Нойртой холбоотой сэтгэцийн тулгамдсан асуудлын талаар СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулгын өгсөн зөвлөгөө, мэдээллээс онцлон хүргэж байна.

Нойр бол хүний амин чухал хэрэгцээ. Хүн өдөрт заавал 7-8 цаг унтаж, бүрэн амарч байх хэрэгтэй.

Нойрны хямралаас маш олон сөрөг үр дагавар үүсдэг. 

Үүнд:

  • Өдрийн туршид нойрмоглоно.
  • Ядрана.
  • Анхаарал төвлөрүүлэх чадвар буурна.
  • Тогтоох ой муудна.
  • Шийдвэр гаргахад бэрхшээл үүснэ.
  • Уур уцаартай болно.
  • Сэтгэл гонсойно, урам хугарна.
  • Бэртэж гэмтэх, аваар осолд орох эрсдэл нэмэгдэнэ.

Иймд нойр дутуу хоносон тохиолдолд заавал гүйцэд амрах хэрэгтэй. Гэхдээ шөнийн нойрыг өдрийн нойр хэзээ ч нөхдөггүй. Тиймээс шөнийн ээлжийн ажилтай л биш бол заавал унтах ёстой цагтаа унтаж, тархиа амраа.

Нойрны хямрал үүсэх ерөнхий шалтгаанууд:

  • Сэтгэлзүйн шалтгаан
  • Бие махбодийн шалтгаан
  • Эмийн бодис
  • Амьдралын хэв маяг
  • Хүрээлэн буй орчны нөлөө


Нойрны хямралд өртсөнийг илэрхийлэх эмнэлзүйн шинж тэмдгүүд:

Нойр хулжих: Нойр хулжин өнгөц нойрсоно, шөнө олон дахин сэрнэ, нойр ханаагүй мэт мэдрэмж төрнө, өглөө эрт сэрнэ.

Нойр хэт хүрэх: Сэрсний дараа нойр бүтэн сэргэж чадахгүй байх, шөнө хангалттай унтсан боловч үе үе тэсвэрлэшгүй их нойр хүрнэ.

Унтах болон сэрүүн байдлын хэм алдагдах: Өдрийн цагаар нойр хүрнэ, шөнө нойр хүрэхгүй.

Зүүдэн явалт: Унтаж байснаа гэнэт босож явна, шөнө босож явснаа мэдэхгүй, заримдаа босож явах үедээ ямар нэгэн үйлдэл хийнэ.

Шөнийн айдас: Шөнө нойрон дунд гэнэт айдас төрж орилж хашхирна, айдас төрүүлсэн зүйлсийг заримыг санаад, заримыг нь огт санахгүй.

Хар дарж зүүдлэх: Нойрон дундаа аймшигтай зүүд зүүдэлнэ. Энэ зүүдээ санан сэтгэл түгшинэ.

Зүүдэн дундаа ярих: Шөнө янз бүрийн зүйл ярина.

Шүдээ хавирах: Шөнө унтаж байхдаа шүдээ хавирна.

Хүмүүс бүтээмжтэй байдаг гээд шөнө орой сууж, ажиллах, суралцах хандлага их байдаг. Таны хувьд шөнө суух нь бүтээмжтэй байсан ч шөнийн 12 цаг гэхэд орондоо орсон байх шаардлагатай.


Нойрны хямралаас гарах болон сэргийлэхэд мөрдөх зарчмууд


Нойрны асуудал эмчлэгдэх боломжтой. Гэвч хүмүүсийн олонх нь эм уугаад зүгээр болчихно гэсэн ташаа ойлголттой байдаг. Нойрны эмийг зөвхөн төрөлжсөн нарийн мэргэжлийн төвд сэтгэцийн эмчийн хяналтад байгаа хүмүүс л хэрэглэх заалттай. Тиймээс нойрны асуудлаа аль болох эмийн бус аргаар шийдвэрлэх нь зүйтэй.

Нойрны эмийн талаар анхаарах зүйлс:

- Донтолт үүсгэдэг.

- Өндөр настай хүмүүс согтууруулах ундаа болон бусад эмтэй хамт хэрэглэвэл хортой үр дагавартай.

- Жирэмсэн бол урагт сөрөг нөлөөтэй.


Эмчийн зөвлөгөөнөөс онцлох эшлэлүүд:

- Эрүүл байгаа дээрээ нойрны зөв хэмнэлийг маш сайн анхаарч хэрэгжүүл.

- Орондоо орчихоод унтахаасаа өмнө янз бүрийн зүйл бүү бод.

- Унтахаасаа өмнө кофе, цай уух, их хэмжээгээр идэх нь сөрөг нөлөөтэй.

- Байнгын нойрны дутагдалтай явдаг хүмүүст архаг ядаргаа бий болж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага үүсдэг.

- Өдөр тутмын зөв хэвшилээр нойргүйдлыг эмчилж болдог.

СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга