СУДАЛГАА: Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр жилд унтах ёстой хугацаанаас 10-15 хоног алдаж байна

Peak.mn
05 сарын 26, 2022

Шөнө мэдрэгдэх төдий дулаахан байсан ч гэсэн энэ нь бидний гүн нойронд саад болж байдаг. Бид бүгд л бүгчим шөнө унтаж чадахгүй нойр хулжаад л маргааш өглөө нь бүх бие ядарчихсан яг л согтуу хүн шиг болчихдог мэдрэмжийг мэднэ. 

Судалгаагаар нойр дутуу авах нь зүрхний өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж, сэтгэлийн хямралд өртүүлж, суралцах чадварыг муутгаж, хувь хүн болоод нийгэмтэй харьцахад ихээхэн асуудал үүсгэдэг байна.

Сүүлийн үед судлаачид нойргүйдлийг уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлах болсон. Копенгагены их сургуулийн судлаачид уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж шөнийн цагаар дулаарч байгаа нь хүний унтах цаг болон эрт сэрэх цагийг хойшлуулж, шөнийн цагаар амрах хугацааг алдагдуулдаг болохыг тогтоожээ. Судлаач Келтон Минор уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан нойргүйдэл "ирээдүйд биш, яг одоо болж байна" гэж хэлжээ.

Температур нэмэгдэхийн хэрээр сайн нойр авахад хүндрэлтэй болж, энэ зууны эцэс гэхэд бид жил бүр 13-15 хоногийн дутуу нойртой байх болно гэж судлаачид анхааруулж байна.

Минор болон түүний хамтрагч судлаачид 2015-2017 оны хооронд дэлхий даяар 50,000 орчим хүний биеийн үйл ажиллагаа хянах төхөөрөмжөөс цуглуулсан мэдээллийг судалжээ. Эдгээр хүмүүс хэзээ унтаж сэрж байгаа болон унтахдаа хэдий хэр хугацааг зарцуулж байгааг бүртгэж авсан байна. 

Энэхүү судалгаа нь гайхалтай үр дүнд хүрчээ. Гадаа 10 хэмээс доош температуртай үед хүмүүс сайн унтаж чадаж байсан. Харин үүнээс их температуртай тохиолдолд долоон цаг хүрэхгүй хугацаанд унтсан байна. 25°C-ээс дээш температурт нойргүйдэл ихэсжээ. Шөнийн температур 30 хэмд хүрэхэд хүмүүс шөнөдөө дунджаар 15 минут алдаж байв.

Энэ нь тийм ч их юм шиг санагдахгүй байж магадгүй, гэхдээ "үнэндээ маш том асуудал" гэж Ирвайн дахь Калифорнийн их сургуулийн нойр судлаач Сара Медник хэлэв. Бид өдөрт ердөө нэг цаг унтдаг тул 15 минут, тэр байтугай таван минутыг хасах нь нөхөн сэргээх хугацааг ихээхэн бууруулдаг.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс болж буй нойргүйдэл нь хөгшин настай хүмүүст илүү хүчтэй нөлөөлж байна. 70-аас дээш насны хүмүүс мэдрэмтгий байгаа нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд ижил төстэй халуунд 15 минутын оронд 30 минутын нойроо алддаг байна. Түүнчлэн эмэгтэйчүүд илүү их өртөж, дулааны улиралд дунджаас 25 орчим хувиар илүү нойроо алддаг. 

Хүний бие үүнд дасан зохицож чадахгүй байгаа юм. 

Уур амьсгалын энэхүү өөрчлөлтөөс үүдэлтэй нойргүйдлийг арилгах нэг боломжит шийдэл нь агааржуулагч хэмээн Харвардын хүрээлэн буй орчны эрүүл мэндийн судлаач Седено Лорант үзжээ.

Эх сурвалж: https://www.nationalgeographic.com/

Нийтэлсэн Х.Даваахүү

Холбоотой сэдвүүд

нойргүйдэл эрүүлмэнд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.