Коронавирусийн халдварыг дотооддоо алдсаны улмаас УОК-ын шийдвэрээр улс даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийг гэр бүл, дотуур байр, асрамжийн байр, холбогдох хамт олны дунд дэмжих 5 алхамт зөвлөгөөг хүргэж байна.


АЛХАМ 1. ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТ ӨДРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАХ

Хүүхэдтэйгээ хамт өглөө бүр хэдэн цагт босох, теле хичээл үзэх, тоглоом тоглох, салхинд гарах, дасгал хөдөлгөөн хийх, гэрээ цэвэрлэх, гэрийн даалгавраа хийх, ном унших, амрах, унтах  зэрэг өдөр тутмын цагийн хуваарийг гаргах, хамтдаа амьдрах;


АЛХАМ 2. ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЯРИЛЦАХ

Хүүхдийг харилцан ярианд нь татан оролцуулж, хэл яриа, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих асуулт асууж, амьдралын өдөр тутам тохиолддог үйл явдлаа харилцан ярилцахыг санал болгох, туршлагаа хуваалцахыг уриалах;

Ярианы сэдвийг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, хэл ярианы хөгжлийн түвшин, сонирхол, хэрэгцээг харгалзан сэдэлжүүлэх. Коронавирус гэж юу болох талаар мэдлэг ойлголт өгөх, яагаад эрүүл ахуйн дэглэм барьж, гэртээ байх хэрэгтэй болсон талаар ярилцах, гэртээ теле хичээлээр дамжуулан хичээл номоо хийхэд эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгааг асуух, хичээлийн бэлтгэлээ хамтран хангах, хамтарч сурах:

Хүүхдүүд гэртээ удаан хугацаагаар гадны нөлөөлөлгүй амьдрах нь хүүхдийн сониуч занг хязгаарладаг учраас стресст орсноор, стрессийн хариу урвалыг /уурлах, бухимдах, хашгирах, нойргүйдэх гэх мэт/ үзүүлэх боломжтой гэдгийг санаж эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ ойлгож, тэвчээртэй байх, хүүхдийн сэтгэл зүйг дэмжих;


АЛХАМ 3. ХИЧЭЭЛЛЭХ ЦАГИЙГ БАГА БАГААР СУНГАХ

Хүүхдээ алсын зайнаас Теле хичээлээ болон бусад хэлбэрээр хичээлээ үзэж суралцахад тусалж дасгах;

Теле хичээлийг үзэж судлах болон бусад хэлбэрээр хичээлээ үзэж суралцахад эхлээд бага хугацаагаар төлөвлөх;

Аажимдаа хичээллэх цагийг уртасгах; хэрэв хичээлийн үргэлжлэх хугацаа 20-30 минут бол 10 минутын хичээлээс эхэлж аажмаар цагийг уртасгах;


АЛХАМ 4. ЦАХИМ ОРЧНООС ХҮҮХДЭЭ ХАМГААЛАХ

Онлайн платформууд нь хүүхдүүдэд алсаас боловсрол эзэмших, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, үе тэнгийнхэнтэйгээ холбоо барих боломжийг олгодог ч хүүхдэд цахим орчинд удаан хугацаагаар байх нь  аливаа эрсдлийг нэмэгдүүлдгийг анхаарах;

Цахим орчинд дагаж мөрдөх дүрмийн талаар хүүхдүүдтэйгээ ярилцах;

Камер ашиглах, зураг хуваалцах шаардлагатай платформуудад онцгой анхаарал хандуулах;

Хүүхдэдээ хувийн зураг, видеогоо бусад сүлжээний хэрэглэгчидтэй хуваалцах шаардлагагүй гэдгийг ойлгуулах;

Утас, компьютерийг хэзээ, хэрхэн, хэдэн минут ашиглах талаар хүүхэдтэйгээ ярилцаж тохиролцох;

Хамтдаа үзэх кино, хошин шог, дуу, вэбсайт, тоглоомын жагсаалтыг гаргах;

Цахимаар үзэх зүйлийн агуулга нь хүүхдийн нас, сэтгэхүй, хэрэгцээ, сонирхолд нийцсэн эсэхийг хянах;

Та бага насны хүүхдийн- цахим орчинд нэвтрэх боломжтой бүх төхөөрөмжид эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтыг тогтоох;


АЛХАМ 5. ХҮҮХДЭЭ ХУВИЙН ЭРҮҮЛ АХУЙН ДАДАЛ ХЭВШИЛД СУРГАХ

Хүүхдэдээ гарын ариун цэврийн талаар ярьж өгөх, гараа угаах дарааллыг заах, гараа ариутгах, гарыг тогтмол цэвэр байлгахын ач тусыг ойлгуулах;

Хувцсаа тохируулж өмсөхөд сургахад хүйтэн сэрүүний улиралд гадаа өмсөх хувцас, сургуулийн болон биеийн тамирын уралдаан тэмцээн, аялал зугаалга,  гэрийн орчинд өмсдөг хувцсаа зөв сонгох талаар ярилцах, хувцсыг сонгож хэрэглэх нь хүүхдийг даарах эсвэл хэт халууцсанаас шалтгаалж өвддөг болохыг ойлгуулах;

Хоол, хүнсээ зөв сонгох, шаардлагатай тохиолдолд  хоол хүнс бэлтгэхдээ  ариун цэврийг сахих, цахилгаан хэрэгсэл, иртэй хутга, махны машин, плитка, ус буцалгагчтай аюулгүй ажиллах арга техникт сургах;

Чихэрлэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг аль болох сонгохгүй байх, халуун бүлээн шингэн зүйл их уух, сүү, тараг, хүнсний ногоо, жимс, шөлтэй хоолыг илүү сонгож хэрэглүүлэх;

Гэр орондоо агаар сэлгэлт сайн хийх, чийгтэй цэвэрлэгээ хийх нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг болохыг ойлгуулах;



Эх сурвалж: БШУЯ