28 жил керамикийн урлагтай нөхөрлөж яваа түүнийг Х.Хадхүү гэдэг. Түүнийг Дүрслэх урлагийн сургуулиа төгсөхөд шаазан ваарны үйлдвэр дампуурчихсан байж. Энэ бол нийгэм солигдож байсан цаг. Тухайн үед уран бүтээлч гэлтгүй бүгд л ганзагын наймаанд гарцгаасан ч тэр замаасаа хазайсангүй. 30-аад жил өндөр гэгээний ур хийцийг сонирхон судалж, тэрхүү дэгээр уран бүтээлээ хийж буй Х.Хадхүү өнгөрсөн жил Занабазарын хийцээр шаазангаар хэрхэн урлаж болохыг монголчууддаа харуулсан юм. 

-Шаазан урлах хэр хүнд ажил вэ?

-Яг үнэндээ шаазан урлал маш хэцүү ажил. Шавраа сонгож судлахаас эхлээд бэрх. Хаанаас ямар шавар олборлох вэ, яаж боловсруулах вэ, өөр ямар шавартай хольвол хагарал эвдрэлгүй гарах вэ гээд бүгд тусдаа нарийн технологуудтай. Дараа нь өнгө будгийг нь тохируулна. Паалангаас өнгө гаргана гэдэг төвөгтэй ажил. Заримдаа өөрийгөө эрдэм шинжилгээний ажил хийгээд байна уу даа гэж боддог шүү. /инээв/  Би урлагийн бүтээл хийж байгаа болохоос хэдэн мянгаар нь хэвлэн олшруулдаг үйлдвэрлэл явуулаагүй. Тийм учраас маш тэвчээртэй бөгөөд чин сэтгэлээсээ дуртай хүн л энэ чиглэлээр уран бүтээл хийдэг.


-Ингэхэд монголчууд шаазан ваартай хэзээ танилцсан юм бол?

-Анх 1972 онд манай улс анх удаа шаазангийн үйлдвэртэй болж байлаа. Түүнээс өмнө мэргэжилтэнгүүдээ 15 жил бэлдсэн. 700 гаруй хүн ажиллуулдаг нүсэр үйлдвэр л дээ. Түүхий эдийг нь олборлодог тусдаа уурхайтай, голдуу Өмнөговь аймгаас  бас Оросоос ч авдаг байсан юм билээ. Харамсалтай нь хувьчлалын шуурганд хамгийн түрүүнд өртсөн. Тийм сайхан үйлдвэрийг устчихсанд харамсахгүй байхын  аргагүй. Бүтээх шиг хэцүү, нураах шиг амархан ажил байдаггүй хойно.  Энэ үйлдвэрийн ачаар мөнгөн, модон аяга хэрэглэдэг байсан монголчуудад өдөр тутамдаа шаазан хэрэглэх соёл түгсэн. 


-Монголчуудад шавраараа бүтээл хийж байсан уламжлал бий юу?

-1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед 1000 гаруй сүм хийдтэй байсан гэдэг. Холгүйхэн яваад л үзэмжит сайхан сүм хийдтэй үлгэрийн юм шиг орон байжээ гэж тэр үеийг би төсөөлдөг. Гэхдээ тэр сүм хийдийн дээвэр тоосгыг монголчууд өөрсдөө л хийж байсан. Хаа хол хятадаас шавар, вааран дээврийг зөөх боломжгүй, тэгэхээр тэр үед яалт ч үгүй тухайн газрынхаа хөрс шороогоор л босгож сүндэрлүүлсэн байх учиртай. Түүнийг хариуцаж хийдэг мастерууд аймаг болгонд байсан нь эндээс харагддаг. 

Өвөг дээдэс маань яг үүнийг ингэж хийсэн гээд бичгээр үлдээгээгүй ч хийсэн зүйл нь өнөөдөр бидэнд хадгалагдаж үлдэж.

Амарбаясгалант хийдийн вааран дээврийн паалан гэхэд холоос ямар гоё солонгорч харагдаг билээ. Дамбадаржаагийн хийд, Эрдэнэзуугийн хийд, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм гээд бүгд гайхамшигтай хийцүүдтэй.  Үүнээс харахад монгол газар шавар эдлэл маш сайн хөгжиж байсан нь харагддаг.

-Та дахин шаазангийн үйлдвэрлэл сэргэнэ гэж боддог уу?

