Цэдэнбалын Цэрэндолгор
10 сарын 14, 2017
Манай орны хувьд тав хүртлэх насны хүүхдүүдийн дунд А аминдэмийн дутагдал өндөр байдаг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2010 онд хийсэн судалгаагаар нийт хүүхдийн 32.4 хувь нь А аминдэм дутагдалтай гарчээ. Энэ нь Монгол хүүхдүүд цаг агаарын болон хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрлөөс хамаарч А аминдэмийг нэмэлтээр авах шаардлагатайг харуулж буй.
А аминдэм өсөлтийг дэмждэг
А аминдэм дутагдахад хүүхдийн өсөлт, хөгжил, дархлаа, цус төлжилт муудаж, арьс, салст хуурайшдаг. Мөн нүдний эвэрлэг бүрхэвч гэмтэх эрсдэлтэй байдаг.
А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, дархлааны системийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Ялангуяа амьсгалын замын халдварт өвчин, улаанбурхан, салхинцэцэг болон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэл гарах эрсдлийг бууруулдаг ажээ.
А аминдэмийн дутагдалаас сэргийлэхийн тулд:
·Хүүхдийг төрсөн даруйд ангир уургаар амлуулах
·Зургаан сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллох
·Зургаан сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулж, хоёр ба түүнээс дээш нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэх
·Үр тариа, мах, сүү, цагаан идээ, жимс, хүнсний ногоо зэрэг таван нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх.
Мөн хүүхдийг А аминдэмийн дутагдалаас сэргийлэхийн тулд харьяа өрх, сумын Эрүүл мэндийн төв дээр очиж өндөр тунт А аминдэмийг жилд хоёр удаа заавал уулгах шаардлагатай байдаг. Үүнд:
·6 сартайгаас 11 сартай хүүхэд 100 000 нэгжтэй А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна.
·12 сартайгаас 59 сартай хүүхэд 200 000 нэгжтэй А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна.
·Харин 6 хүртлэх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.