Өсвөр насныханд чиглэсэн “Mind & Motion 2026” тэтгэлэгт хөтөлбөр эхэллээ

Peak.mn
02 сарын 01, 2026

Өсвөр насны охид, хөвгүүдийн бие бялдар, сэтгэлзүйн эрүүл мэнд, өөртөө итгэх итгэлийг дэмжих зорилготой “Mind & Motion 2026” тэтгэлэгт хөтөлбөр албан ёсоор эхэллээ. 

Уг хөтөлбөрийг Гончигсумлаа сангаас Core Pilates Mongolia, Seed of Life Academy байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөр нь өсвөр үеийнхний ур чадварыг нээж, өөрийгөө илэрхийлэх, зорилгоо тодорхойлоход нь дэмжлэг үзүүлэхэд чиглэжээ. Хөтөлбөрийн хүрээнд биеийн дасгал хөдөлгөөн, сэтгэлзүйн дэмжлэгийг уялдуулсан цогц сургалт, дадлага ажил зохион байгуулах юм.

Хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгч Core Pilates Mongolia нь Монголын анхны пилатес дасгалын мэргэжлийн студи бол Seed of Life Academy нь бага, дунд, өсвөр насныханд чиглэсэн оюун ухаан, сэтгэл зүй, бие бялдрын тэнцвэртэй хөгжил, мэдлэгийг олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг академи юм.

“Mind & Motion 2026” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар оролцогчид биеэ даах чадвар, дасгал хөдөлгөөнийг зөв дадал болгох, цагийн менежментэд суралцах, сэтгэлзүй ба дасгал хөдөлгөөний харилцан хамаарлыг ойлгох зэрэг ур чадварыг эзэмшихээр төлөвлөсөн байна. Эдгээр нь цаашид хувь хүний зан төлөв, өөртөө итгэх итгэлд эерэг нөлөө үзүүлэх суурь дадал болохыг зохион байгуулагчид онцолжээ.

Бүртгэл 2026 оны хоёрдугаар сарын 1-нээс 28-ны хооронд явагдах бөгөөд сонирхсон иргэд Гончигсумлаа сангийн албан ёсны Инстаграм хуудасны био хэсэгт байршуулсан холбоосоор дамжуулан бүртгүүлэх боломжтой байна.

Тус хөтөлбөр нь өсвөр насныхныг урт хугацаанд нийгэмд эерэг нөлөө үзүүлэх чадвартай, сэтгэлзүйн дархлаатай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой аж.

Холбоотой сэдвүүд

боловсрол гончигсумлаа сан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.