Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
09 сарын 06, 2024
Монгол Улсын хувьд “Парис 2024” зуны олимпын наадмыг ганцхан мөнгөн медальтайгаар өндөрлүүлж багагүй шүүмжлүүлсэн.
Үүнтэй холбоотойгоор сэтгэл зүйч У.Чулуунчимэгтэй ярилцлаа.Тэрбээр арван жилийн турш 100 гаруй тамирчны сэтгэл зүйчээр ажилласан туршлагатай юм.
Анх сэтгэл зүйч болооч гэхэд нурууны үс босож байлаа...
Хань минь анх Улсын заан Б.Бат-Өлзийг дагуулж ирж байлаа. Бараг арван жилийн өмнө “Энэ бор хүүг сэтгэл зүйн талаас нь дэмжье, үндэсний бөхөөр явбал ирээдүй харагдаад байна” гээд авчирч байв. Ингээд аймгийн арслан байхаас нь дэмжиж, улсын харцага болтол зөвлөсөн.
Бөхийн өргөөнд нэг ч удаа хөл тавьж үзээгүй би Б.Бат-Өлзийтэй ажилласнаар спортын сэтгэл зүйчийн замналаа эхлүүлсэн гэж боддог.
Би газар зүйн багш мэргэжилтэй. Багшилж байхдаа сэтгүүлч болохоор шийдэж МУИС-ийн сэтгүүлзүйн ангид суралцан мэргэжлээрээ ажиллаж байхдаа анх багштайгаа уулзсан. Тухайн үед багш маань “Чамд сайн сэтгэл зүйч болох нандин чанар харагдаад байна. Мэргэжил, хүн хоёр нийлж байж үр дүнд хүрдэг юм. Чамд хүний төлөө гэсэн сэтгэл байна, сэтгэл зүйч мэргэжлээр сурвал яасан юм бэ” гэж хэлж сурах шийдвэрээ гаргаж байсан юм.
Б.Бат-Өлзий заанаас гадна Б.Хангайг Улсын харцага цолонд хүртэл нь хамтран ажиллаж зөндөө урам авч, мэргэжилдээ улам хайртай болсон гэж боддог.
Миний хань, гэр бүлийнхэн мэргэжлийг минь ойлгож, бүх талаар дэмжлэг үзүүлдэгт маш их талархдаг. Дөнгөж спортод хөл тавьж чин хүсэл тэмүүллээр зүтгэж, хөдөлмөрлөж буй олон хүн бий. Хүн бүр сэтгэл зүйчээс зөвлөгөө, дэмжлэг авч чадахгүй шүү дээ. Тиймээс би аль болох тэдэнд санхүүгийн дарамт учруулахгүйгээр тусалж дэмжхийг хүсдэг. Дуртай ажлаа хийж байхдаа мөнгөнөөс илүү үнэ цэнийг мэдэрдэг учир өнөөдрийг хүртэл бусдаас нэг ч удаа дэмжлэг авч байгаагүй. Бүхнийг гэр бүл минь зохицуулж ирсэн.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
:
6 цаг хувцас солих өрөөнд хүлээсний эцэст,
арайхийж уулзан тамирчнаа дэвжээ рүү гаргасан
Парисын наадамд бэлтгэж, нислэг, унаа, байрлах байр гээд бүх зардлаа чадан ядан хувиасаа зохицуулаад очсон.
Миний хувьд Монгол Улсаа төлөөлж явсан ганцхан сэтгэл зүйч байсан ч мандат авч чадаагүй нь үнэн билээ. Үүний хажуугаар сошиалд зарим нэгэн мэдээлэл гарч олон нийтэд буруу ташаа ойлгогдож, хэсэгтээ хүндхэн нөхцөлд байлаа.
Хотхон руу нэвтэрч тамирчидтайгаа нүүр тулж уулзан, зөвлөгөө өгөх боломж үнэхээр байгаагүй. Зөвхөн кампусаас гадуур явах, бэлтгэл хийх үед л очиж уулзах боломжтой.
Тэмцээн үргэлжилж байх хугацаанд бусад хүний мандатыг гуйж, аргалж хоёр удаа л нэвтэрсэн. Арын албанд ажилладаг дэмжих багынханд ажиллах нөхцөл маш хомс байдаг. Албан ёсоор квотоо аваад очвол ядаж л сэтгэл амар, тайван ажлаа хийнэ шүү дээ.
Тэмцээний үеэр тамирчид маань байн байн залгаж “Та ирэх болж байна уу, хаана явж байна” гэж асуусан. Гэвч арайхийн хүний мандатаар хулгайгаар ороход дэвжээнд гарчихсан байсан.
Тэмцээнийх нь өмнө очоод сэтгэл санааг нь тайвшруулах боломж олдоогүй. Харин ганц л тамирчныхаа сүүлийн шийдвэрлэх тоглолтынх нь өмнө очиж, уулзсан. Харамсалтай нь амжилт гаргаж чадаагүй.
2021 онд болсон Токиогийн зуны олимпийн наадмын дараахан шуугиж, дэмжих баг ажиллуулах хэрэгтэй гэж зөндөө ярьцгаасан. Гэсэн ч энэ удаагийн наадамд ахиад л сэтгэлзүйч, хоол зүйч нарын квотын асуудал хөндөгдөж байгааг харахад удирдах албаныхан маань алдаанаасаа суралцаагүйг харуулж байна.
Цахимаар сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд үр дүнтэй юу?
Нэг удаа намайг цахимаар сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна гэхэд багш маань “Чи яасан их мэдрэмжтэй хүн бэ” гэж хатуухан зэмлэж байлаа. Зайнаас харилцаж буй хүний сэтгэл хөдлөл, нүднийх харц, биеийн хэлэмж, хөдөлгөөн бүрийг нь мэдэрч чадахгүй. Сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд хоолойны өнгө, харцыг нь хүртэл мэдэрч байж тухайн хүнийг ойлгож, дэмжиж чадна. Тиймээс дахиж ийм зүйл битгий хийгээрэй гэж багш минь захисан.
Энэ удаагийн олимпын үеэр ажилласан сэтгэл зүйчид маань чадлаараа л зөвлөгөө өгсөн. Тэр бүр хувийнхаа зардлаар явж чадахгүй шүү дээ. Тиймээс тэд маань аргагүйдэж онгоцны буудал дээрээс “Баяртай” гээд л тамирчдаа үдсэн.
Спортын салбар шинжлэх ухаан болтлоо хөгжчихөөд байна
Амжилт зөвхөн тамирчин дасгалжуулагч хоёрын хөлс хөдөлмөр дээр тогтдог цаг ард үлдэж, өдгөө нэг төрлийн шинжлэх ухаан болтлоо спортын салбар хөгжжээ. Нэг тамирчны ард мэргэжлийн хоол зүйч, сэтгэл зүйч, тактик боловсруулагч гээд 20-30 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг ажиллаж байж амжилт гаргах магадлал илүү нэмэгддэг нь батлагдсан.
Бүхэл бүтэн шинжлэх ухаан болтлоо хөгжчихсөн салбарт дасгалжуулагч, тамирчин хоёр хоёулхнаа хөлсөө дуслуулж, мянга бэлтгэл хийгээд нэмэргүй. Дэлхийн улс спортод шинжлэх ухаанч байдлаар хандаж, олимпын дэмжих багт тактик боловсруулж, төлөвлөгөө гаргах хүмүүсийг хүртэл оруулдаг.
Дасгалжуулагч тамирчин хоёр хоёулхнаа зүтгээд амжилт олдоггүй гэдгийг бид анхны олимпоос хойш харж байна шүү дээ. Монголчуудын хамгийн их итгэл найдвар тавьдаг чөлөөт бөхийн төрлөөр манайх өнөөг хүртэл алтан медальгүй авч байгаагүй. Тиймээс одоогийн энэ нөхцөл байдалдаа дахин нухацтай дүгнэлт хийж, энэ салбарыг шинжлэх ухаанчаар хараасай гэж хүсэж байна.
Өөрөө хүсэж зорьж сэтгэл зүйчид хандсан тамирчид
богино хугацаанд амжилт гаргадаг
Спортын салбарт олон жил зүтгэсэн хүмүүс спортын сэтгэл зүйчтэй ажиллах хэр чухал вэ гэдгийг ойлгодог болжээ. Сүүлийн үед үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн тамирчид зорин ирж урт хугацаанд зөвлөгөө авч байна.
Тамирчидтай ажилласан туршлагаас үзэхэд өөрийгөө ойлгох гэж хичээж, үнэхээр амжилт гаргахыг хүсэж зорьсон нь богино хугацаанд үр дүн гаргадаг.
Тэд зөвлөгөө, чиглүүлэг авахдаа сайн, маш анхааралтай сонсож суралцаж чаддаг, үнэхээр амжилт гаргая гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй ирсэн учраас ганц хоёрхон сарын дараагаас амжилтаа ахиулдаг.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.