Монголын оюутны холбооноос 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэгтэй 2020.03.23-ны даваа гарагт уулзахаар болсон ч тус өдөр яаралтай ажил гарсан тул уулзах өдрийг хойшлуулсан бөгөөд өнөөдөр буюу 2020.03.24-нд уулзах боломжгүй хэмээн мэдэгдлээ. Иймд МОХ-ны зүгээс Цахим сургалттай холбоотойгоор оюутан залууст тулгамдаж буй асуудлуудыг тусган дараах шаардлагуудыг БСШУСЯ-нд албан бичгээр хүргүүллээ.

Тус бичигт:
Цахим сургалтыг судлах тухайд оюутан, залуучуудын өөрсдийн саналыг харгалзан үзэж тухайн оюутан тус улиралд хичээл судлах, эс судлахаа өөрөө сонгох нөхцөл боломжийг бий болгох.
- Хэрэв оюутан цахим сургалтыг цаашид үргэлжлүүлэн судлахыг хүсвэл:
Цахим сургалтын одоогийн нөхцөл байдлыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:


✔Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан цахимаар судлах боломжгүй байгаа оюутнуудад хичээл, гэрийн даалгавар, бие даалт... гэх мэт үнэлгээний ажлуудыг хичээл орсноос хойш тодорхой хугацаанд нөхөн үзүүлэх боломж олгох;

✔Үнэлгээний хувьд оюутны бие даалт, явц, ирцийн үнэлгээг 70 оноо байсныг 80 оноо болгох, улирлын шалгалтыг 30 оноо байсныг 20 оноо болгох гэх мэт уян хатан байдлаар шийдвэрлэх;

✔Төгсөх курсийн оюутнуудын хувьд дадлага, дипломын ажил зэргийг хугацааны хувьд уян хатан байдлаар шийдвэрлэх, Дипломын ажил бичиж буй оюутнуудтай тулж ажиллах, мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөх;

✔Төлбөрөө төлөх бололцоогүй оюутнуудын хувьд Боловсролын зээлийн сангийн тавигдах шаардлагыг уян хатан болгож 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд зээл авах нөхцөл боломжийг бий болгох;

Цахим сургалтыг цаашид үргэлжлүүлэн судлахгүй гэж үзсэн оюутнуудад:


✔2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын үзэхээр сонгосон хичээлийг 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улиралд судлах боломжийг олгох;
✔Дотуур байрны хувьд:

Оюутнууд 2019-2020 оны хичээлийн жилийн турш дотуур байранд амьдрахаар дотуур байртай гэрээ хийсэн. Гэвч 2020 оны 2, 3, 4 саруудад хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан дотуур байранд амьдрах боломжгүй болгосон тул эдгээр хугацааны төлбөрийн тодорхой хувийг буцаан олгох нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн дээд боловсролын сургалтын байгууллага бүрийн цахим сургалт болон дээр дурдсан үйл ажиллагаануудад хяналт тавьж ажиллахын зэрэгцээ хяналтын багт оюутнуудын төлөөлөл болгон Монголын оюутны холбооноос оюутнууд оруулж өгөхийг хүсэж байна.

Иймд дээрх санал хүсэлтүүдийг судлан оюутан, залуучуудын тавьсан шаардлагыг хүлээн авч цаг үеийн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээг авч, 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө хариу өгөхийг хүсье.

МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБОО