Л.Дэлгэрмаа
08 сарын 20, 2026
УРДАХ ХООЛНЫ ТАВАГНААСАА УЛАЙССАН ГАРИГАА АВРАХ ШИЙДЛИЙГ ХАРАХ ЦАГ НЬ ИРЖЭЭ!
#ТА COP-17 –Г ЗОРИОРОЙ
Жил бүр л НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь 3 конвенцийн талуудын бага хурлууд дэлхийн улс орнуудад ээлжлэн зохион байгуулагдсаар манай улсад тулаад ирлээ.
Одоогоос 4 жилийн өмнө Монгол улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх талуудын бага хурлыг /COP-17/ зохион байгуулах эрхийг авчээ.
Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 81.9 хувь цөлжилт, газрын доройтолд өртөөд байна гэсэн сүүлийн судалгааны дүгнэлт асар том асуултын тэмдэгтэй байна! Тиймдээ ч манай улс COP-17-г зохион байгуулах орноор сонгогдсон нь аргагүй юм! Гэвч бидэнд өнөөдөр оновчтой зөв цогц шийдэл нь байна уу?

ХЯМРАЛЫН ГОЛ ЗАНГИЛАА: ХҮНСНИЙ ТОГТОЛЦОО
Дэлхийн хүнсний тогтолцоо асар хурдтай өөрчлөгдөж байна. Ургамал суурьт хүнс, ургамлын гаралтай уураг, шинэ үеийн хүнсний технологи, тогтвортой хөдөө аж ахуй зэрэг ойлголтууд хэдийнэ дэлхийн хүнсний бодлогын хэлэлцүүлгийн салшгүй хэсэг болжээ.
Энэ бол зөвхөн хоолны сонголтын тухай асуудал биш.
Бид юу идэж байгаагаараа газар, ус, эрчим хүч, ой мод, биологийн олон янз байдалд ямар хэмжээний дарамт үзүүлж байгаагаа тодорхойлдог.
IPCC-ийн зургаа дахь үнэлгээний тайланд хүнсний тогтолцоо нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хамгийн чухал салбаруудын нэг болохыг онцолсон. Ургамал суурьт хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг тогтвортой хооллолтын шилжилт нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, газар ашиглалтыг багасгах, экосистемийг сэргээх боломжтой гэж дүгнэжээ.
Өөрөөр хэлбэл, уур амьсгалын шийдлийг зөвхөн цахилгаан станц, автомашин, үйлдвэрээс хайх биш, өдөр бүрийн хоолны сонголтоосоо эхлүүлэх шаардлага бий.
Тоон мэдээ сөхвөл, цэнхэр гариг дээр зөвхөн цэвэр веган хүнстэй 200 орчим сая хүн байна гэж үздэг. Энэ тоо ч манай улсад тасралтгүй нэмэгдсээр байна. Ялангуяа хүүхэд залуусын дунд энэ үзэгдэл ихээр ажиглагдаж байгаа нь юуны түрүүнд эрчимжсэн фермийн аж ахуйн амьтдын харгислалыг зогсоох байдаг бол байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдалд хамгийн ноцтой нөлөөлөл учруулж байгаа салбар болж байгаа юм.
Системийн инженер, АНУ-ын эрдэмтэн др. Сайлеш Раогийн судалгаараар дэлхий даяар хүнсний зориулалттай газар ашиглалтын 87 хувийг мал аж ахуйд хэрэглэдэг боловч тавган дээрх калорийн 18%, жингээрээ 12 хувийг эзэлдэг. Эсрэгээрээ хүнсний тариалалт 13%-ийг нь эзэлдэг ч калори жингээрээ 80 хувиас дээшээ эзэлдэг нь хамгийн эдийн засагт алдагдалтай бөгөөд байгаль орчинд ч халтай салбар болоод байгааг онцолж байна.
Дараах судлаачдын илтгэлийн хэсгээс дээрх мэдээллийг ойлгох боломжтой.
