Ардын зураач, Төрийн соёрхолт Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит "АНИМА" Дүрслэх урлаг, дизайны сургуулийн багш, урлаг судлаач М.Амина  уран зургийг хэрхэн зөв ойлгож мэдрэх тухай энгийн ойлголт өгөх лекц уншлаа. Лекцийн хамгийн гол санааг уншигч танд сорлон хүргэж байна.


Эхлээд мэдрэмж…

Надад ямар ч урлагийн мэдрэмж байдаггүй. Ингэж хэлдэг хүмүүс бий. Гэхдээ мэдрэмжгүй хүн гэж үгүй. Дурлаж хайрладаг, баярладаг, үзэн яддаг араншин заяамал шиг урлагийг ойлгох мэдрэмж хүн бүхэнд бий. Учир нь энэ бол хүнийг амьтнаас ялгах гол зүйл билээ. Харин тэр мэдрэмжээ сэрээх л чухал. 

Яг энэ талаар францын зураач Жюль Александр Грьюн “Зөвхөн сонгогдсон хүмүүс л урлагийг бүтээж чаддаг. Харин ямар ч хүн урлагийг хайрлаж ойлгож чадна” гэж хэлсэн байдаг.Тиймээс та урлагт дуртай л бол мэдрэмжиндээ хөтлөгдөж уран зургийн үзэсгэлэн дахин дахин зорьж үзээрэй. Уран зургийг үзэж ойлгоно гэдэг өөрөө уран бүтээлчийн шаналал, баяр хөөр, дотоод шаталтыг мэдрэх шат гүүр юм. Энэ шат гүүр таныг цаг хугацаагаар аялуулж эрин зууны алдар суутт уран бүтээлчийн ертөнцөд хүргэн, онцгой үйл явдлуудын түүхэн үнэн агшинтай уулзуулах болно. Яагаад гэвэл тоо хүрэх зузаан номтой дүйцэхүйц мэдээлэл ганцхан зурагт л бууж чаддаг. Үүнийг ойлгохын тулд уран зургийг үзэхдээ хүнтэй харилцаж байгаа юм шиг түүний дотоодыг ойлгохыг хичээх нь чухал. 


Түр хүлээ… мэдрэмж+мэдлэг


Уран зургийг үзэхэд дан ганц мэдрэмж хангалтгүй. Мона Лиза, Сувдан ээмэгтэй бүсгүй, Одтой шөнө, Хашгираан… Дэлхийд танигдсан уран бүтээлчид эдгээр бүтээлээрээ юу хэлэхийг хүссэн юм бол, тэд ямар цаг үед амьдарч байсан юм бол, гоо сайхны идеал нь юу байсан юм бол. Юу хүсч, ямар амьдрал хувь заяаг туулж уран бүтээлээ туурьвиж байв?

Энэ асуултуудыг таныг тухайн уран бүтээлчийг, түүний үзэл санааг ойлгож судлахаас аргагүйд хүргэдэг.

Ван Гог гэхэд зургийн худалдаачин, багш дараа шашны номлогч дараа нь судалбар зураг зуржээ. Тэрбээр хамгийн алдартай бүтээлүүдээ амьдралынхаа сүүлийн жилүүдэд туурьсан байдаг. Ван Гог Поль Гогентой андын харилцаагаа тасалснаас болж зүүн чихээ огтолсон, цагт ямагт дотно харилцаатай дүү нь гээд түүний сэтгэл зүйн байдал уран бүтээлд нь тусгалаа олсон байдаг. Насаараа ганц бие явсан Норвегийн зураач Эдвард Мүнкийн хамгийн алдартай бүтээл бол “Хашгираан”.  

