

Нэгдүгээрт, ОХУ-д хүүхдийг цэцэрлэгт орохоос нь өмнө эрт илрүүлгийн шинжилгээ хийдэг. Багшийн амнаас танай хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй байх магадлалтай гэхийг сонсох нь эцэг, эхчүүдэд их хүнд тусаж байгаа. Тиймээс цэцэрлэгт хамрагдахаас нь өмнө эрт илрүүлэгт оруулбал зүйтэй. Хоёрдугаарт, нэг ангид 35-40 хүүхэд суралцдаг. Үүн дээр тусгай хэрэгцээт хүүхэд орж ирснээр багшийн ачаалал нэмэгдэнэ. Иймд цэцэрлэгүүдэд тусгай бүлэг нээж, багшийг мэргэшүүлж, ажиллуулах нь оновчтой.Гуравдугаарт, тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хаяг харгалзахгүйгээр ойролцоох цэцэрлэг нь авдаг байхыг хүсэж байна. Хаяг нь Баянзүрх дүүрэг хэр нь өөрсдөө Баянгол дүүрэгт амьдарч байгаагаас хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй жишээ байна. Шилжилт хөдөлгөөн, хамран сургах тойргоос болж хүүхдүүд боловсрох эрхээ эдэлж чадахгүй, цоожтой хаалганы цаана үлдэж байгаад санаа зовниж байна" гэсэн юм.