Байгаль орчин тогтвортой хөгжлийн санаачлага- ТББ-ын судлаач, биологич, экологич, байгаль хамгааллын шинжээч Жамсранжавын Жаргалын илтгэлээс:
Дэлхий дээр биологийн зүйлийн таван удаагийн масс мөхөл болж байсан. Тухайлбал, хамгийн сүүлчийнх нь 65.5 сая жилийн өмнөх динозавруудын мөхөл байсан ба энэ бол тав дахь масс мөхөл юм. Гэтэл одоо бидний амьдарч буй энэ цаг үед зургаа дахь биологийн зүйлийн масс мөхөл болж байна.
Өмнөх масс мөхлүүд дан байгалийн хүчин зүйлээс үүдэлтэй байсан бол энэ удаагийн зургаа дахь масс мөхөл бол хүн төрөлхтний үйл ажиллагаа, тэр дундаа тогтвортой бус газар ашиглалт ба усны нөөцийн тогтвортой бус ашиглалт, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөөс болж болж байна.

Оксфордын их сургуулийн эрдэмтдийн гаргасан судалгаагаар мах, сүүн бүтээгдэхүүн нь хүний хэрэгцээт илчлэгийн ердөө 18%, уургийн 37% -ийг хангадаг хэр нь дэлхийн нийт хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглаж буй газрын талбайн дийлэнх буюу 83% -ийг ашиглаж, хөдөө аж ахуйн үйлдвэрээс ялгарсан хүлэмжийн хийн ялгарлын 60% -ийг ялгаруулж байгаа болохыг харуулжээ.
Ийнхүү өнөөгийн хүнсний тогтолцоо нь тогтвортой бус байгааг мөн олон баримтаар батлан судалгааны үр дүнгээ Science сэтгүүлд хэвлүүлсэн нь бидэнд арай өөрөөр сэтгэхэд нэлээд түлхэц болсон байна.
Сүүлийн үеийн бас нэг судалгаагаар хуурай газрын хөхтөн амьтдын бодгалиудын 86% нь мал эсвэл хүн байгааг нотолсон байна. Хамгийн бага нөлөө үзүүлдэг гэж бидний итгэдэг бэлчээрийн мал аж ахуйгаас авдаг мах, сүүн бүтээгдэхүүн ч гэсэн байгаль орчинд сөрөг нөлөөлөл өндөртэй байна. Тухайлбал, бэлчээрийн мал аж ахуй нь газрын доройтол цөлжилтийг үүсгэхэд онцгой нөлөө үзүүлдэг. Бэлчээрийн мал аж ахуй нь хүнсний ногоо, үр тарианы тариалалтаас хамаагүй илүү байгаль орчинд сөрөг нөлөө учруулдаг болохыг мөн дээрх судалгаагаар батлан тогтоожээ.
Мөн газрыг бэлчээрийн зориулалтаар ашиглан газрын доройтлыг бий болгож зэрлэг амьтдын амьдрах орчныг хумигдуулж байгаа нь биологийн зүйлүүд устаж байгаагийн гол шалтгаан болж байгаа гэдгийг олон судалгааны дүгнэлтүүд баталж байна.
Энэ дүр зураг ч манай орны хувьд давтагддаг нь Олон улсын байгаль хамгаалах холбооны зүйлийн мөхлийн эрсдлийг үнэлэх Улаан дансны үнэлгээнээс харахад хөхтөн амьтдын амьдрах орчин доройтож, малын хөлд талхлагдаж, амьдрах орчин нь малын бэлчээртэй давхцаж буй байдал нь хөхтөн амьтдын популяцид тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа болохыг баталсан байдаг. Мөн шувуудын үүр, өндөг малын хөлд гишгэгдэх, хүлэрт намгууд болон ус намгархаг газрууд малын хөлд талхлагдаж шувуудын амьдрах орчин доройтож байгааг Монгол орны шувууны улаан дансны үнэлгээ харуулж байна.