Энэ бүтээл бол зураач зүгээр л толгойдоо орсоноо буулгачихсан зүйл огтхон ч биш гэдэг нь лавтай. Түүний амьдрал, хувь заяаны хүнд цохилтынх нь тусгалыг энэ бүтээл гэж урлаг судлаачид үздэг аж. Учир нь түүнийг дөнгөж таван настай байхад нь ээж нь өөд болжээ. Мөн эгч нь нас барж бас эмэгтэй дүү нь сэтгэц мэдрэлийн өвчин тусч эдгэрлийг үл олов.  Ингэж гэр бүлийнхээ гурван эмэгтэйг эмгэнэлт үйл явдлаар алдсан Эдвард Мүнк эмэгтэй хүнтэй дотносохоос айдаг болжээ. Үүнээс болж үзэсгэлэнт дурлалт бүсгүй Тулатайгаа ч учраа олж чадаагүй гэдэг. Шалтгаан нь тэр хайрлаж дурлахаас айдаг, хувь тавилан хайртай бүхнийг нь эргүүлээд авчихна гэсэн гунигт дурсамжиндаа хөтлөгдсөн учраас. Хожим энэхүү зургаа зурсан тухайгаа дурсан бичихдээ “Тэр үдэш тэнгэрийн хаяа гэнэт л цусан улаан өнгөтэй болж, зэрэгцэж явсан нөхдийнх нь царай шаргалтаад явчихсан. Тэгэхэд жаргаж байгаа нар байгалийн өмнөөс хашгирах шиг санагдаж билээ, тэр дуу миний чихэнд эцэс төгсгөлгүй мэт цуурайтаж байлаа” гэж Мүнк бичсэн байна. 

Ийм учраас л уран зургийг бүрэн ойлгоё гэвэл эхлээд тухайн уран бүтээлчийн намтар түүхийг заавал олж уншаарай. Бас детал болгоныг л анхаарч ажиглаарай. Учир нь зураач тэр бүхэндээ санаа агуулж шингээсэн байдаг. Бас нэг дор олон бүтээл үзэхээс илүү нэг уран бүтээл дээр удаан төвлөрч үзэх нь илүү үр дүнтэй. Луврын музейд очдог хүмүүс хоёр янз байдаг. Судалгаагаар ихэнх хүмүүс энэ зургийн урд 15 секунд саатдаг гэжээ. Энэ нь селфи хийгээд өнгөрдөг гэсэн үг. Харин зарим хүмүүс зөвхөн энэ зургийг үзэхийн тулд бүтэн өдрийг зарцуулдаг. 


Жинхэнэ уран бүтээлийг хэрхэн ялгах вэ?

Харахад яг л амьд мэт гайхалтай сайхан зурчихсан зураг. Гэхдээ суут бүтээл биш. Яагаад гэвэл  мундаг чадвартай байлаа ч хүн бүхэн зураач болж чаддаггүй. Тэгвэл жинхэнэ уран зураг, уран бүтээлийг жирийн бүтээлээс хэрхэн ялгах вэ? Яг энэ талаар “Урлагийг зөвхөн бодит байдлын тусгал байх ёстой хэмээх нь чамлалтай. Тийм байг гэвэл фото зураг л  хангалттай шүү дээ" гэж Максим Танк хэлсэн байдаг. 

Зураач Ф.Толстой гэхэд амь зуулгаа хийхийн тулд энэхүү ил захидлын зургийг зурсан байдаг. Усан дуслууд унаад эгээтэй л унах гэж байгаа мэт дүрсэлжээ. Гэхдээ түүнийг энэ зургаар нь түүх эргэн санахгүй. Харин жинхэнэ урлагийн бүтээл хүний сэтгэл зүрхний хамгийн нарийн утсыг хөндөж, сэтгэл зүрхийг ухаж, амьдралын тухай бодож эргэцүүлэхэд хүргэдэг билээ. Тийм учраас л өөр өөрсдийн агуулга үзэл санаатай уран бүтээлүүдээр суут уран бүтээлчид уран зургийг түүхэнд нэрээ мөнхөлж чадсан байдаг