Б.Баясгалан
02 сарын 03, 2020
Улсын болон хувийн хэвшлийн эмнэлэг, сувилалд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тусламж үйлчилгээний зардлын тарифын ялгааг ижил түвшинд хүргэсэн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр ЭМДEГ -ын дарга Г.Баясгалан "Энэ оны хоёрдугаар сарын 01-нээс улс даяар эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлж буй хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний үнэ тарифыг 30 орчим хувиар нэмэгдүүлж байна. Энэ тариф 2014 оноос өнөөдрийг хүртэл нэг хэмжээнд байсан. Даатгал болон эмнэлгийн байгууллагын хамгийн хүндрэлтэй асуудал нь эрүүл мэндийн санхүүжилт. Санхүүжилт зохистой бус, зарлагадаа хүрэхгүй байгаагаас иргэдээс мөнгө гаргуулдаг, эм тариа авахуулдаг. Үүнийг багасгах, таслан зогсоох зорилгоор Үндэсний зөвлөл шийдвэр гаргаж, одоо улс даяар тусламж үйлчилгээний мөрдөж буй үнэ тарифын хэвтэн эмчлүүлэх төлбөрийг ойролцоогоор 400.000 төгрөгөөр баталлаа.
Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгуулагч болон даатгалын байгууллага төлнө гэж заасан. Тэгэхээр даатгалын байгууллагаас эрүүл мэндийн байгууллагад өгч буй тусламж үйлчилгээний оношийн бүлгийн санхүүжилтыг нэмэгдүүлж байна. Оношийн бүлгийн санхүүжилтыг өмнө нь байснаас олшруулж, 330 бүлэг болгосон.
Санхүүжилтыг 330 орчим оношоор өөр, өөр аргачлалаар бодож гаргана. Энгийнээр хэлэхэд ямар ч хүндрэлгүй мухар олгойд зардал бага гарна. Хэрвээ үрэвсэл болоод хүндэрчихсэн байвал зардал илүү нэмэгддэг. Эдгээрийг өөр өөрөөр тусгах бодлого явагдаж байгаа.
Энэ тогтоолын бас нэг онцлог бол өмнө нь эрүүл мэндийн даатгалын байгууллагаас хувь болон улсын эрүүл мэндийн байгууллагад өөр үнэ тариф үйлчилдэг байсан. Одоо хэвтэн эмчлэх үнэ тарифыг жигдэлж, ижил болгож байна. Ингэснээр иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар дээшилнэ.
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагыг тэнцүүлээд тэр чигт нь иргэддээ зарцуулъя гэсэн чиглэл барьж буй. Энэ жилийн төсөв өнгөрсөн жилийнхээс 20 орчим хувиар нэмэгдсэн. Нийт 506.5 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн туламж үйлчилгээнд зарцуулна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.