Хүн төрөлхтөн ургамалд суурилсан хоолны дэглэмд шилжсэнээр хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглаж буй газар ашиглалтыг 76 хувиар чөлөөлж чадна, өнөөгийн хүнс үйлдвэрлэлээс ялгарч буй хүлэмжийн хийн ялгарлыг 49 хувийг бууруулж чадна, хөрсний хүчиллэгжилтийг 50 хувь, усны органик бохирдлыг 49 хувь бууруулж чадахаас гадна, цэнгэг усыг 70 хувийг үлэмж хэмжээгээр хэмнэж чадах юм байна. Хоол хүнсээ 100 хувь ургамалд суурилсан хоолоор шийдэж чадвал, одоогийн болон ирээдүй хойч үеийнхний эрүүл мэндийг хамгаалж бас чадахаар байна. Амьтны гаралтай уургийг ургамлын гаралтай уургаар орлуулах бүрэн боломжтой байна.
Мөн шийдвэр гаргагчид хүлэмжийн хий бага ялгаруулж буй эх дэлхийд, нийгмийн эрүүл мэндэд тустай ургамалд суурилсан хүнс үйлдвэрлэлийг дэмжих, ургамалд суурилсан хүнсийг дэлгүүр, кафе, ресторануудад хүртээмжтэй байлгах явдал юм. Мөн эдийн засгийн орчныг өөрчлөх шаардлагатай байна. Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр хүлэмжийн хий бага ялгаруулж буй бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд татаас дэмжлэгийг нэвтрүүлэх, өөрчлөх, замаар ургамалд суурилсан хүнсний бүтээгдэхүүний үнийг илүү хямд болгож өөрчлөхийг хэлнэ.
Өнөөдөр мах, сүү, өндөг зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг дэмжиж, нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, газрын доройтлыг үүсгэж байгаа хүнсний үйлдвэрлэлийг асар их татаасаар улсаас дэмжсэн хэвээр байна. Үүнийг зоригтойгоор нэн яаралтай өөрчлөх хэрэгтэй цаг нь болсон!
ХОЙЧ ИРЭЭДҮЙН БАЙГАЛИЙН НӨӨЦИЙГ БИД УРЬДЧИЛАН ХЭРЭГЛЭЖ БАЙНА.
Тойрог эдийн засгийн зөвлөх, эдийн засагч Д. Өлзийбилэгийн илтгэлээс:
Гаригийн хязгаар, үүрлэсэн эдийн засгийн загвар ба ургамал суурьт шилжилт:
Монгол улс харьцангүй цөөн хүн амтай, импорт голлосон бараа бүтээгдэхүүний хэрэглээтэй, газар нутаг том улсуудын тоонд ордог ч нэг хүнд ноогдон экологийн ул мөр, нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгарал, нэг хүнд ноогдох хуванцар хаягдлан хэмжээ гэх мэтчилэн үзүүлэлтүүдээрээ дэлхийд эхний аравт багтаж байна. Энэ нь бид амьдралын хэв маяг, хэрэглээний дадал соёлд эрчимтэй байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй хандлага гарсныг илтгэж байгаа юм.
Дэлхийн чиг хандлага ч мөн ижил хэт хэрэглээний соёлыг сүүлийн 70-д жил хурдацтай хөгжүүлсэнтэй холбоотой, тэр дундаа хүнсэн дэх амьтны гаралтай хооллолтын эрэлт, нийлүүлэлт ихэссэнтэй холбоотой ганц экологийн асуудал биш гаригийг хамарсан том хямралтай нүүр тулж ирээд байгаа юм.