-Монголд маш олон тооны шаазан эдлэл орж ирж байна. Сайн нь ч муу нь ч байгаа харагддаг. Хямд үнэтэй шаазангууд эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Шуудхан хэлэхэд хямдхан аяга таваг аваад хэрэггүй гэж зөвлөнө. Учир нь хямдхан аяганы пааланг цагаан болон хар тугалгаар орлуулаад хийчихдэг. Мэдээж хэт үнэтэйг нь авахад бэрх. Энэ хоёр үнийг харсан шаазангийн үйлдвэрийн зах зээлийг үндэсний хөрөнгө оруулагчид олж хараасай гэж боддог.  Олж харах ч байх. Үүний жишээ бий. 90-ээд онд оросууд олон зуун жилийн түүхтэй шаазангийн үйлдвэрээ дампууруулсан юм. Хятадын шаазан хамаг зах зээлийг нь ид эзэлчихсэн үе л дээ. Үүнийг  элдвээр хэлүүлдэг баячууд нь олж харж дахин сэргээж барууны хамгийн өндөр технологийг нэвтрүүлж босгож чадсан. Үүний ачаар орос шаазан эргээд дэлхийд алдартай боллоо. 


-Таны уран бүтээлийг өндөр гэгээн Занабазараас салгаж ойлгох аргагүй. Өндөр гэгээний хийцүүд юугаараа сонирхлыг чинь татдаг вэ?

-Өндөр гэгээн бол бурхан дүрслэлийн арга ухаанаар дамжуулаад монголын сонгодог урлагийг бий болгож чадсан сод хүн. Энэ их хүн харахад шүтээн боловч монгол хүний ертөнцийг үзэх үзэл, гоо сайхны хэмжүүрийг шингээсэн монгол бурхныг бүтээчихсэн. Монголоос өөр Түвд, Балба, Хятадын бурхан шүтээн хэтрүүлэг ихтэй. Зарим бурхад нь данхар толгойтой эсвэл хүзүүгүй, гарын алга нь жижиг байснаа суга булчин нь хэт том байх гэхчилэн хүний биеийн анатомийн харьцаа хэмжээсээс шал өөр. Үүнийг өндөр гэгээн олж харан энэрэнгүй энгүүн, бодит амидлаг шинж байдлыг шингээн монголжуу зөөлөн дүр байдлыг бурханы төгс хэлбэрт оруулж өгсөн. Энэ бол түүний дэлхийн урлагийн түүхэнд оруулсан том хувь нэмэр. Өндөр гэгээний бүтээлийг энэ олон жил судласан маань Монголын сонгодог урлагийг л ойлгож эзэмших байсан. Тухайн үед Репины академи, суриковын академид суралцах боломж байсан ч сонирхоогүй.


-Яагаад, зураач болгоны хүсэн тэмүүлдэг академүүд шүү дээ?

-Монголчууд өөрийн гэсэн үндэсний урлагаа бий болгочихсон ард түмэн шүү дээ. Ваар урлалын Сэрээтэр багш маань ч “Цаг үе өөр болж байна, үндэсний үзэл сэргэх нь. Чи тийшээ явбал тэндэхийн дүрслэх урлагийн бүтээлийг хуулаад л сууна, орос сургуультай л барималч болно. Хэрэв монгол маягаараа уран  бүтээлээ хиймээр байвал үндэсний урлагаасаа суралц” гэдэг байсан. Үнэхээр л өнөөдөр дэлхийд дахинд монголын урлагийг төлөөлж байгаа ганц хүн өндөр гэгээн Занабазар л байна. Түүнээс хойш нэр нь гарсан хүн алга. Саяхан гэхэд өндөр гэгээний өөрийнх нь дүр бүхий баримал 15 сая доллараар зарагдлаа.  Жил ирэх тусам л түүний бүтээлүүд дэлхийн урлагт үнэ цэн нь өсч байна.

Ер нь монгол хүн болж төрсөн юм чинь тэр гайхамшигтай бүтээлүүдийг заавал судлах хэрэгтэй гэж боддог. Ялангуяа тэр дэлхийн хэмжээнд хүрсэн бүтээлүүдийг хуулбарлах битгий хэл арга барилаар нь янз бүрийн бүтээл хийх ёстой гэж боддог.Тэгэж гэмээн дэлхийд сонгодог урлагийг ойлгоход илүү хялбар болно.  Би анхаасаа өндөр гэгээний хийцээр хийж байсан ч одоо болтол суралцаад явж байна.  Сурах юм маш их гэдгийг энэ олон жил бүтээл хийх тусмаа мэдэрдэг. 


