Өнөөдөр АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трампын 72 насны төрсөн өдөр тохиож байна. Бизнесмэн, улс төрч, телевизийн хөтлөгч, номын зохиолч, зочид буудал амралтын газруудын эзэн зэрэг олон гуншинтай нэгэн эрхмийн түүхийг эргэн сөхөе. 


Залуу нас 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Джон Трамп (Donald John Trump) 1946 оны 06 сарын 14 өдөр Нью-Йорк хотын Куинс дүүрэгт төржээ. Түүний эцэг Фредерик Трамп нь Бруклин, Куинс, Статен-Айленд дүүргүүдэд дундаж давхаргын хүмүүст зориулсан орон сууцны төсөл хэрэгжүүлдэг, барилгын бизнес эрхэлдэг хүн байсан.  

Эцэг эх нь Дональдыг 13 настай байхад Нью-Йоркийн Цэргийн Академид явуулжээ. Трамп Академид суралцаж байх үедээ өндөр амжилтад хүрч 1964 онд төгсөхдөө манлай төгсөгч, гайхалтай тамирчин болсон байв. Үүний дараа тэрээр Фордхемийн Их сургуульд элссэн бөгөөд удалгүй Пенсильванийн Их сургуулийн дэргэдэх Уортоны бизнесийн сургууль руу шилжиж 1968 онд дүүргэжээ. 



Ажил, бизнес, карьер

Их сургуулиа төгссөний дараа Дональд эцгийнхээ компанид ажиллаж эхэлсэн ба 1975 онд компанийнхаа ерөнхийлөгч болж, нэрийг нь Trump Organization болгож өөрчилсөн аж. 

1971 онд Трамп компанийнхаа офисыг Манхэттэн рүү нүүлгэв. Түүний хамгийн анхны бие даан хэрэгжүүлсэн төсөл бол Манхэттэний баруун хэсэгт баригдсан бизнес-төвийн барилга байв. 

1974 онд Трамп Нью-Йорк хотын Төв вокзалын дэргэд ашигтай байрлалтай ч алдагдалтай ажиллаж байсан Penn Central компанийн Commodore зочид буудлыг худалдан авчээ. 

1975 онд Hyatt Hotel корпорацитай хамтран ажиллах гэрээ байгуулсан. 1980 онд The Grand Hyatt нэрээр нээгдсэн шинэ зочид буудал нь тэр даруй алдартай болж, олон үйлчлүүлэгчдийг татаж чадсан байна. 

Дональд Трампын дараагийн төсөл нь 1982 онд 5-р авеню гудамжинд нээгдэж, түүнийг Нью-Йорк хот даяар алдаршуулсан 58 давхар тэнгэр баганадсан Trump Tower байлаа. 

Цаашид Трамп дараа дараагийн төслүүдээ өөрийн нэрээр нэрлэх болов: Trump Park, Trump Palace, Trump Plaza, The Trump World Tower and Trump Park Avenue, Trump International Hotel & Tower, The Trump Building ба бусад. 

Trump Hotel Collection компанийн эзэмшилд АНУ-ын Лас-Вегас, Чикаго, Майами, Вашингтон, Хавайн Оаху арал болон Панама, Канадын Торонто хотууд дахь зочид буудлууд багтдаг. Тэрээр мөн АНУ, Шотланд, Аарабын Нэгдсэн Эмират, Ирланд улсуудад сүлжээ гольфийн талбай эзэмшдэг. 

Трамп “Дэлхийн Мисс”, “Америкийн Мисс”, “Америкийн залуу мисс” зэрэг гоо сайхны тэмцээний гүйцэтгэх продюсер, NBC компанитай хамтран эзэмшигчээр ажилладаг байсан. 

2004 онд NBC телевизийн “The Celebrity Apprentice” реалити шоуны гүйцэтгэх продюсер, хөтлөгчөөр ажиллаж байсан. Тус шоу маш өндөр рейтингтэй байсан бөгөөд Emmy шагналд гурван удаа нэр дэвшиж байжээ. 

2005 онд Donald J. Trump хэмээх өөрийн гэсэн хувцасны коллекцийг гаргаж, удалгүй Trump Home брэндийн гэр ахуйн бараа үйлдвэрлэж эхэлсэн. 