Германы Потсдамын Уур амьсгалын нөлөөллийн судалгааны хүрээлэнгийн (PIK) захирал, профессор Иохан Рокстром (Johan Rockström) хүн төрөлхтөн дэлхийн нөөцийг туйлдах цэгт хүргэсэн гэж үзэж, уламжлалт эдийн засгийг хангахад байгаль орчныг туйлдуулж байдаг загварыг эсрэгээр нь өөрчлөх цаг болсныг онцолдог. Түүний удирдсан багийн “Дэлхийн эрүүл мэндийн тайлан” (Planetary Health Check)-аар 9 үндсэн хил хязгаараас 7-г нь хүн төрөлхтөн аль хэдийнэ давсан байна. Энэ нь дэлхийн амьд системийн 75 гаруй хувь аюулгүй бүсээс гарсан гэсэн үг юм. Гол санаа: “Эдийн засгийн удирдлагыг байгаль орчинд атгуулах” – байгаль зөвхөн өсөлтийг дэмжигч хэрэгсэл биш, харин эдийн засаг, нийгмийн хэрэгцээг гаригийн хязгаарын дотор багтаан хөгжүүлэх ёстой гэжээ.
Тиймээс бид эдийн засгийг байгаль орчны аюулгүйн хязгаарт тохируулан хөгжүүлэх шаардлагатай. Гаригийн 7 хязгаарыг эвдрэхэд шууд болон шууд бусаар нөлөөлсөн дангаараа хамгийн том салбарыг мал аж ахуй гэж үздэг. Дэлхийн хөхтөн амьтдын нийт био массыг авч үзвэл хүн төрөлхтөн 36%, зэрлэг хөхтөн амьтад 4% байдаг бол хүнсэндээ зориулж гаршуулж, үржүүлсэн амьтад 62%-ийг эзэлж байгаа нь өдөр бүр үр тариа, ус, бэлчээр, нөөц хэрэглэдэг урт хугацаанд тэжээсээр нэг удаагийн хүнс болгодогтой холбоотой уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалд хүчтэй нөлөөлж байна.
Эдийн засгийн үүрлэсэн загвар нь эдийн засгийг нийгмийн дотор, нийгмийг байгаль орчны дотор байрлуулсан гурван давхаргат үүрлэсэн бүтэц юм. Энэ нь “эдийн засгийн өсөлт хязгааргүй” гэсэн үзлийг няцааж, байгаль орчны хязгаарлалтыг эдийн засгийн үндсэн нөхцөл болгон авч үздэг. Дэлхий даяар хэт их үйлдвэржилт, хүн амын хэтэрсэн хэрэглээ, зогсолтгүй хөгжлийн дэмждэг ДНБ-ий өсөлтийн хүчин зүйлийн нөлөөгөөр хүн төрөлхтөн байгалийн нөөц тэр дундаа усны нөөцийг хурдтай шавхаж байна. Энэ сэдвээр жилд хэрэглэх нөөцийг “Дэлхийн өрийн өдөр” (Earth Overshoot Day)-өөр тооцоолж харуулсан тооцоолол байдаг бөгөөд 2026 оны байдлаар нэг жилд хэрэглэх нөөцийг 7-р сарын 26-нд хэрэглэж дууссан байна. Үлдсэн хугацаанд “зээлээр” буюу үр хойчийнхоо нөөцөөр амьдарч байна. Монгол улсын хувьд бид байгалийн нөөцийг 3-р сарын 05-ны өдөр хэрэглээд дуусчээ. Энэ тооцооллыг экологийн ул мөрийн үзүүлэлтээр тооцдог буюу газар ашиглалтаар тооцоолж авч үздэг. Монгол улсын хувьд хамгийн их газар ашиглалтад мал аж ахуйн нөлөөлөл их байна.
Албан ёсны тайлангаар Монгол Улсын жилийн усны нийт ашиглалт 606.2–606.7 сая м³ орчимд хүрч, хүн ам болон эдийн засгийн өсөлтөөс шалтгаалан жил бүр нэмэгдэж байна. Нийт хэрэглээний 90 орчим хувь нь экологийн хувьд эмзэг, нөхөн сэргэх хугацаа урттай газрын доорх (гүн) уснаас хангагдаж байна. Мөн ХАА-н усны хэрэглээ нийт усны хэрэглээний 56%-иг эзэлж байгаа бөгөөд үүн дотроо мал аж ахуйн салбар дангаараа 31%-ийг хэрэглэдэг бол уул уурхайн салбар 15%-ийг хэрэглэдэг ажээ.