-Өндөр гэгээний хийцийг металаар нь хийж үзсэн үү?

-Анхнаасаа өндөр гэгээний бүтээлийг металаар нь хийх ёстой гэж ойлгож байсан. Тийм учраас металаар хийж алтадаж ч үзлээ. Тал бүрээр л бие дааж сонирхож хийсэн дээ. Гэтэл дэлхийд танигдсан метал хийцийг дахин хийгээд хэрэг байна уу. Ингээд л шаазангийн урлагаар хийе гэж зорьсон. Одоохондоо энэ алдартай хийцүүд шаазангаар олдоогүй байгаа шүү дээ. Гэхдээ шаазангаар хийсэн бурхад байх л ёстой гэж боддог. Одоохондоо олдоогүй тул өндөр гэгээний хийцийг анх удаа шаазангаар урлагч гэдгээрээ бахархдаг.


-Танд өөрт чинь ямар ерөөлөөр энэ их хүний бүтээлийг хийдэг болсон юм бол гэж бодох үе бий юу?

-Өнгөрсөн оны 11 дүгээр сард Өндөр гэгээний гайхамшигтай метал цутгуурын  бүтээлүүдтэй хослуулаад өөрийн шаазангийн бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан. Нарийвчилж ярьвал Өндөр гэгээнтэй хамтарч үзэсгэлэн гаргасан гэсэн үг. Залуу уран бүтээлчдийн хувьд алдартай уран бүтээлчтэй хамтран үзэсгэлэн гаргах нь нэр төрийн хэрэг байдаг. Миний хувьд тэр суут хүмүүний сор болсон бүтээлүүдтэй хамтарч үзэсгэлэн гаргасандаа бахархаж явдаг. Залуудаа энэ талаар нэлээн боддог байсан. Одоо бол миний хувь тавилан л байж гэж боддог юм.


-Таныг төгсөнгүүт шаазангийн үйлдвэр дампуурчихна гэж төсөөлөө ч үгүй байх?

-Суралцаж байсан оюутнуудад цохилт болсон. Гэхдээ үүнийгээ хаяхгүй улам төгс сайхан болгоё гээд судалгаа хийдэг байлаа. Тухайн үед ихэнх салбарынхан ажлаа хаяж ганзагын наймаанд гарсан үе. Би ганзаганд яваагүй, бараг жилийн 4 улирлын турш бэлэг дурсгалын зүйлс хийж байгаад хавар нь зардаг байлаа. Зарим хүн надаас “Чи юу хийгээд байгаа юм бэ” гэж гайхаж асуудаг сан. Тэдний дотор мундаг яваа хүмүүс зөндөө бий. Үнэндээ хүн болгон бизнесмэн байж чадахгүй. 


-Урлаг үнэгүйдсэн үе л дээ…?

-Ээжийн найзууд утсаар ярихаар “Манай хүү баримлаа хийж байгаа, ажилгүй ээ” гэдэг сэн. /инээв/ Нөгөө хэд нь ээжийг загнаад хүүхдээрээ ажил хийлгээ гээд л. Хуучин цагт ном уншаад хэвтэж байвал ажилгүй хүн л гэж ойлгодог сон. Гэтэл одоо оюуны ажил үнэд орж байна. Ер нь хүн дуртай зүйлээ хийгээд сайхан амьдрахад болно доо. Хэцүү зүйл амьдралд байлгүй дээ, тэр бүх давааг дуртай зүйлээ хийж байгаад л давна.


-Бурхан бүтээхийн тулд сэтгэлээ яаж бэлддэг вэ?

-Бурхан шүтээн урлаж байгаа тул элдэв муу бодолгүйгээр тархи цэвэрлэнэ. Хүн ажлаа ямар арга барилаар сайн хийдгээ мэддэг шиг. 


-Та аль нутгийн шавраар бүтээлээ хийдэг вэ?

-Би очсон газраа шавар шороо харж сонирхож явдаг. Хятад, герман, англи гээд олон ч орны шавар авчирж монгол шавартайгаа ч хийж үзлээ. Шавар ч адармаатай ааштай эд дээ. Холоос авчирахаар замдаа хатчихдаг. Сүүлд Өмнөговийн Таван толгойн орд газрын өнгөн хөрсний шороогоор боловсруулалт хийж гаргасан шавраараа үзэсгэлэн гаргаад ирлээ. Нутгийн зон олон өөрийнх нь хөрс шороогоор бүтсэн гэдгийг хараад маш их баярлаж хүндэтгэлтэйгээр хүлээж авсан шүү.


