Б.Ганбат: ЭЕШ-д анхны оноо нь 100-гаас дөнгөж 20 оноо авсан хүүхдүүд их сургуульд тэнцэж байна, ихэнх нь суурь мэдлэг маш сул

ЭЕШ-ын үнэлгээг бодох аргачлал, дүнгийн маргааны талаар МУИС-ийн багш, профессор Б.Ганбатаас тодрууллаа. Тэрбээр 2012 оноос хойш жил бүрийн ЭЕШ-ын дүнг хичээл тус бүрээр болон аймгуудын хэмжээнд байр эзлүүлэн жагсааж, анализ хийж байгаа юм. 

Юу ч хийгээгүй хүүхдэд 200 оноо өгдөг үнэлгээний систем Монголд байна…

ЭЕШ-аар 100 онооны шалгалт аваад гарсан дүнг нь 800 оноод хувилдаг. Энэ бол хэмжээст оноо. Үүнийг зөвхөн босго 400 оноо тогтоохын тулд л хэрэглэж байгаа юм. Хэмжээст оноогоор тооцоолсон дундаж үзүүлэлт учир дутагдал ихтэй. Миний хувьд үүнийг шийдвэр гаргагчдад шалгуулагчдын түвшин асуудалгүй, хэвийн байгаа мэт харагдуулах арга гэж хардаг. Боловсролын салбар асуудалгүй мэт харагдуулж буй нэг төрлийн өнгөн далдлалт гэж үзэж байна.

Хэмжээст оноог гаргахдаа 100-гаас хамгийн өндөр оноо авсан сурагчийг 800 авсан гэж үзнэ. 

Эх сурвалж: Профессор Б.Ганбатын 2022 оны ЭЕШ-ын дүнд хийсэн анализ
 

Харин юу ч хийгээгүй, 0 оноотой хүүхдэд автоматаар 200 оноо өгдөг. Ийм зүйл байж таарах уу. Ингээд 800 дээр 200-г нэмээд хоёрт хуваахаар дундаж нь 500 гарна. Ингээд шалгуулагчид дунджаар 500 оноо авч байгаа нь боломжийн дүн юм шиг харагдаж байгаа биз.Үнэндээ энэ бол бодит бус дүн шүү дээ.

Үүний оронд 100 онооноос хэд оноо авч байна вэ гэдэг дээр дүгнэлт хийх ёстой. Түүнчлэн дундаж түвшинг тогтоохдоо нормаль тархалтаар биш медиан оноогоор хэмжих нь тохиромжтой гэж үзэж байна. 


 “A B C D” гэсэн дөрвөн баганы аль нэгийг сонгоод будахад 400 оноо авах боломжтой

Медиан оноо гэдэг нь нийт шалгуулагчдын анхны оноог хамгийн ихээс бага руу жагсааж, жагсаалтын дундах оноог тогтоохыг хэлнэ. Жишээ нь 1000 хүүхэд шалгалт өгсөн бол 501 дэх шалгуулагчийн оноо хэд гарч байгаа нь медиан оноо юм.

Хичээлүүдийн анхны оноогоор медиан оноог гаргавал монгол хэлний хичээл дээр дундаж нь 100-50 оноо авчээ. 

Химийн хичээл дээр бүр ч муу, медиан оноо нь 100-аас дөнгөж 24 оноо авсан байгаа юм. 

Улсын хэмжээнд 6000 гаруй хүүхэд химийн хичээлээр шалгалт өгсөн ч 70-80 хувь дөнгөж 20 оноо авчээ. Гэтэл үүнийг нь хэмжээст оноонд шилжүүлэхээр 500 оноо болж, их сургуульд элсэнэ.

Гэтэл хариултын хуудаст юу ч бодохгүйгээр “A B C D” гэсэн дөрвөн баганы аль нэгийг сонгоод будахад 400 оноо авах боломжтой магадлал гарсан. Тухайн хүүхдийн аз таараад гэх юм уу даа, хоёрдугаар хэсгээсээ 2,3 дасгалыг зөв “буудчихвал” их сургуулийн босго 480-ийг шууд давна гээд л бодоод үз. Ийм оноотой хүүхдүүд их дээд сургуульд элсэх болзлоо хангаж байна.

Тухайн хүүхдийн чухам юу мэддэг, чаддаг, их сургуульд элсээд цаашид суралцах чадвартай эсэхийг харгалзахгүйгээр 500 оноо давсан бол шууд л их сургуульд орж байна гэсэн үг. 


Аудио сонсох: 


ЭЕШ-ын оноо нь 500-аас их хэрнээ хичээлээ ойлгодоггүй

Миний хувьд 2012 оноос хойшхи жил жилийн ЭЕШ-уудын дүнг жагсааж, анализ хийж байна. Анх их сургуульд элсэн орж ирсэн оюутнуудын мэдлэг, ойлголт хэтэрхий сул байснаас үүдэлтэй.