Мөн газар тариаланд малын тэжээл тарихад тодорхой хэсэг зориулагдаж байгаа нь нийт амьтны гаралтай хоол хүнсэнд байгалийн нөөцийн ашиглалт маш өндөр байгааг үзүүлж байгаа юм. Монгол улсад энэ тооцоолол хийгдээгүй байгаа ч олон улсын усны улс мөрийн байгууллагын судалгааны дүгнэлтээр 1 кг үхрийн махыг үйлдвэрлэхэд 15400 л ус хэрэглэдэг гэжээ. Дангаараа хамгийн их ус хэрэглэж байгаа салбар дэлхийн даяар мөн ижил амьтны аж ахуй гэж үздэг. Энэ нь цөлжилт, бэлчээрийн доройтол, уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой бөгөөд хэрэглэгчийн сонголт (мах, сүүн бүтээгдэхүүн гэх мэт) усны ул мөрт (water footprint) ихээхэн нөлөөлдөг.
Эсрэгээрээ хүнсний тариалалт 13 хувийг нь эзэлдэг ч калори жингээрээ 80 хувиас дээшээ эзэлдэг нь хамгийн эдийн засагт алдагдалтай бөгөөд байгаль орчинд ч халтай салбар болоод байгааг онцолж байна.
2025 оны байдлаар ургамал суурьт альтернатив мах, далайн бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалт 28.9 тэрбум ам.доллар, үүнээс ургамал суурьт махны борлуулалт 6.6 тэрбум ам.доллар болжээ өмнөх жилээс 3-8%-ийн өсөлттэй байгаа юм. Хувийн хөрөнгө оруулалт 450 сая ам.доллар (нийт альтернатив уургийн 881 саяын тал орчим) байсан бол төрийн санхүүжилт 2021 оны 700 саяас 2025 онд 2.5 тэрбум ам.доллар болж өссөн (Хятад, ЕХ голлосон). Европ 2025 онд Хойд Америкаас илүү хөрөнгө оруулалт татсан байна. Энэ чиглэлээр дан хувийн аж ахуй хөгжихөөс гадна улс орнууд, ОУ-ын засгийн газрууд бодлого хөтөлбөртөө тусгаж эхэлсэн байна.
Дани – дэлхийн анхны Үндэсний ургамал суурьт хүнсний үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр 181 сая ам.доллар, Герман 41 сая ам.доллар; Канадын Protein Industries Canada 260 сая канад доллар;
Хятад 14-р таван жилийн төлөвлөгөөнд стратегийн салбар болгон дэмжиж, 2026 онд зах зээл 11 тэрбум ам.долларт хүрэхээр тооцоолж байна. Швейцар, ЕХ, Канад, Герман сургууль, эмнэлгийн хоолонд ургамал суурьт цэсийг нэмэгдүүлж, махны татаасыг бууруулж байна.
Олон улсын бодлого
COP29, COP30-д хүнсний тогтолцооны шилжилтийг уур амьсгалын зорилтод албан ёсоор багтаасан. 120 гаруй улс NDC-дээ мал аж ахуйн хамаарлыг багасгах, ургамал суурьт үйлдвэрлэлийг дэмжих заалт янз бүрийн түвшнээр оруулсан. EAT-Lancet комисс “Эх дэлхийн эрүүл мэндийн хоолны дэглэм” (Planetary Health Diet)-ийг уриалж, мах, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг эрс багасгахыг зөвлөсөн. Дэлхийн банкны тооцоогоор агрохүнсний ялгаруулалтыг 2030 он гэхэд хагасаар бууруулахад жилд 260 тэрбум ам.доллар шаардлагатай бөгөөд ашиг нь 4.3 их наяд ам.долларт хүрч болно гэжээ.
