УОК: Коронавирусийн эсрэг нийтийн вакцинжуулалтыг 2021 оны I улиралд багтаан эхлүүлнэ

Б.Баясгалан
12 сарын 21, 2020

Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр нийслэлд энэ сарын 23-наас 2021 оны нэгдүгээр сарын 06-ныг хүртэлх 14 хоногийг хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо. 

Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар "Хатуу хөл хориог ирэх лхагва гарагийн 06:00 цагаас тогтооно. Өнөөдөр, маргаашдаа хөдөө явсан иргэд ирэх зэрэг тодорхой бэлтгэл хангагдах байх. Коронавирус гарснаас хойш монголын төр иргэдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавин ажиллаж байна. Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, халдварын голомтыг хумих, эрүүл мэндийн байгууллагад ирэх ачааллыг тогтоох зорилгоор ийм стратеги барьж ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн голомтод өвчлөл өдөрт 20-30 хүнээр нэмэгдэж байна. 

Энэ сарын 11-15-ны хооронд тус эмнэлгээс гарсан зарим хүн иргэдийн дунд орсон тохиолдол байгаа учир халдвар цаашид тархах эрсдэл байгааг мэргэжлийн байгууллагууд онцолсон. Мөн шинэ жилийн нэгдсэн арга хэмжээг нэгдсэн байдлаар тэмдэглэхийг хориглосон ч хөл хөдөлгөөн нэмэгдэнэ гэж үзэж байна. Энэ нь халдварын тархалтад нөлөөлж болзошгүй.

Дэлхий нийт коронавирусийн вакцинжуулалтад ихээхэн анхаарал хандуулж байна. Цар тахлыг эрсдэл багатай даван туулах нэг аргыг вакцин гэж үзэж байна. Монгол Улсын хувьд ч мөн адил. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзаж, вакцины асуудлаар хэлэлцсэн. 

Бид нийтийн вакцинжуулалтын 2021 оны нэгдүгээр улиралд багтаан эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Амаргүй энэ шийдвэрийг өнөөгийн нөхцөл байдлаа дүгнэж гаргаж байгааг ард иргэд маань ойлгож хүлээж авахыг хүсье" хэмээлээ.

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр өгсөн мэдээллээр өчигдөр нийт 5.961 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрчээ. Тэдний нэг нь энэ сарын 19-нд Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүн байна. Бусад 31 нь Баянзүрх дүүрэг дэх халдварын голомтод бүртгэгджээ. Улмаар Баянзүрх дүүрэг дэх халдварын голомтод бүртгэгдсэн нийт тохиолдол 62 болжээ.



Холбоотой сэдвүүд

уок я.содбаатар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.