Миний хичээлийг ойлгодоггүй, энгийн юм асуухаар ч хариулж чаддаггүй оюутан олон бий. ЭЕШ-ын дүнг нь асуухаар 500-аас өндөр оноотой гэдэг. Жишээ нь би “Электроникийн үндэс” гэж хичээл ордог. Энэ хичээл физик дундаа цахилгаан дээр суурилдаг. Тиймээс Омын хууль, кирхгофын хууль зэргийг мэддэг байж хичээл цааш үргэлжилнэ. Гэтэл мэддэггүйгээс болж эхнээс нь зааж хугацаа алддаг. Нэгэнт математик, физикийн сууриа мэдэхгүй бол хэчнээн хялбарчилж заасан ч ойлгохгүй. 

Ойлгоогүй учраас сурахад хэцүү байж таарна. Ингээд л хүүхдүүдийн тал нь хичээлээ дундаас нь хаядаг. Оюутны сурлагын оноонд нөлөөлдөггүй үсгэн тэмдэглэгээ тавиулж цаг, мөнгөө дэмий үрсээр байна.

Анхнаасаа босго оноо давсан гээд сурч чадахааргүй байхад нь их сургуульд оруулж,  2-3 жил залуусын цаг хугацаа, мөнгөөр нь тоглож, сургуулиас хасаж болохгүй биз дээ. 

Эх сурвалж: Профессор Б.Ганбатын 2022 оны ЭЕШ-ын дүнд хийсэн анализ
 
 

МУИС гэхэд үсгэн тэмдэглэгээ олон давтан тавиулсан оюутнуудыг хасах шийдвэр гаргаж байна. Зөвхөн нэг жилд 800 гаруй оюутан хасагдахаар байна шүү дээ. Гэтэл тэр хүний ирээдүйн амьдралыг шийдэж байж шаардлагаа тавиад биелүүлж чадахгүй, сурах чадваргүй гэдгийг нь эртнээс шийдэх ёстой биз дээ. 

Иймд ЭЕШ-д зохион байгуулахад их сургуулиуд оролцох хэрэгтэй болж байна. Их сургуулиуд манай сургуульд элсэхийн тул эдгээр мэдлэгийг заавал эзэмшсэн байх шаардлагатай гэсэн шалгуураа тавьж, сурах хүсэл эрмэлзэлтэй, чадвартай хүүхдүүдийг шилж, сонгож авдаг болох нь үр дүнтэй байна. 

Бичлэг үзэх:

 

Сурлагын хоцрогдолтой нэг сурагчид 10 багш зааж өгөх үү эсвэл…

Монголд боловсролын тэгш бус байдал нэгэнт нүүрлэсэн. Хотын захын дүүрэг, гэр хорооллын бүсэд, хөдөө орон нутагт ч ялгаатай байна. Энэ нь ЭЕШ-ын дүнгээс тод харагдаж байна шүү дээ. Монгол Улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчид хоцрогдолд орчихсон нь үнэн. Тийм байхад хоцрогдлыг оношилно гэж элдэв шалгалт авч үр дүнгүй зүйл хийгээд байна шүү дээ. Үүний оронд хоцрогдлоо ямар аргаар нөхөхөө бодолцох хэрэгтэй байна.  

Миний зүгээс хоцрогдол арилгах ийм нэг санал дэвшүүлсэн юм. Үүнийгээ Боловсролын сайдад ч удаа дараа санал тавьж, хэлж байсан юм. Одоогоор ЭЕШ авч байгаа 10 хичээлийн бүгд дээр нь л хүүхдүүд хоцрогдсон. Өнөөдөр хүүхэд болгон 10 багш аваад хоцрогдлоо нөхүүлэх ямар ч боломж байхгүй.  Тиймээс эхлээд хүүхдүүдээр яг ямар мэргэжлээр сурах вэ, түүнд нь аль хичээл нь голчлох вэ гэдгийг нь сонгуулъя. 

Жишээ нь математик суурьтай мэргэжил сонголоо гэж бодъё л доо. 

Тэгвэл МУИС-д элсэхэд эдгээр агуулгыг мэдсэн байх ёстой гэдгийг нь тодорхойлно. Хэрвээ энэ хувилбарыг сонговол их сургуулийн багш нараас хичээл болгоноор нь юу мэдсэн байвал зохихыг асууж тодруулах нь нэг өдрийн л ажил болно шүү дээ. Үүний дараа тухайн агуулгын хүрээнд бичлэг хийнэ. 

Тухайлбал омын хуулийг заавал мэдэх ёстой гэж үзээд энэ хуулийг 5-10 минутад багтаан их сургуулийн багшаар заалгаж бичлэг хийгээд тавьчихъя. Ингэвэл МУИС-д орох зорилготой хүүхдүүд үзнэ. Зорилготойгоор сурч эхэлнэ гэсэн үг. 


Холбоотой сэдвүүд

боловсролын салбар бшуя эеш

Сэтгэгдэл бичих (5)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.