Дүгнэлт: Дэлхий даяар бүрэн ургамлын гаралтай хүнс, материалын үйлдвэрлэлийн системд шилжих нь мөсгүй газрын 40%-ийг болон далайн бүх хэсгийг (гаригын гадаргуугийн 80%) Байгальд буцааж өгөх замаар гаригийн долоон хязгаарын эвдрэлийг багасгах боломжтой гэж системийн инженер АНУ-ын эрдэмтэн Др. Сайлеш Рао үзэж байна.
Эдийн засгийг байгаль орчны хязгаарын дотор байрлуулах “үүрлэсэн загвар”-ыг хэрэгжүүлэх нь зайлшгүй болж буйг сүүлийн жилүүдэд ажиглагдаж буй байгалийн гамшгийн давтамж, эрчимжилт, гаригийн нөөцийн төлөөх олон улсын өрсөлдөөнөөс дүгнэж болохуйц байна. Монголын хувьд газрын доорх усны хэт ашиглалт, цөлжилт нь уургийн хэрэглээний шилжилт хийн малын тоо толгойг тодорхой хэмжээгээр бууруулах хэрэгцээ бий болж байгаа тул ургамал суурьт хүнсний бодлого, хэрэглэгчийн мэдлэг, төрийн зохицуулалтыг нэгдмэлээр авч үзэх шаардлагатай.
Монголчуудын хүнсний бүтэц дэхь амьтны гаралтай хүнс сүүлийн 40 жилд 3.55 дахин нэмэгдсэн нь малыг ихээр үржүүлэх шалтгаан, болж байгаа бөгөөд улиралдаа тохируулсан хүнс хэрэглэх уламжлал алдагдсан байгааг онцлох хэрэгтэй. Харин сүүлийн үед альтернатив уургийн зах зээл хөгжиж байгаатай холбогдуулан ургамал суурьт зах зээл олон төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтээр дэлхий даяар хөгжиж байна.
2026 оны байдлаар Монгол улсад нийт 29 веган хоолны газар ажилладагийн Улаанбаатар хотод 19 нь байгаа ажээ. Сүүлийн үед байгаль орчны шалтгаанаар дэлхий даяар олон ургамал суурьт хоолтнууд бий болж байгаа цэвэр веган хүнстэй 200 орчим сая хүн байна гэж үздэг. Веган хүнстэй байх өөр томоохон хүчин зүйл нь эрүүл мэндээ сайжруулах, мөн амьтны эрхийг хамгаалах зэрэг бусад шалтгаанууд нөлөөлдөг байна.
МАНАЙ УЛС НҮБ-ЫН СУУРЬ ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ КОНВЕНЦООР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ БОЛОМЖ БАЙГААГ БАТЛАН ХАРУУЛАХ САЙН БОЛОМЖ, ЧУХАЛ МӨЧ!
Өнгөрсөн жилийн хувьд Бразилд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг COP-30 хуралд веган хоолоор 50-аас дээш хувьтай үйлчилсэн албан ёсны мэдээлэл байх жишээтэй. Мөн сүүлийн жилүүдэд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн болон НҮБ-ын суурь конвенцийн хурлууд маш өндөр ургамал суурьт шийдэлтэй зохион байгуулагдах болсныг дурдах хэрэгтэй!
Харин энэ удаагийн манай оронд болж буй COP-17 хурлаар Монголын веган (ургамал суурьт) хоол хүнс үйлдвэрлэгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгааг дуулгахад таатай байна!

НҮБ ЦЭНХЭР БҮС-@FOODY MONGOLIA- Монголын веган хоол хүнс үйлдвэрлэгч үндэсний компани ажиллаж байна
НИЙТИЙН НОГООН БҮС- Монголын веган хоол хүнс хоол үйлдвэрлэгч компани зоогийн газрууд хамтарч олон нийтэд веган хоолны амталгаа хүргэхээр болжээ.
УРДАХ ХООЛНЫ ТАВАГНААСАА УЛАЙССАН ГАРИГАА АВРАХ ШИЙДЛИЙГ ХАРАХ ЦАГ НЬ ИРЖЭЭ!
#ТА COP-17 –Г ЗОРИОРОЙ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.