Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч У.Цэвэгмид томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Томуугийн үндэсний төвийн Вирус судлалын шинжилгээний үр дүнгээс харахад энэ оны 7, 8, 9 дүгээр сард томуу төст өвчний вирус буюу риновирус, энтеровирусууд илэрсэн байна. Тэгэхээр одоогоор томуу төст өвчин бидний орчинд эргэлтэд байна. Томуугийн вирус эргэлтэд орж илрээгүй байна.

Энтеровирусийн халдвар 8 дугаар сарын сүүлээс бүртгэгдсэн бөгөөд бага насны хүүхдэд зонхилон тохиолддог. Хоолой, залгиураар идээтэй тууралт гарах, гар, хөлийн арьсаар цэврүүтэй тууралт гардаг онцлог шинжтэй. Мөн бага насны хүүхдэд халуурах шинж давамгайлан илэрдэг. Хэвлийгээр базалж өвдөж, суулгаж, бөөлжих шинжээр илэрдэг. Тиймээс энтеровирусийн үед яаран антибиотик хэрэглэхгүй.

Риновирус гэдэг нь 7 дугаар сараас бүртгэгдэж эхэлсэн. Риновирус хамрын салстад байрладаг бөгөөд тухайн хүн даарснаас болоод биеийн хэм 33-35 хүрмэгц идэвхждэг. Биеийн хэм 37 хүрэхэд буцаад идэвхгүй болдог. Энэ сарын эхээр нэлээд хүйтэрч, хүүхдүүд даарснаас риновирус идэвхжсэн. Тус вирус бага насны хүүхдүүдэд нэлээд хүндэрч, дунд чихний үрэвсэл буюу чихнээс булаг гарах, чихээр хатгах зэрэг шинж илэрдэг. Дунд болон ахлах насны хүүхдүүдэд хамрын хөндийн үрэвсэл хавсарч хүндэрсэн тохиолдлууд бүртгэгдэж байна. 

Иймд вирусийн онцлогоос хамаарч, томуу төст өвчний шинжүүд илэрдэг гэдгийг иргэд, эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй. 

Томуугийн вирус 12 дугаар сарын дундаас эргэлтэд орж эхэлдэг. Энэ нь томуу төст өвчнөөсөө илүү их хоруу чанартай. Олон хүнийг хамарч, бүх насны хүнийг өвчлүүлж, цар тахалд ч хүрэх эрсдэлтэй байдаг. Иймд Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийг мөрдөж, өвлийн улиралд дулаан хувцаслах, илчлэг сайтай хоол, хүнс идэх, дархлааг дэмжих бүтээгдэхүүн хэрэглэх, гараа халдваргүйжүүлж, амны хаалт зүүх шаардлагатай" хэмээлээ.