Улсын нийслэлийг Улаанбаатар хэмээн нэрлэсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг дэлгэлээ

Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны 385 жил, Нийслэл Хүрээг Улаанбаатар хот хэмээн нэрийдсэний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Архивын газраас 2024 оны 10 дугаар 23-наас 10 дугаар сарын 30-ны хооронд Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна. 

1639 онд Халхын Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны нутаг одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээт Цагаан нуур хэмээх газарт Чингис хааны алтан ургийн хойчис Халхын Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн Занабазарыг Анхдугаар Богдоор өргөмжлөн төрийн их ёслол үйлдэж, түүнд зориулсан Орд өргөөг байгуулснаар Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсан гэж үздэг. 

Улмаар 1912 онд Богд хаан Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн зарлиг буулгасан ба 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Улсын Анхдугаар Их хурлын 14 дүгээр тогтоолоор Нийслэл хүрээг Улаанбаатар хэмээн нэрлэсэн билээ.  

Энэхүү түүхт ойг тохиолдуулан гаргаж буй "Улаанбаатар хот-100" үзэсгэлэнд улсын анхдугаар их хуралд нийслэл хотоос сонгогдсон төлөөлөгчдийг батламжилсан баримт бичгүүд, анхдугаар үндсэн хууль боловсруулах комиссын гишүүдийн гар бичмэл, хуулийн төсөл, Нийслэл Хүрээг Улаанбаатар хэмээн нэрийдсэн тогтоол, нийслэлийн хүн ам, нийгэм соёлын өөрчлөлт, тохижилт, хот сайжруулах комиссын тогтоолын эх баримт, хотын Засаг захиргаа, бүтэц, орон тоо, тамга, тэмдэг, нийслэлийн дэвсгэр нутаг, анхны хороодын зохион байгуулалт зэрэг олон чухал архивын баримт,  гэрэл зургуудыг дэлгэлээ.

Холбоотой сэдвүүд

нийслэл хот улаанбаатар хот

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.