2012 онд PARLUX компанитай хамтран Success by Trump нэртэй үнэртэй ус гаргажээ. Харин 2015 онд Trump брэндийн нэрээр Empire хэмээх өөрийн хоёр дахь үнэртэй усыг танилцуулсан байна.

Дональд Трамп бизнесийн сэдвээр жинхэнэ бестселлер болж чадсан олон номыг зохиосон. Тэр дундаас онцолбол: “The Art of the Deal” 1987, “Trump: Surviving at the Top” 1990, “Trump: The Art of the Comeback” 1997, “The America We Deserve” 2000, “How to Get Rich” 2004, “The Way to the Top” 2004, “Think Like a Billionaire” 2004. 



Улс төр

2015 оны 06 сарын 16-нд Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн.

2016 оны 05 сарын 26-нд тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшихэд шаардагдах хангалттай хэмжээний саналыг төлөөлөгчдөөс авч чадсан тухайгаа мэдэгдэв. Associated Press агентлагийн мэдээлснээр Трампд нэр дэвшихэд 1237 санал шаардлагатай байснаас 1238 санал цуглуулж чаджээ. 

2016 оны 07 сарын 19-нд АНУ-ын Бүгд Найрамдах нам Трампыг нэр дэвшигчээр албан ёсоор баталсан.

2016 оны 11 сарын 08-нд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд мужуудын 306 сонгогчийн санал авч ялалт байгуулсан. Түүний өрсөлдөгч Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтон 232 санал авсан байна.

2017 оны 01 сарын 06 өдөр АНУ-ын Конгрессын хурал дээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг албан ёсоор батламжилсан. Ийнхүү тэрээр 70 насандаа сонгогдсон АНУ-ын хамгийн ахмад Ерөнхийлөгч болж 69 настайдаа сонгогдож байсан Рональд Рейганы амжилтыг эвдэж чаджээ. 

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаал авсаны дараах анхны хэвлэлийн хурал дээрээ бизнесийн салбарыг орхиж, Trump Organization-ий удирдлагыг хүүхдүүддээ - Эрик, Дональд нарт шилжүүлж буйгаа мэдэгдсэн. 

Трампын төлөөлөгч, хуульч Шери Диллоны хэлснээр шинэ Ерөнхийлөгчийн бүх хөрөнгийг трастын фонд руу шилжүүлж, Трампын компани гадны компаниудтай гэрээ байгуулахгүй, дотооддоо байгуулах гэрээ хэлэлцээрүүдэд ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг сайтар хянаж шалгах болно гэжээ. Мөн Дональд Трампыг хөрөнгөнөөсөө татгалзахгүй ч Ерөнхийлөгчийн алба хашиж байх хугацаандаа өөрийн компанитай ямар нэгэн байдлаар холбоогдохгүй хэмээн мэдэгдсэн. 



Гэр бүл 

Дональд  Трамп гурван удаа гэрлэж байсан. 1977 онд анхны эхнэр Ивана Зельничковатай хуримаа хийж, Дональд, Иванка, Эрик гэдэг гурван хүүхэдтэй болсон. Хосууд 1992 онд салсан. 1993 онд Трамп 29 настай Марла Мейплзтэй гэрлэж Тиффани гэдэг охинтой болсон.  2004 оны 04 сарын 26-нд Словени улсаас гаралтай Мелания Кнауст гэрлэх санал тавьжээ. Тэд 2005 онд хуримаа хийж, 2006 онд Бэррон Уильям Трамп хэмээх хүүтэй болсон.



Хөрөнгө 

2016 оны 12 сард “Time” сэтгүүл түүнийг “Оны шилдэг хүн”-ээр шалгаруулсан. 2017 оны байдлаар Forbes сэтгүүл Дональд Трампын хөрөнгийг 3,7 тэрбум доллараар үнэлсэн байдаг. 2016 онд 4,5 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр АНУ-ын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 113 дугаар байранд, дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 324 дугаар байранд орж байжээ. Дональд Трамп 2020 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм. 


Эх сурвалж: РИА Новости, Википедиа