Уханьд цар тахлын голомт дунд ажиллаж байсан хоёр эмч коронавирусын халдвараар өвчилж, улмаар элэг нь гэмтэн, арьсны өнгө нь өөрчлөгджээ. 

Эмч И Фан, Ху Вэйфэн нар халдвар тусаад хоёр сарын эмчилгээний дараа бүрэн эмчлэгдсэн аж. Гэсэн хэдий боловч БНХАУ-ын эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдэгдэж буйгаар тэдний арьсны пигмент өөрчлөгдсөн байна.

Хуажонг Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн халдварт өвчин судлалын төвийн мэргэжилтэн Сүн Жиансин энэ талаар "Төмөр нь элгэнд хадгалагдаж байхын оронд цусны урсгалд нэвтэрсэн. Ийнхүү хэвийн хэмжээ алдагдсаны улмаас арьсны өнгө өөрчлөгдсөн" гэж тайлбарлажээ. 

Харин өвдсөн эмч нарын эмчлэгч эмч анх оношлогдсоных нь дараа хэрэглэсэн эмчилгээний дараа гарсан хариу урвалын улмаас арьс нь харлаж, өнгө нь өөрчлөгдсөн гэсэн таамаглал дэвшүүлсэн байна.  

Судлаачдын мэдэгдсэнээр коронавирусын халдвар авсан хүмүүст гарч буй элэгний гэмтэл нь элэгний эсийн вирусын халдвараар шууд үүсдэг аж. Гэхдээ хөнгөн хэлбэрийн элэгний гэмтэл ямар ч эмчилгээгүйгээр хэвийн байдалдаа орох боломжтой. Харин хүнд хэлбэрийн гэмтэл учирсан тохиолдолд элгийг хамгаалах эмчилгээ хийгддэг гэсэн байна. Доктор Ли Шушен CCTV-д хоёр эмчийн арьсны өнгө аажмаар хэвийн байдалдаа эргэж ирнэ хэмээн найдаж буй аж.

Эх сурвалж: thesun.co.uk