-Монгол шавар хэр уян, дуулгавартай материал вэ?

-Олон жилийн өмнө Таван толгойн нүүрсний орд газрын өнгөн хөрсийг судалсан байдаг. Судалгаагаар тоосго гарах боломжтой гэж гарсан юм билээ. Гэтэл ганц тоосго биш плита, бэлэг дурсгалын зүйлс, хөргөгчний  соронзон наалт бүр урлагийн бүтээл ч хийж болно гэдгийг туршиж үзлээ. Үүнийг ашиглаад байгаль орчинд ээлтэй материал ашигласан барилгын материалын үйлдвэрлэл ч хийж болохоор байна. Дээр хэлсэнчлэн бизнесмэнүүд нэг өдөр босгоно, үүнийг олж харна гэдэгт итгэдэг.


-Шаазан хэр хэврэг вэ?

-Мэдээж унавал хагарна. Хүмүүс надаас хагардаггүй шаазан сураглаж асуудаг юм. Хятадын алдартай шаазангууд ч гэсэн хагарна.  Гол нь эдэлж хэрэглэж байгаа хүнээсээ шалтгаална. 


-Нэг бүтээл хэр хугацааны дараа гараас гардаг вэ?

-Өргөн хэрэглээний ваар сав, аяга шаазан бол дэлхий нийтээрээ хийдэг зүйл болохоор онц сонин биш. Урлаг талаасаа хийж байгаа учраас ажиллагаа их.  Миний хийсэн 21 дарь эх цуврал л гэхэд заримынх нь нүүрний хувирал, хөдөлгөөн нь өөр болохоос хэлбэр хэмжээний хувьд ижил. Яг ижилхэн 21 дарь эхийг гараар урлаж байгаад л үнэ цэнэ нь оршиж байгаа хэрэг. Түүнээс үйлдвэрийн аргаар гаргаад байвал 21 байтугайг л хийнэ. Том хэмжээний бүтээлд 45 хонооос 3 сарыг зарцуулдаг, жижгэвтэр нь 21-30 хоног шаарддаг. Хамгийн том бүтээл маань 42 см өндөртэй. Цаашдаа бүр том хэмжээгээр хийх бололцоо бий. Гэхдээ хугацаа хэрэгтэй. Хятадууд гэхэд хэдэн үеэрээ дамжиж хийж байж урлаг болтол нь хийж сурч байна. 


-Танд шаазан урлал заалгая гэсэн хүмүүс хэр ханддаг вэ?

-Монголд шаазан хийдэг хүн байдаггүй болохоор уг нь сонирхоно. Суралцая гэсэн хүмүүс байдаг л юм. Суралцаад ирэхээрээ ийм хэцүү ажил юм уу гээд орхиод явчихдаг. Тийм болохоор би урлагийн талын мэдлэг ур чадвартай байх шалгуур тавидаг. Ер нь дуртай сэтгэлтэй л биш хийхэд бэрх.


-Уран бүтээлч хүнээс онгодын талаар асуухгүй өнгөрч болохгүй байх аа?

-Миний бодлоор онгод гэж хүн дуртай зүйлээ хийхээр хөглөгддөг зүйл юм.Зарим бүтээлээ эргээд харахаар яаж хийсэн юм бол, яаж чадав аа гэж бодох ч үе бий. Онгод бүх зүйлд, хүн бүхэнд бий. Чингис хаан дэлхийг эзэлсэн агуу хүн. Гэхдээ бидэнд салбар салбартаа агуу байх боломж байна. Дэлхийг байлдан дагуулдаггүй юм аа гэхэд урдаа тавьсан ажлаа, зорилгоо төгс сайхан хийчихэд л болно. Амар хялбар гэж зүйл байхгүй, гол нь бүтээлч байх ёстой. Юмыг дутуу хийхээр аяндаа бишдээд явчихдаг, сэтгэлд сэвтэй. 


-Гадны зах зээл рүү гарах сонирхол бий юу?

-Хэдэн жилийн өмнө Хятадаас энэ чиглэлээр ажиллах санал ирж байсан ч татгалзсан. Сүүлийн 5-6 жил уран бүтээлээ хийж, энэ урлалыг олон улсын хэмжээнд таниулж, хөгжүүлэх хүсэл өвөрлөөд явж байна. Харин намраас Хятадад болох үзэсгэлэнд оролцох гэж байна. Харин яг ямар бүтээлээ сойхоо сонгоогүй явна.