Алчуур зүүн, даашинз өмсч мөрөн дээгүүрээ ер бусын харцаар ширтэх “Сувдан ээмэгтэй бүсгүй”. Бүтээлийн эзэн 17 дугаар зууны буюу Голландын алтан үеийн зураач Ян Вермер юм. Даржин амьдралыг туулсан тэрбээр энэхүү зургаа Умардын Мона Лиза, эрин зууныхаа суут бүтээл гэгдэн алдаршина гэж зүүдлээ ч үгүй байх. Амьд сэрүүндээ алдар нэр олоогүй түүний бүтээлүүд насан өөд болсноос нь хойш 200 жилийн дараа л дэлхий нийттэй танилцсан юм. Эргэн санаж нэхэн алдаршуулсан хүн нь Францын урлаг судлаач Теофиль Торе. 

Ян Вермер 11 хүүхэдтэй байсан бөгөөд амьдрахын тулд уран бүтээлээсээ өөр ажил ч хийж байсан гэдэг.  Гэхдээ урлагийн замаасаа хазайсан удаагүй. 1672 онд Франц Голландтай дайтсанаас эдийн засаг хямарч доройтсон нь урлагийн зах зээлд доройтсон нь тэр үеийн зураачдын аж амьдралд ихээхэн нөлөөлсөн. 

Үүнээс гуравхан жилийн дараа буюу 1675 онд суут зураач өрөнд баригдсан хүндхэн нөхцөлд насан өөд болж байжээ. Ян Вермер дөнгөж 43 насласан юм.

Тэрбээр гэрлийг гайхалтай ашигладаг зураач гэгддэг. Тиймээс түүний алдарт бүтээлийн дүрслэлүүд сонирхол татахгүй байхын аргагүй.

Хэрэв та анзаарч харсан бол бүсгүй хөмсөггүйгээр дүрслэгдсэн байдаг нь тэр үеийн гоо сайхны хэмжүүр юм. Учир нь тухайн үеийн бүсгүйчүүд хөмсөгөө хусдаг, духны хэсгийн үсээ авдаг байсантай нь холбон тайлбарладаг.  Тухайн цаг үед бүсгүйчүүд толгойдоо алчуур зүүдэггүй байсан гэдэг. Жирийн нэгэн эмэгтэйчүүд ч ийм хэмжээтэй сувдан ээмэг зүүх боломж байсангүй. Тиймээс энэхүү зургийг тодотгодог ээмгийг зураачийн сэтгэлгээ, дүрслэл эсвэл өнгөлсөн чулуу гэж үзэх нь бий. Нэгэн астро физикч энэхүү ээмгийг сувд биш харин өнгөлсөн хар тугалга гэж үздэг. Үүнийг ээмэгний хэмжээ хэлбэр, түүнд туссан гэрэл тусгалаас тэр ийн үзжээ.  

Олон таамаг дэвшүүлдэгийн нэг нь тэр үед энгийн эмэгтэйчүүдийн гоёдог байсан Венецээс гаралтай хямд шилэн сувд гэж дүгнэлт юм.

Энэхүү зураг нь 44.5 см өндөртэй 39 см өргөнтэй зотон даавуун дээрх тосон будган бүтээл юм. Чухам хэдэн онд зурагдсан нь тодорхой бус байсан ч шинжээчид 1665 онд гэж тодорхойлдог.  Уг  бүтээлийн буланд зураач Вермер гэж бичсэн байдаг аж. Энэхүү зурагтэй төстэй бас нэгэн бүтээлийн зураачийн урын санд бий. Уг зургийн нэр нь “Залуу бүсгүйн хөрөг”. Мөн л мөрөн дээгүүрээ харсан эмэгтэйн дүрслэл буусан байдаг.

1994 онд уг зургийг засварлах үеэр сувдны дахин давтагдашгүй байдлыг үгүй хийсэн гэх нь бий ч зарим судлаачид “Сувдан ээмэгтэй бүсгүй”-н судалгаа шинэ дэвшил авчирсан хэмээдэг. Уг зургийг судлахаас өмнө ямар ч бүтээлийг судлах, сэргээн засахдаа үзвэрээс нь буулгадаг байжээ. Харин тэдэнд ийм эрх байсангүй. 1902 оноос хойш Голландын Гаги хотын  Мауритус гэх урлагийн музейд хадгалагдсаар байгаа эл бүтээлийн үзэх гэж жилд 400 мянган хүн зорин ирдэг нь өөр сонголт хийхээс аргагүй байдалд хүргэв. Ингээд анх удаа уг бүтээлийг сэргээн засварлахдаа урдуур нь шилэн хана татан үзэгчдийн өмнө бүтээлийг засч судлан шинжилсэн авав. Сониуч үзэгчдэд шимтэж үзэх бас нэг шалтгаан бололгүй яахав. Мөн өмнөх бүтээлүүд шиг зургийн будгийн хэсгээс холцолж авсангүй, хэт ягаан туяа рентгэний тусламжтайгаар уран бүтээлд халдахгүйгээр судлажээ. Судалгааны явцад арын суурь өнгийг зураач хар биш хар ногоон өнгөөр зурах гэж оролдсон нь тогтоогдсон юм.  Уг судалгаа бүтээлийг урлаг сонирхогчдод улам ч ихээр танилцуулж өгсөн.

Үргэлж асуулт болж ирсэн нь уг хөрөг зургийн гол дүр  тайлагдашгүй, эмэгтэй хүний нууцлаг ертөнцийг тодотгосон бүсгүй билээ. Зарим урлаг судлаачид жирийн нэгэн зарц бүсгүй гэдэг бол, нөгөө хэсэг нь Ян Вермер зураачийн хайртай бүсгүй гэх нь ч бий. Маш олон төрлийн таамаг дэвшүүлсэн байдаг ч зураачийн амьдрал нь ч бүдэгхэн үлдсэн шигээ бүсгүйн нууц ч таалагдашгүй хэвээрээ. 

Энэхүү зургаар сэдэвлэн Трейси Шевалье хэмээх эмэгтэй зохиолч ном бичсэн удаатай.  Тэрбээр Вермерийн сувдан ээмэгтэй бүсгүй зургаа хэрхэн зурсан тухай түүхийг өгүүлэхдээ  эхнэрээсээ нууцаар түүний сувдан ээмгийг зарц бүсгүйдээ зүүлгэн хөрөг зургийг нь зурсан тухай өгүүлдэг билээ. Уг зохиолоос санаа аван кино хийсэн байдаг бөгөөд гол дүрд нь холливудын жүжигчин Скарлет Иохансан тогложээ.  

Уг бүтээлийг 1881 онд армийн офицер, уран зураг цуглуулагч Арнолдус Андрейс Томбе  27$ р авч байсан гэдэг. Түүнийг нас барсны дараа Мауритус музей худалдан авсан нь түүхтэй. Одоогоор судлаачид түүний гэх 35 зургийг би гэж үздэг.